АНА МАНА бужигнаантай АН, МАН хоёр

Монголын улс төрийн хамгийн том хүчин болох Ардчилсан нам, МАН хоёр хоёулаа ана мана бужигнаантай байна. УИХ-ын 2012 оны сонгуулийн нохойн дуу хаяанд сонсогдохоос өрсч гэрээ шинэчилж, дээлээ сольж, өнгөө засах гэж аль аль нь хэрдээ чардайж эхлэв. Саяхан нэрээ сольсон МАН-ынхан хуучин “муу” нэртэйгээ байхдаа шатаалгасан цагаан ордныхоо буурин дээр “Тусгаар тогтнолын” гэх нэртэй том өргөө сүндэрлүүлж 90 насны сүүдэр тухайлсан өдрийнхөө өмнө амжуулаад орчих санаатай пижигнэж байгаа. Ардчилсан намынхан ч дутах юу байхав. Хорин жил толгой хоргодсон Соёлын төв өргөөний “хоолой” нэртэй шилэн байраа буулгаж  “Эрх чөлөөний” ордон босгохоор шав тавихаар болж, Төв шуудангийн өмнөх, аль дээр үеийн Х.Чойбалсангийн Мал, тариалангийн сайд байхдаа ажиллаж байсан жижигхэн “муурын байшин” тийш хөсөг хөдөлгөлөө.  Ялгаа нь гэвэл МАН-ын өргөө “байраа шатаалгасан” гэх нэрээр төрөөс авсан татвар төлөгчдийн тэрбум тэрбум төгрөгөөр, АН-ынх өөрсдийнх нь цуглуулсан хандив, гишүүд, дэмжигчдийн тусламжаар өндийх гэж буй. Ингээд хоёр нам 2012 оны сонгуулиар хоёулаа гоё өргөөнд тухалсан байх “уралдаан” зарлаад ажиллаж эхэллээ.

МАН гадаад өнгө засалдаа анхаарч эхлэв. Хүлээлгэж хү­лээл­гэж хийсэн ХХYI их хурлаараа 1920 оныхоо нэрийг сэргээж авав. Тэр цагийн үг хэллэг, түүхэн киноны бич­лэгүүд Төрийн ордонд тав хоног цуурайтаж, “бид ер хаана ирчихэв. 1920 он руу буц­чихав уу” гэх бодол төрж, их хурлын  төлөөлөгчид  өдөн ца­гаан малгай, үйтэн хуар дээл, цагаан ултай торгон савхин гутлаар гангарах нь холгүй юм боллоо. “Ардын нам, ардын засаг мандтугай” гэсэн уриа лоозонг үе үе цуурайтуулж, урайлж, хурайлж, намын мө­рийн хөтөлбөрийг “Хичээн эрмэлзэх зүйл “ хэмээн нэрийдэж, өдөр нь унтаж, орой нь архидаж, шөнө дө­лөөр хуралдаж чухам юм юм МАН-ын их хурлын хэдэн өдөрт болж өнгөрлөө. Намын дар­гаа хүртэл ерөнхий нарийн бичгийн дарга нь “Дамдины Сүхбаатарын Батболд” гэж дуудахыг нь яалтай. “Ээж нь Янжин шүү” гэж нэмж ч байх шиг. Эгээтэй л С.Батболд даргын нэрийг Сүхбаатарын Галсан гээд сольчихсонгүй. Төрийн ордонд архи хорьдог атал нүүрээс нь улаа бутарч, хэл нь тултирч, амнаас нь сархдын ааг сэнхийсэн хөдөөх сайн эрс холхисон тийм нижгэр хурал болж өндөрлөв. Ардчиллаараа гэвэл өмнөх ХХY их хурлын хаана ч хүрсэнгүй. МАН-ын дарга юу хэлнэ, гишүүдийн гар ярс хийтэл өргөөстэй. Эрх биш Бага хурал, Удирдах зөвлөлд оруулахаар МАН-ын даргын уншсан нэрс болохгүй байна гэж эсэргүүцэж үзсэн ухаантай ч зарчмын ялгаа оруулж чадсангүй. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, эрхэм гишүүн Ц.Шинэбаяр хоёроос өөр сөрөг хүчин ч гарсангүй.

Намын удирдлагад “мартагдсан аялгуу” гэгчээр мөнөөх хэдэн хуучин дарга заларч үлдсэн болохоор мянга нэрээ сольж, туг далбаагаа өөрчилж, “хувьсгалт” гэсэн үгийг халж, хурц улаан тугандаа цагаан өнгө хавсаргаж,  алтан соёмбыг өмчилж аваад ч агуулга талдаа өөрчлөлт орохгүй гэдэг баталгаатай болж хоцорлоо. “Үндэсний ардчилал”-аар үзэл баримтлалаа бая­жуулна гэдгээсээ ухарч, “нийгмийн ардчилал” гэсэн томъёолол хавсаргаад өнгөр­лөө. Бага хуралдаа “Алтжин”-гийн Г.Алтан, “Чингис хаан” хамт­лагийн ахлагч, гавьяат жүжигчин, МАХН-ын шинэхэн гишүүн Д.Жаргалсайхан, “Ноёд” группын Г.Буяндорж, Иргэ­ний намын угшилтай хуульч М.Ичинноров нарыг багтаасан нь гутлаа ханзартал намынхаа төлөө гүйж өдийг хүргэсэн хуучин гишүүдийн атаархлыг сэмхэн төрүүлээд л өнгөрөв.

“Бас арваннэгдүгээр сарын 8-ны бэлэгт сайн өдөр Бага хурлаа сонголоо. 1924 оны энэ өдөр Улсын анхдугаар их хурал чуулж эхэлсэн юм” uэснийг яана. Гэтэл хоёр сар шахам сунжирсан тэр их хурлаар коминтерний тушаалаар МАН нэрийг МАХН болгож, эцэст нь МАН-ын анхдагчдын нэг Солийн Данзан сайдыг буудаж хороосныг хөөрсөн дарга нар санаагүй бололтой. За нэг ийм сайхан хурал МАН-д болж өндөрлөв. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН яагаад ялагдсан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаа ямархуу байгааг хэлэлцэх, ярилцах сэхээ ч байсангүй.

Ардчилсан намынхан уг нь энэ сарын 19-нд ҮЗХ-ны хурлаа хийхээр товлосон ч МАН-ын их хурлыг хараад заримынх нь сэтгэл хөөрчихжээ. “Ардчилсан намын ээлжит бус их хурлыг хуралдуулахын төлөө” гэсэн нөхөд гарч ирээд дарга нараа шантаажилж эхлэв. Иргэний намаас аврал эрж Ардчилсан намд орж ирсэн Ж.Батзандан тэргүүтэн тэрхүү бужигнааныг үүсгэх нь тэр. Уг нь Ардчилсан намынхан овоо буурь сууж эхэлж байгаа. Хоорондоо толхилцож хүний идэш болдог нь гайгүй зүгширсэн. “Сурсан юмыг сураар боож болдоггүй” гэгчээр өнгөрсөн хавар зэрэгцээ сонгууль явуулж бие биеэсээ нүүр буруулсан нийслэлийн гурван дүүргийн Ардчилсан намын дарга нарыг эвлэрүүлсэн. Үүний өмнө нийслэлийн Ардчилсан намын тамга тэмдгийг ихэрлүүлэх дөхсөн С.Эрдэнэ, Ш.Түвдэндорж хоёрыг намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат эвт нь оруулж гар бариулсан.

“Гэхдээ л хамтарсан Засгийн газраас намаа гаргана. Намын дарга би болно” гэсэн мессежийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдоос эхлээд тараагаад эхэлсэн. Ардчилсан намынхан их хурлаа хийж даргаараа оролдохдоо тулж гэмээнэ нэг бус хүний нэр дэвшүүлж, эцсийн бүлэгт нэжгээд нам дотроосоо төрүүлж байж тара­хаас буцахгүй. Тиймээс Ард­чилсан намын удирдлага намын их хурлаас тун их болгоомжилж буй нь нууц биш.

Гэвч энэ сарын 19-нд болох ҮЗХ-ны хурал дээр намын их хурал хийхийг шаардагчид гарч ирж магадгүй боллоо. Үүнд фракц фракцаараа сэм бэлтгэгчид ч бий гэх. “Алтангадас”-аас намаа аваръя” гэх уриатай тэднийг экс МоАХ угшилтай нөхөд доргион дагуулах шинжтэй. Дээр нь Иргэний намаас “гүйж” ирсэн Ж.Батзандан нар ташуур өгчихнө. Ардчилсан хүчний холбооныхон ч зүгээр суухгүй биз.

Иймэрхүү ана мана өрсөлдөөнтэйгөөр АН, МАН хоёр өвлийн эхэн сарыг угтаж байна. Сонгуулийн хий намуудын хормойд орох цаг дөхжээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих