Алтны татварыг багасгаснаар АН-ынхан хардлагад өртөв

b5ed44b8235291bcbigАшигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар баталсны дараа УИХ-ын дарга З.Энхболд “Монголын алт Монголдоо үлдэх боломжтой боллоо” хэмээх үгийг хэлсэн.

Харамсалтай нь түүний энэхүү үгийг ашигтайгаар хүлээн зөвшөөрч байгаа хүмүүс тийм ч олон биш байгаа бололтой юм. Гадны хөрөнгө оруулалт дайжиж, хоёр дахин буурсан асуудлыг шийдэхээр нэлээд хэдэн хуулийн төслийг Эдийн засгийн хөгжлийн яам болон Уул уурхайн яамнаас санаачилсан ч зарим нь дэмжлэг авч чадалгүйгээр унасан тохиолдол гарсан. Үүний нэг жишээ нь Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл байсан юм.

Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хаалттайгаар хэлэлцэж байсан нь саяхан. Хуулийн төслийг хэлэл­цүүлэгт бэлтгэх ажлын хэсгийнхэн алтны компаниудын нөөц ашиг­ласны төлбөрийг нэг хувьд хүргэх тухай саналыг хүртэл гаргаж байсан гэдэг юм билээ.

Уул уурхайн яамнаас санаачлан УИХ-ын чуул­ганы ээлжит бус хуралдаанаар бат­луулах төлөвлөгөөтэй байсан уг хуулийн төслийг “Алтны компа­ниу­дыг татвараас чөлөөлөх гэж байна” гэдэг шалтгаанаар унагасан. Гэсэн ч намрын чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийг Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах нэрээр батлуулчихсан. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад алтны худалдаа, татва­рын асуудлыг тусгаж өгсөн юм.

Тухайлбал, Монголбанк, арил­жаа­ны банкинд алтаа тушаасан компаниудын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцож авахаар болсон байгаа. Энэхүү тат­варын хөнгөлөлт нь эдийн засаг­чид хийгээд сөрөг хүчнийхний уурыг бараад байгаа юм. Тэд “бүх ашигт малтмалын татварын суурь хөнгөлөлт таван хувь байдаг.

Харин шинэ хуульд зааснаар олборлосон алтаа Монголбанкинд тушаасан тохиолдолд тав биш 2.5 хувийн хөнгөлөлт эдлүүлэх нь эсэргээрээ алтнаас олох татварын орлогыг бууруулж, эдийн засгийг хүнд байдалд оруулна” гэж үзэж байгаа юм.

Ардчилсан намынхан энэхүү хуулийн талаар ярихдаа “Алтны нөөц ашигласны татварыг бууруулс­наар хууль бус, далд худалдааг үгүй хийнэ. Мөн Монголбанк болон арилжааны банкуудад төгрөгөөр тушааж буй алтны хэмжээ өсөж, гадаад валютын нөөц нэмэгдэнэ.

Ингэснээр алт олборлогч компаниас улсын төсөвт оруулах орлогыг бүрэн төвлөрүүлэх боломж бүр­дэнэ” хэмээн мэдэгдэж байгаа. Харин мэргэжлийнхэн болон сөрөг хүчнийхэн энэхүү хуулийг “Монгол Улсад ашиггүй болсон” гэж үзэж байгаа юм.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих