МАН-ынхан суудлын сургаар нэгнээ хэмлэж, хөлөө жийлцэж эхэлжээ

5bb1b34869d97210bigМАН-ынхан энэ хаврын улс төрийн зарим хөдөлгөөнийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Тодруулбал, энэ хавар Засгийн газрыг огцруулж өөрсдөө орж суух тун их хүсэлтэй байгаа аж. Ингэхдээ сөрөг хүчин энэхүү ажлыг дангаараа бие даан хийж чадахгүй учраас эрх баригчдын зарим нөлөө бүхий хүмүүсийг “тархидаж” санаагаа гүйцэлдүүлэх бололтой.

МАН-ын залуусын яриагаар дараагийн Ерөнхий сайд Х.Баттулга байж таарах нь. Түүний тэргүүлсэн Засгийн газарт МАН-ынхан шургалж өнөөгийн “Шударга ёс” эвслийн тэргүүлж буй яамдыг эзэгнэх тооцоотой байгаа юм байна. Тиймдээ ч Н.Удвал, М.Сономпил, Д.Тэрбишдагва, Ч.Улаан болон бусад дэд сайд төрийн өндөр дээд албан тушаалд очих марофон МАН-д эхэлж. Мэдээж салбар яам тэргүүлэх эрхийг М.Энхболдод санхүүгийн болон, сэтгэл санааны тун их дэмжлэг үзүүлдэг хүмүүс авна. Тэр нь Т.Бадамжунайгаар эхлэх магадлал ч өндөр байгаа юм байна. Харин дэд сайд, газар, агентлагийн дарга гээд албан тушаалд битүүхэндээ санаархах хүн бишгүй байгаа гэдгийг МАН-ын залуус ярьж нэгнээ нэр дэвшүүлэхээр тохиролцож эхэлсэн байна.

Мөн МАН-ын удирдах албан тушаалаас хишиггүй хоцорсон нөхдүүд ч алаагүй баавгайн арьсыг арав хуваахын үлгэрээр Засгийн газрын шинэ бүтцэд өөрсдийн нэрийг оруулахаар ил далд уулзалт зохион байгуулж эхэлсэн байна. МАН-ынхнаас Засгийн газарт орох хамгийн их магадлалтай дараагийн хүн нь Б.Бат-Эрдэнэ гишүүн. Гэхдээ тэрээр УИХ-ын гишүүн учраас хүсэл зоригийг нь хүзүүгээр нь боомилох магадлалтай. Б.Бат-Эрдэнийг саяхан МАН руу урвах гэхэд нь “давхар дээлийг халах хуулийн төсөл батлагдаж бид Засгийн газарт орно.  Хууль батлагдахад гол бодлогын яамдыг тэргүүлэх хүмүүс УИХ-ын гишүүн байх боломжтой байна. Тухайн цагт чамайг нэг яаманд нь зүтгүүлнэ” гэсэн ам өчиг өгя намдаа үлдээсэн гэх яриа ч таржээ.

Энэ бүхнээс үзэхэд саяхан намынхаа удирдлагыг булаацалдаж олон хэсэгт задарсан МАН-ынхан мөн л дараагийн Засгийн газар байгуулагдах сургаар нэгнээ хэмлэж, хөлөө жийлцэж эхэлжээ.

Э.НОМИН


URL:

Сэтгэгдэл бичих