Хэн ч “хамгаалдаггүй” Монголын хүүхдүүд
Гэхдээ хүүхдүүдээ хамгаалах зорилготой энэ хуулиуд хэтэрхий удаан “дуншиж” байна.
Б.Хаш-Эрдэнэ
Монгол хүүхдүүд эндэж байна. Эндэх эндэхдээ тэднийг хайрлаж, хамгаалах ёстой эцэг эхийн буруугаас болж эндэж байна. Хүүхдүүдээ ганцааранг нь гэрт нь үлдээдэг, гаднаас нь цоожилчихдог, эсвэл хэдэн арван км газарт ганцааранг нь явуулчихдаг тэнэг, хайхрамжгүй зангаа хэзээ болих вэ.
Хөдөөгийн хүүхдүүд хэдэн арван км замыг мориор эсвэл явган явган туулан байж, хичээлдээ очиж байна. Эцэг эх нь тэднийг хамгаалж, хариуцах ёстой байтал “Харин ч хатуужина” гэж бараг бахархах маягтай ярих. Хөдөө гэлтгүй хотод ч бас хүүхдүүд хэдэн арван км автобусаар зорчиж, сургуульдаа, хичээлдээ явсаар л байна. Олонд мэдэгдээгүй болохоос бус хэчнээн хүүхэд айдас, хүйдэс тээн, сургуулиас гэр, гэрээс сургуулийн хооронд явж байгаа бол. Хэчнээн хүүхэд хүнд дээрэмдүүлж, зодуулж, нохойд хазуулсан бол.
За яах вэ, сургууль гэр хоёрын хоорондын зай хол байгаа нь эцэг эхийн буруу биш гэж бодъё. Хүүхдүүдэд сургуулийг нь ойртуулж өгөх нь төрийн хийх ёстой ажил. Гэтэл эцэг эхийн буруутай үйлдэл, хайхрамжгүй, тэнэг байдлаас болж амиа алдаж буй бяцхан үрсийн өмнө хэн хариуцлага хүлээх болж байна вэ. Хамгийн сүүлд гэхэд сар шинийн баярын өмнө Увс аймагт эцэг эх нь цагаан сарынхаа буузыг хийх гээд хүүхдүүдээ гэрт нь үлдээснээс үүдэлтэй харамсалтай явдал гарлаа.
Эцэг эх нь буузаа хийх гэж явсан хойгуур хүүхдүүд нь хойноос нь дагаж гараад, долоон км замыг туулсны эцэст өвлийн хүйтэн шуурганд осгожээ. Долоон настай эгч нь дүүдээ хамаг л зузаан гэснээ өмсүүлээд, өөрөө осгож амиа алдсан. Харин тавхан настай дүү нь хөл гар осголттойгоор олдсон.
Хүүхэд эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж, амиа алдсан энэ мэт хэрэгт хэн хариуцлага хүлээдэг вэ. Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн н.Оюунчимэгээс энэ талаар тодруулахад “Хуулиараа тухайн аймгийн Засаг дарга хүүхдүүдийн аюулгүй байдлыг хариуцах ёстой. Увс аймагт манай газрын салбар бий.
Тэд тодорхой ажлууд хийж байгаа байх. Ер нь бол эцэг эхийн буруутай үйлдлээс болж хүүхэд эндсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо манай хууль эрх зүйн орчинд байхгүй” гэв. Монгол Улсын Эрүүгийн хууль, Гэр бүлийн тухай хуулинд хүүхдүүдийн эцэг эхэд хариуцлага тооцох ямар нэгэн зүйл заалт байхгүй.
Ямар нэгэн осол, эндэгдэл гарахад “золгүй явдал” гээд л өнгөрдөг. Гэтэл гадаадын улсуудад эцэг эх нь хүүхдүүдээ гэрт нь ганцааранг нь үлдээх ч хуулиараа хориотой байдаг. Хүүхдээ хараа хяналтгүйгээр ганцааранг нь орхисон бол торгууль төлдөг. Манай улсад яг энэ тогтолцоог нэвтрүүлэх албагүй ч хариуцлага алдсан эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай байна.
Хайхрамжгүй эцэг эхчүүдээс үүдэлтэй хүүхдийн амь нас эндсэн хэрэг үүгээр ч зогсохгүй. 2013 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гарсан галд гурван настай хүүхэд эндсэн. Монгол гэр шатсан бөгөөд хүүхэд нь тухайн үед гэртээ цоожлуулсан байжээ.
2011 онд мөн хоёр настай хүүхэд гэртээ угаартаж нас барсан хэрэг нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гарч байсан. Говь-Алтай аймагт айлын хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг 2012 онд мөн л гарч байжээ. Нэг хэсэг нь гэртээ цоожлоод, хатуугаар хэлэхэд хүүхдийнхээ амийг “галд өргөж” байхад нөгөө хэсэг нь хайхрамжгүй байдлаасаа болж хүүхдүүдээ түлж, гэмтээнэ. Гэмтэл согог, судлалын үндэсний төвд түлэгдэлтээр ирж буй хүмүүсийн 60 гаруй хувь нь 0-4 насны хүүхдүүд байдаг гэх статистик бий.
Энэ бүхэн эцсийн дүндээ эцэг эхчүүд хүүхдээ хайрлаж, хамгаалж чадахгүй байгааг л илэрхийлээд байна. Хөөрхий хүүхдүүд арга ядахдаа өөрөө өөрсдийгөө л халамжилж, хамгаалах гэж хичээж байна шүү дээ. Долоохон настай хүү дүрэлзсэн галаас гурван настай дүүгээ аварсан. Мөн долоон настай эгч нь таван настай дүүдээ хамаг л дулаан хувцсаа өмсүүлээд, цасан шуурганд осгохоос авраад, өөрөө амиа алджээ. Бяцхан хүүхдүүд ийнхүү өөрөө өөрсдийгөө л хамгаалж байна.
Гэтэл насанд хүрэгчид бид тэднийг хамгаалах ёстой бус уу. Хүүхдийн эрх зөрчигдөж, аавдаа, ээждээ зодуулж л байна. Тэднийг хэн хамгаалах ёстой юм бэ. Хүүхдийн төлөө үндэсний газар гэж байгаа ч хууль эрх зүйн хүрээнд үндсэндээ юу ч хийж чадахгүй байх шиг.
Хүүхэд бол Монгол Улсын ирээдүй.
Гэвч Монгол Улс өөрийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө өнөөдрийг хүртэл юу хийсэн бэ гэж асуумаар байна. Улстөрчид сонгууль болохоор бэлэн мөнгө тараана гэж амлаж байснаас бус хүүхдийн тань ирээдүйн төлөө ийм зүйл хийж, ингэж өөрчилнө гэж ярьж байсныг санахгүй юм. Одоо л Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ярьж, хэлэлцэж байна.
Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан, мэргэжилтнүүдээр хэлэлцүүлж буй билээ. Гэхдээ хүүхдүүдээ хамгаалах зорилготой энэ хуулиуд хэтэрхий удаан “дуншиж” байна. Ердөө морины хүүхдүүдийг хамгаалъя л гэж өч төчнөөн жил ярилаа. Одоо болтол хийж, хэрэгжүүлсэн ажил огт алга. Хүүхдүүдийг хамгаалах хуулиа хурдан батлаач, эрхэм улстөрчид өө.
URL: