Иргэд илгээмжээ ухаалаг шуудангийн хайрцгаар дамжуулан авах боломжтой
Ухаалаг шуудангийн хайрцагны үйлчилгээний нээлт өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Таван буудал дахь Далайхүү төвд боллоо.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү нээлтэд оролцох үеэр, “Шинэчлэлийн Засгийн газар хөдөөгийн болон гэр хорооллын иргэддээ төрийн бүх төрлийн үйлчилгээг ойртуулж, чирэгдэлгүй болгоход ихээхэн анхаарч байна. ТҮЦ машин энэ чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн төслийн нэг. Өнөөдөр ашиглалтад оруулж байгаа ухаалаг шуудангийн хайрцагны үйлчилгээ ч мөн иргэдийн цаг, мөнгийг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Энэ үйлчилгээ нэвтэрснээр иргэд ачаа бараа, захидал шуудангаа хүнд дайх бус иргэд гар утсанд нь ирсэн нууц дугаараараа шуудангийн хайрцаганд хурууны хээгээ уншуулж онгойлгон өөрт нь ирсэн илгээмжээ авдаг болох юм.
Одоогийн байдлаар нийслэлд таван цэгт буюу тодруулбал, Таван буудал дахь Далайхүү үйлчилгээний төв, Яармаг дахь Вива хорооолол, 32-ын тойргийн Бүрэн плаза, Баянхошуу дахь Боса худалдааны төв болон Төв шууданд байршуулжээ. Ирэх сарын нэгэн гэхэд нийт 20 ширхэгийг нийслэлд суурилуулах ба цаашид Дархан, Эрдэнэт, бусад төв суурин газар бүрт байршуулах аж. Шуудангийн үйлчилгээнд шинэчлэл хийх таван төсөлд Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс 1,9 тэрбум төгрөг зарцуулжээ.
Б.Туул montsame
URL: