Зөвхөн 2014 он гарснаас хойш 22 хүүхэд мориноос унаж бэртээд байна

527-13917480784312a36b64e5483fbigМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдөр бүх аймаг, сумдын Засаг дарга нарт хурдан морь унаач хүүхдийн асуудлаар Зөвлөмж хүргүүлжээ. ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржийн гарын үсэг бүхий тус Зөвлөмжийг бүрэн эхээр нь толилуулья.

Зөвлөмж хүргүүлэх тухай

Улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд өндөр эрсдэл учруулж болзошгүй улиралд хурдан морины уралдааныг газар сайгүй зохион байгуулж байгаад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс эрс шүүмжлэлтэй хандаж байна.

Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Хужирт, Хайрхандулаан сумуудын нутаг дэвсгэрт 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, Дундговь аймгийн нутагт 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдөр болсон сунгаа, үсэргээний үед морь унаач хүүхэд гэмтэж, бэртсэн харамсалтай явдал давтагдлаа.

Мөн Хүүхдийн төлөө үндэсний газраас ирүүлсэн судалгаанаас үзэхэд зөвхөн 2014 он гарсаар улсын хэмжээнд олон газар хурдан морины уралдаан болж, 22 хүүхэд мориноос унаж бэртсэн байна.

Үндэсний өв соёл, түүх, хурдан морины уралдаан, уяачдын эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, наадаж цэнгэх нь хэн бүхний эрх хэдий ч хурдан морины уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгааны үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангах үүргээ биелүүлэх нь түүнээс ч чухал.

2014 он гарсаар улсын хэмжээнд олон газар хурдан морины уралдаан болж, 22 хүүхэд мориноос унаж бэртсэн байна.

Аливаа хурдан морины уралдаан, уралдааны өмнөх үсэргээ, сунгааны үед хууль тогтоомж, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандарт зэргийг чанд мөрдөж хэрэгжүүлдэггүй, уг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан, уралдаан зохион байгуулагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж хүүхэд амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох зэргээр эрх нь ноцтойгоор зөрчигдсөөр байгаа тухайд Комисс холбогдох байгууллагуудад зөвлөмж, шаардлага удаа дараа хүргүүлсэн бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалах талаар хариуцлагагүй, хяналтгүй ажиллаж байгаа явдлыг таслан зогсоохыг шаардаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан болно.

Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг утсгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан билээ.

Комисс Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлдээ хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай байгааг дахин сануулсан ба Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын Хороо энэхүү илтгэл болон Комиссын санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2011 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” (MNS 6264-2011) стандартыг хангаж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон болно.

Иймд харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч болохынх нь хувьд аймаг, сум, багийн засаг дарга нарт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

1. Хүүхэд нь нас, бие, сэтгэхүйн онцлог, эрүүл мэндэд нь тохироогүй тоглоом, наадам, соёл урлаг, биеийн тамир, аялал жуулчлалын арга хэмжээнд оролцохгүй байх эрхтэй. Иймд тэдний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах эрсдэл бүхий хүйтний улиралд аливаа хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд хүүхэд оролцуулахгүй байх;

2. Харьяалах нутаг дэвсгэртээ хүйтний улиралд хурдан морины аливаа төрлийн уралдаан зохион байгуулж байгаад хяналт тавьж, энэхүү зөвлөмжид дурдсан шаардлагыг хангуулах, хүүхдээр морь унуулсан тохиолдолд буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага тооцож ажиллах;

Уг зөвлөмжийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу авсан арга хэмжээний тухай бичгээр хариу мэдэгдэж ажиллана уу.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж


URL:

Сэтгэгдэл бичих