Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа

Golden park logo

Шүүхийн танхимд иргэдийг зандардаг О.Зандраа төрийг засая, шүүхийн шинэтгэл хийе гэснийг тань ингэж эсэргүүцэж байна Ерөнхийлөгч өө !!!

 

Монгол Улсын Ерөнхийлөгч та Шударга шүүхтэй ардчилсан нийгэм байгуулж, нийгмээ, төр засгаа эрүүлжүүлж, Том төрөөс Ухаалаг төр лүү хэмээн ард түмнээ уриалан улмаар шүүх засаглал руу чиглэсэн олон ажлыг эхлүүлээд байгааг ард, иргэд бид баяртайгаар хүлээн авч дэмжиж байгаа.

Гэтэл таны ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр санаачлан хэрэгжүүлж эхэлж байгаа ажлыг тань нэг ёсондоо эсэргүүцэж, зөвхөн нэг компанийн захирлын эрх ашгийг олон нийтийн эрх ашгаас дээгүүр тавьж ажиллаж байгаа Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа гэгч Монгол Улсын 3000 гаруй иргэдийг гудамжинд гаргах гэж байгааг та анхааралдаа авна гэж найднам.

Энэ эрхмийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өмнө нь бишгүй нэг удаа сонсож, харж байсан боловч жирийн иргэдийн талд бус мөнгөтэй, хүчтэй цөөн хүмүүсийн талд шийдвэр гаргагч Шүүх засаглалыг, цаашлаад төрийн бодлогыг завхруулагч чинээ бодож байгаагүй ээ бид.

Захиргааны хэргийн 2011 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 389 тоот шийдвэрээр “… баригдсан орон сууцны доорх газрыг газар эзэмшигч “Материал импекс” ХК зохих журмын дагуу олон нийтийн эзэмшилд нийцүүлэх нь зүйтэй…” гэж маш тодорхой заасан байтал (энэ шийдвэрийг гаргахад тухайн үед О.Зандраа оролцож байсан) эрхэм шүүгч О.Зандраа өөрийн ашиг, сонирхлын төлөө өмнөх шийдвэрээ үгүйсгэж нэг компанийн захирлын талд 688 айлын 3000 гаруй оршин суугчийг гудамжинд гаргахаар шийдвэр гаргаад байна.

Өөрийн гараар гаргасан шүүхийн шийдвэрээсээ урваж иргэдийн бус мөнгөтэй компанийн талд шийдвэрээ өөрчлөх нь гурвуулаа, гучуулаа биш гурван мянгаараа биднийг гудамжинд гар гэснээс ялгаагүй гэдгийг тэр хүн мэдэхгүй биш мэдэж л байгаа.

Шүүхийн танхимд иргэд, оршин суугчдын төлөөлөл өч төчнөөн иргэний үгийг огт сонсолгүй, зандарч, загнан зөвхөн үзэмжээрээ нэг компанийн сонирхлын төлөө шийдвэр гаргагч О.Зандраа мэт ийм хүмүүс Ерөнхийлөгч таны гол зорилгоо болгосон шударга ёс, шударга шүүхийн шинэтгэлийг эрээ цээргүйгээр баллуурдаж байна.

Ийм хүн Дээд шүүх бүү хэл төрд ажиллаж болох уу. О.Зандраа гэгчтэй холбоотой үүссэн 3000 иргэний эрх ашгийг зөрчсөн энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол бид алаг үрс, азай буурлууд, өрх гэр, гал голомтынхоо төлөө цаашид тэмцэх суулт хийх, өлсгөлөн зарлах гэх мэтээр тэмцлийн бүх хэлбэрийг сонгон тэмцэх болно.

Ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, үнэн мөнийг шийдвэрлэх таны ивээл хэрэгтэй байгаа тул та бидэнтэй уулзах цаг гаргаж, биднийг хүлээн авч уулзан бидний үгийг сонсооч ээ хэмээн чин сэтгэлээсээ хүсч, бидэнд тусална гэдэгт гүнээ итгэж байна.

 

 

 

Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах

 “Голден парк” хотхоны 301, 302, 303 дугаар байрны

 688 айл, өрхийн 3000 гаруй оршин суугчдын төлөөлөл

2014.01.20


URL:

Сэтгэгдэл бичих