“Стрингс”, “Санко”, “Турбо” диско бааруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүллээ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг С.Мөнхбат захиралтай “Стрингс”, 14 дүгээр хороо М.Аривжих захиралтай “Санко”, 19 дүгээр хороо А.Сааралдай захиралтай “Турбо” диско баарууд удаа дараа хууль зөрчин, цагийн хуваарь хэтрүүлэн ажиллаж байна.
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс он гарснаас хойш “Стрингс” диско бааранд дөрөв, “Санко”-д тав, “Турбо” диско бааранд хоёр удаа торгуулын арга хэмжээ авч, зөрчлөө арилгахыг даалгасан ч тус газрууд одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа ажээ.
Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй диско бааруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлээд байна.
Цаашид согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоож ажиллах болно гэж Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсээс мэдээллээ.
URL: