Тахарын ерөнхий газар бол хууль сахиулагч байгууллага
Тахарын алба байгуулагдах үйл явц ямар шатанд явж байгаа талаар Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяртай цөөн хором ярилцав.
-Тахарын алба байгуулах шаардлага юу байв?
-Монгол улсад шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах зайлшгүй шаардлага тулгарсан учраас Тахарын ерөнхий газрыг байгуулсан. Олон улстай харьцуулбал энэ алба нь Монгол улсад харьцангуй сүүлд байгуулагдаж байна. Гадаадад шүүхийн үйл ажиллагааг хангах чиг үүрэгтэй шрифийн алба, маршалын алба зэрэг байдаг.
-Ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Шүүхийн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ үүрэгт гэрч хохирогчийг хамгаалах, шүүгчийн аюулгүй байдлыг хангах зэрэг орж байгаа юм. Эдгээр нь хавтаст хэрэгт ордоггүй боловч гэрч хохирогчийг заналхийлэх, нөгөө талаас хуулийн байгууллага өөрийн эрх ашигт нийцүүлэх үүднээс хохирогчид нөлөөлөх зэргээр шүүхийн шийдвэрт гажуудал гарч болзошгүй байдаг. Тиймээс энгийнээр бол шүүхийн явцад гадны нөлөөгүй үнэн зөв шийдвэр гарахад дэмжлэг үзүүлж ажиллана. Мөн гадаадаас ялтан шилжүүлэх ажиллагаа, хөрөнгө битүүмжилж хадгалах, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, шүүхийн танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлэх, гэрчийг албадан ирүүлэх, шорон нүүлгэн шилжүүлэхэд аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэгтэй ажиллана. Мөн мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулна.
-Мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэхээр мөрдөх албатай байна гэсэн үг үү?
-Тийм. Тахарын албаны үндсэн үүрэг болох оргон зайлсан ялтныг эрэн сурвалжилна. Энэ мэт ажлыг мөрдөх алба гүйцэтгэнэ.
-Тахарын албаны бүтэц зохион байгуулалтын талаар?
- Тахарын Ерөнхий газар нь үндсэн чиг үүргээ гүйцэтгэх албадаас гадна дотроо шууд харъяалах хоёр нэгжтэй байна. Эхнийх нь гэрч хохирогчийг хамгаалах газар, нөгөө нь шүүн таслах ажиллагааны эсрэг хэрэг мөрдөх газар юм. Мөн шүүх байгуулах тухай хуулийн дагуу 26 тойргийн шүүх байгуулагдаж, тэдгээрт тойргийн Тахарын албадууд байгуулагдана. Одоогийн байдлаар 10 тойрогт Тахарын алба байгуулна. Сум дундын шүүхийн дэргэд нэг алба ажиллахаар анхны дүр зураг буугаад байгаа.
-Алба хаагчдын цол хэргэмийн тухайд?
-Удирдах ажилтнууд тахар цолтой байна. Гэхдээ эдгээр цол нь зөвхөн албан тушаалын цол юм. Өөрөөр хэлбэл, Тахарын ерөнхий газрын алба хаагчид нь төрийн алба хаагчийн статустай байх ба цолны нэмэгдэл гэж авахгүй. Цэрэгжсэн байгууллага бус хууль сахиулагч байгууллага гэсэн үзэл санааг илэрхийлж байгаа хэрэг.
-Тахарын Ерөнхий газар алба хаагчдаа бүрдүүлж дууссан уу? Үйл ажиллагаагаа хэзээнээс эхлэх вэ?
- Үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байна. Одоогоор байрны асуудлаа ярьж байна. Мөн алба хаагчдаа сонгон шалгаруулж байгаа. Тахарын албаны тухай хуулийн дагуу алба хаагчдын томилгоог хийнэ.
Б.Гантуяа montsame
URL: