Хурдан морины уралдаанд 22 унаач хүүхэд бэртжээ

Өвөрхангай аймгийн Хужирт, Хайрхандулаан сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр, Дундговь аймгийн нутагт энэ сарын 1-ний өдөр болсон сунгаа, үсэргээний үед морь унаач хүүхэд гэмтэж, бэртсэн харамсалтай явдал гарчээ.

Хүүхдийн төлөө үндэсний газраас ирүүлсэн судалгаанаас үзэхэд шинэ он гарсаар улсын хэмжээнд олон газар хурдан морины уралдаан болж, 22 хүүхэд мориноос унаж бэртсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос  энэ сарын 06-ны өдөр бүх аймаг, сумдын Засаг дарга нарт хурдан морь унаач хүүхдийн асуудлаар зөвлөмж хүргүүллээ. Улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж болзошгүй улиралд хурдан морины уралдааныг газар сайгүй зохион байгуулж байгаад тус комисс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн гарын үсэг бүхий тус зөвлөмжид  хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэл бүхий хүйтний улиралд аливаа хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд хүүхэд оролцуулахгүй байх, харьяалах нутаг дэвсгэртээ хүйтний улиралд хурдан морины аливаа төрлийн уралдаан зохион байгуулж байгаад хяналт тавьж, энэхүү зөвлөмжид дурдсан шаардлагыг хангуулах, хүүхдээр морь унуулсан тохиолдолд буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага тооцож ажиллах зэргийг тусгажээ.


URL:

Сэтгэгдэл бичих