Эсэргүүний хүү, “тэрслүү” дарга
Төрийн өмчийн хороо гэгч байгууллага анх байгуулагдсан цагаасаа л хэл ам таталж ирсэн. Тус газрын дарга хэн болохоос эс хамаарч хэвлэлийн баатар болдог уламжлалтай. Тэгвэл ТӨХ-ны даргын суудлаас сугардаггүй Д.Сугар, Ерөнхий сайдаас давж шийдвэр гаргадаг Н.Нанзаддорж нарын халааг авсан одоогийн дарга нь нам дотроо “эсэргүү, тэрслүү” гэж нэрлэгддэг Дашнамжилын Цогтбаатар юм. Ганц Д.Цогтбаатар ч биш, ер нь тэднийхэн удмаараа “эсэргүү” нэртэй, түүхэнд ч тэрхүү мөрөө үлдээсэн хүмүүс. Эсэргүү, тэрслүү гэдэг нь шударга гэсэнтэй агаар нэг байх л даа.
Түүний аав А.Дашнамжил агсан намын хурал дээр Төв хорооны дарга нарыг шүүмжлээд 1964 онд “Намын эсрэг бүлэг” гэгч хилс хэрэгт холбогдож, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны үйлдвэрт нормчноор, нагац ах Н.Гунгаажав нь Хөвсгөлийн Цагаан нуурт загасчнаар цөлөгдөж байв. Долоон настай Д.Цогтбаатарын сургуулиас хөөгдөж, сурч боловсрох эрхээ хасуулж, цөлөгдөж, эрүүл мэндээрээ хохирох зам ч мөн тэндээс эхэлсэн түүхтэй. “Тэрслүү” болох зан төлөв ч тэр үеэс нь төлөвшсөн байж мэднэ. Ямартаа ч Өмнөговь, Дорнод аймагт “Эсэргүүний хүүхэд” нэртэй явсан тэрээр эцэст нь аав,ээжийнхээ төрсөн нутаг Сүхбаатар аймагт арван жилийн дунд сургуулиа дүүргэж, Уралын политехникийн дээд сургуулийг барилга, усан хангамжийн инженерийн мэргэжлээр төгсчээ. Ажлын анхны гарааг “Эрдэнэт” үйлдвэрээс эхэлж, тэндээсээ цэргийн албанд мордож, улмаар офицер болж, армид байхдаа гэр бүл зохиож, өрхийн тэргүүн болсон зэргээр намтар түүхээ зузаалжээ.
1990-ээд онд ардчилал үүсч хөгжихөд тэрээр удмынхаа замналаар ардчиллыг сонгожээ. Ингээд Барилгын цэргийн төв штабын төлөөлөгч байхдаа Ц.Лоохууз тэргүүтэй Ардчилсан холбооны төлөөлөгчдөд цэргийнхэнтэй уулзах зөвшөөрөл олгосон хэргээр бэлтгэл хошууч цолтой цэргээс халагдсан байна. Цөөнгүй жил лааз өшиглөсний эцэст мэргэжлээрээ ажиллах боломж олдсоноор Улаанбаатар хотын Ус суваг ашиглалтын газрын орлогч дарга хүртэл дэвшин ажиллажээ.
2004-2008 онд Сангийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж, сонгуульд төрөлх нутаг Сүхбаатартаа нэр дэвшсэн ч “өвдөг шороодсон”. Гэвч тухайн үед төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол зургаан сарын өмнөөс өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгддөг байх ёстой гэсэн жишгийг эхлүүлж, шударга зарчимч хэмээн нэр хүндээ өсгөөд авсан. Түүнээс хойш “Хүний эрхийг хамгаалъя” ТББ байгуулж, тэргүүнээр нь хэсэг ажилласан. Монголын хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн, Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын даргаар тус тус ажилласан. Монголын хэлмэгдэгсдийн холбооны даргаар өмнө нь түүний аав А.Дашнамжил агсан ажиллаж байв. Ийм түүх намтартай, удмын “тэрслүү” нэгэн өдгөө ТӨХ-г удирдаж байгаа юм. Очсон даруйдаа албан тушаалтнуудыг дураараа халж сольсон, ажилтнаа алгадсан ч бил үү, нэг тийм битүү сураг хэвлэлээр гараад замхарсан. Хэний нь буруу байсныг ч тэр бүр тодруулаагүй. Харин ч ТӨХ “тэрслүү” даргын удирдлагад байх ёстой гэсэнтэй агаар нэг үгийг Ерөнхий сайд унагасан дуулдсан. Тэгэхээр шударга нь л дэндчихгүй бол Д.Цогтбаатар гэгч эрхэм Д.Сугар шиг сугарахгүй, Н.Нанзаддорж шиг гэнэдэхгүй ТӨХ-ны даргын суудалд нэг хэсэгтээ л тэсэх биз ээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: