Шавар иргэншил доторх Шар талын цэцэгс

images00505
“Сайхан тал” үнэхээр сайхан шарлажээ. Өвлийн эхэн сарын цасгүй шар талыг шарлажээ гэхээс одоо өөр юу гэх билээ. Хаврын дунд сард бол хачин сайхан ногоорчээ гэж ирэх цагийн сэрэх мэдрэмжээр сэтгэл дүүрэн хэлэхсэн. Даанч цас нимгэн ч цагийн хатуу өвлийн сар. Саатан суусан унаа тэрэг шулуун замаар шуудран давхисаар Хөх хотод шөнө дөлөөр очив. Аян замын дугуйт тэргээ чирсээр их бага хоёр бичээч зорьсон газраа очиж, урьсан олонтойгоо уулзсан билээ.
Хөх хот яахав байдаг л шавар, чулуу, тоосго, шил, хана хэрэм, хашаа хороо, өргөн чөлөө, өндөр асар, гэрэл дохио, гудамж талбай, зарлалын самбар, захын хаяг. Ар хойд ялгалгүй хүмүүн бидний өсөн нэмэгдэж байгаа хязгааргүй хэрэглээг хангах гэж улайран зүтгэж байгаа нийгмийн хар их усны нэг том эргүүлэг.

 

Буянт нөхөр яруу найрагч Батмөнхийн Занданхүүгийн хэл ус, хэр чадалт дулдуйдсан бидэн хоёр албан ёсоор очсон эрдмийн хурлынхаа арга хэмжээнд оролцож, тэр газрын олон эрдэмтний монгол үндэсний аман зохиолын талаарх сурвалж судалгааг сонирхон суутал гэнэт хаалга үүд онголзож хүүхэд багачуул шуугилдав. Тэр нь бидний ирсэн сураг чимээг сонссон Өвөрмонголын шинэ үеийн нэн шинэ шүлэгчид бөлгөө. Уралдаан тэмцээнээ үзүүлнэ, шүлгээ уншина, сургаал ном сонсоно хэмээгээд хөгшин залуу бидэн хоёрыг сугадан аваад хурал хуйг минь таслуулж, урам зоригийг илтэд бадраав. Үүнээс хойш Далан харын урд энгэрт өөр түүх эхэлсэн юм.

* * *
Нэгэн хүү Дармаа Батбаяр багшийн “ Ийнгаа миний хээр тал” туужийн номыг барьжээ. Өөр нэгэн хүү өчүүхэн миний “Залбирлын эсээс” түүврийг барьжээ. Анх удаагаа харь газар өөрийн номон дээрээ гарын үсгээ зурсандаа би л лав баярласан юмдаг. Багш яасныг бүү мэд. Гайхмаар нь “Дэлхийн утга зохиол” нэртэй сэтгүүлийн нэгэн дугаарт бидний зохиолууд цөм хэвлэгджээ. Дэлхийн шүү дээ, инээд ч хүрмээр юм шиг. Манай их дээд сургуулийн багш нар гадаадад өгүүлэл хэвлүүлсэн гээд өвөрмонголд хэвлэгдсэн бүтээлээрээ овоо хэдэн кредит цаг хаврын цалин дээр хүртчихдэг. Түүнтэй адил гадаад л юм даа.

Тэнд халхын орон шоронгийн атамануудын тухай номноос эхлээд “Монголын сонгомол өгүүллэг”-ийн түүвэр ч хэдийнээ хэвлэгджээ. Номыг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, хар цагаанаар нь хэвлээд тэр нь зээлийн газрын номын зах дээр эгнэн байхыг харав. Үнэндээ тэднийг монгол улсын урлаг соёл гэхээр Самандын Жавхлангийн хэдэн дуу, хошин шогийн хэдэн үзүүлбэр төдийгөөр төсөөлдөг гэж даанч эндүү ташуу бодож болгоож явснаа мэдэв. Хирэндээ бас жаахан ичив. Багш яасныг бүү мэд. Тэр ч байтугай Борхесийн нэрийг сонссон хэдэн хүү Д.Батбаяр багшаас салахгүй дагасаар эгээ л буудалд ирж орных нь урдуур суугаад шөнөжин яриулах шахсан билээ. Хятад хэлээр Латин Америкийн зохиолчдын тухай “үнэр” авчихсан тэр хөвгүүд Хулиа Кортасарын манайд орчуулагдаагүй нэг үгүүллэгийг асууж, орой нь намайг интернет ухахад хүргэсэн юмдаг. Нэгэн үдэшлэгийн дараа хоолон гэрт болсон уулзалтанд бидний сургийг дуулаад бас яруу найргийн наадамд оролцохоор Бээжингийн их сургуулиас ирсэн оюутнууд “Эм загас” шүлгийг минь хоолой нийлүүлэн уншихад энэ хэдэн жил нэгэн биеийг дэмий чилээн суусангүй гэсэн өөрт сагах бодол хатуу хар архины аагтай хамт дотрыг чамгүй “халаасан” удаатай.

Урианхай ахын “Холдох төв”, Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”, Буянзаяагийн “Улаан шувууны жиргээ”, Аюурзаны “Шүгдэн”, Уянсүхийн шүлгүүдийг амтархан уншаад сонирхон асуух тэдгээр хөвгүүд охидыг хараад “ШАВАР ИРГЭНШЛИЙН ДОТОРХ АХАН ДҮҮСИЙН МИНЬ ШАР ТАЛД УРГАСАН ШИНЭ ЦЭЦЭГС” юм даа хэмээн баярлан бахдах гэтэл Батхуягийг дүүрээд байлаа. Батбаяр багш ч бас нүд нь өнөөх хачин жигтэй гялалздагаараа гялалзаад тэднийг хайрлан энэрэхийн харцаар шагнаж байсныг би гэрчилнэ.
Тэд олуулаа. Заримдаа дал хүртлээ цугларцгаана. Тэгээд л тойрон суугаад л шүлгээ уншицгаадаг гэнэ. Гайхалтай нь бидний төсөөлдөг гэж боддог байсан Өвөрмонголын яруу найраг биш. Огт өөр, шинэ сэтгэлгээ, эрх чөлөөг хүсэмжлэх яруу найраг. Заримдаа бидний хэдэн биендээ гайхуулж ярьдагаар ”манайханд хүртэл хорин жил бий“ гэж томордог минь “мэддэг хэдийнхээ” хүрээнд хийсэн ёстой хоцрогдсон тооцоо. Тэд л лав манай заримуудаас хэдийн “даваад “ явчихаж. Гэтэл манай заримууд түүнийг мэдэхгүй л “хорин жил, хорин жил” гээд хөөрцөглөөд, дэвээд явдаг. Үхдэг ч үгүй, үрждэг ч үгүй гэдэг шиг уншдаг ч үгүй, урагшилдаг ч үгүй, ухаардаг ч үгүй, ухарсанаа ч мэдэхгүй, ер нь яадаг ч үгүй явсаар байна.
Уншиж сонирхож, ном эрдмийн хойноос нойр хоолыг мартан “зүтгэх” нь далан мянгаа хүлээгээд алмайрч суудаг манай хэдэн оюутантай харьцуулшгүй санагдаж, зэрэгцүүлж бодохоор ар монголын ирээдүйд аргагүй эргэлзэх сэтгэл төрөх ч шиг. Улаахан хацартай, хурцхан нүдтэй охид Огторгуйн цагаан гарьд Л.Хүрэлбаатар багшийн номнуудыг тэврээд ойлгоогүй зүйлээ асууж Түвд зүгийн ном муутай багш бидэн хоёрыг сандаргаж, цээжээр Чойжи -Од- Сэрийн “Бодичарьяа аватара”-гийн төгсгөлийн шүлгээс жишээ авч ярих нь бахдалтай. Айх айдасгүй, эр зоригтойгоор монгол үндэснийхээ ирээдүй нь тухай эмзэглэн ярина. Ямар эх оронч, монгол гал халуун сэтгэлтэй гэж санана. “Дэлхий ээж” яруу найргийн наадам хийж, өвөг дээдсийнхээ дээл хувцасыг өмсөж гангарах нь зориг тэмцлийнх нь нэгээхэн хэсэг мэт санагдана.
Эртний Жангарын Хүнхээн Алтан Чээж шиг сайхан эрчүүд ах захыг ёсоор нь хүндлэхийн “жишгийг” харуулна. Багш гэдэг тэдэнд БУРХАНЫ ойролцоо хүндлэл хүлээх хүн. НОМ гэдэг тэдэнд алтнаас ч үнэтэй зүйл ажээ. Харин бид гээд зүгээр л эргэцүүлээд бодохоор энэ монголынхоо ирээдүйд итгэх итгэл алдарна.
Тийм л шинэ “цэцгүүд” Сайхан талд ургаж байна. Тэднийг товчхондоо Өвөрмонголын яруу найргийн нэн шинэ үеийнхэн буюу “МОРИНЫ УЯА” бүлгийнхэн хэмээнэ.
Нам гүмийн дунд өөрийгөө чагнаж, эрх чөлөөг мэдэрдэг
Нам гүмийн дунд хэн нэгэн хүн шүлгийг минь уншихад
Би шуугиан дунд дүлий болох гэж шаналдаг хэмээх энэ шүлгийг Шилийн голын арван наймтай хүү бичиж байгаа юм даа. Юун хорин жил. Бараг дэргэдүүр шуураад байгаа сэтгэлийн, эрлийн, эгээрлийн салхи.
Би сэтгэлийнхээ огторгуйд
Бөхөлзөх өвсний толгой хүртэл
Бүрэгхэн анивчих одод хүртэл
Тогтуун мэлмэрэх усан хүртэл
Тодоос тод анирддаг. Энэ шүлгийг хорь хүрч яваа охин бичсэн юм. Бас юун хорин жил. Хэдийнээ хажуугаар гарсан ухаарлын уянгын, ухааны салхи. Ийм өсөн дэвшсэн, өөрчлөгдөн хувирсан шүлгүүдийг “МОРИНЫ УЯА” бүлгийн олон хонгор охид, ховор сайхан хөвгүүдээс уншиж болно.
Хөл амьтан үймсэн Хөх хотын өргөн чөлөөнд Үсэгбаяр, Эрдэнэтогтох, Сүмбэр, Гялбааг дагуулаад Улаанбаатарын гудамжинд Улам-оргих, Хадбаатар, Золбоо, Ууганбаяраа цувруулаад алхдаг шигээ нарны сарны дор хэдэн өдөр яруу найргийн уушги зүрхээр, яруу найргийн хүчилтөрөгчөөр амьсгалж, эрчим хүчээр бялхаж явахдаа утга уянгын сайхан БУРХАНДАА учиргүй баярласан удаатай. “Морины уяа”-ныхан тойрч суугаад шүлгээ уншина. Монгол ертөнцийн сэтгэллэг, монгол ахуйн гоёмсог дүрслэлүүд, монгол хэлний яруухан зохирлүүд, хуучин сэтгэлгээний хашигдмал ханыг нураах гэсэн эрмэлзлүүд сонстоно. Гайхмаар нь манай 90 –ээд оныхон энд хүртэл ийм хүчтэй нөлөөлчихөж. Аргагүй л ингэж бичихэд аргагүй тэднийг бид хүргэсэн мэт санагдана. Ялимгүй гэнэн хийсэн ялимгүй том хөөрөл гэж бодвол ч бод.
Хөх зэрэглээнд бие минь ариусна
Хөх салхинд гуниг минь үргэнэ
Хөх өвсөнд сэтгэл минь сэргэнэ.
Хөх усанд ухаан минь тэлэрнэ гэж Баруун үзэмчин хошууны Буянтогтох шүлэглэнэ. Баярласандаа аман дээр ХӨХ МОНГОЛЫН БИД гэх улстөрийн буруу үзэл цухалзана. Гэвч шавар иргэншлийн дотор хүний л амьдрал үргэлжилнэ. Цагийн явдал л өрнөнө. Харин шар талд шинэ цэцэгс өвлийн жаврыг үл тоон ургаж байна. Хэдэн биенээ хачин дэмжинэ. Сэтгэл нэг цул. Инээлдэнэ, амьдралын зурвасхан сайхан гэрэл татуулаад аз жаргалын тухай ч шүлэг бичсэн байна.
Манай ах дүү кирилл үсэгт долоо хоногт тайлагдаад дуржигнатал уншдаг болчихсон Дүүрэнжаргал нэн шинэ яруу найргийн “Хөх мэдэрхүй”,”Шинэ үнэр” бүлгийн тухай сонсох гэж шалаад ядарсан намайг олигтой ярьсангүйд удахгүй Улаанбаатарт очихоор минь илүү дотно уулзуулж танилцуулахыг хүснэ. Цэлмэг тэнгэрийн гүн цээл өнгө шиг тэдний цэвэр тунгалаг сэтгэлийн сайхныг өөрийн эрхгүй мэдэрнэ. УС, ертөнцийн хамгийн ухаантай шингэн гээ биз. Тэгвэл Сүмбэр хэмээх

“Морины уяа” бүлгийн хүү ингэж шүлэглэсэн байдаг.
Урссаар ахуйг чинь гэрчилж би амьд байсаар
Урт холын эрэг дээр чинь сүүдэр болж золгоно.
Яруу найраг- оршихуй, цаг хугацааны хамгийн төгс илэрхийлэл гэдэгт хэзээ ч хэн ч эргэлздэггүй. Учир нь ийм шүлгүүд л тийм байдалд бүгдийг хүргэдэг. Ийм л шүлгүүдийг энэ гэгээн урлагийн гэрэлт түвшин хэмээн үздэг.
Тэр газрын хүн зоны хөл хөдөлгөөн татарсан цагаар “Морины уяа”-ны бүлэг шүлэгчид өөрсдийнхөө шүлгүүд, манай тэргүүн яруу найрагчид, уран зохиол, түүх, соёл заншил, хэл бичиг, дэлхийн тухай чөлөөтэй, дураараа, ярилцаж зогсохыг хараад оюуны санааны хийгээд амьдрал, байгалийн хөрсөнд соёолж буй “шинэ цэцэгс” мөд шар талаа бүрхээд мөр мөрөө түшин дүүрэн саглайна гэдэгт итгэхгүй байх аргагүй байлаа.

Тэр цагт бид хорин жил гэж ярьдагаа лав болино. Учир нь “МОРИНЫ УЯА”-ныхан бол “ХӨХ МЭДЭРХҮЙ” шиг, “ШИНЭ ҮНЭР” шиг, ”ОЛОН ЦАГ” шиг, МОНГОЛ яруу найргийн ирээдүй юм. Адилхан ирээдүй учраас бас адилтгах зүйл дэндүү олон байгаа юм. Нийт монгол үндэстний цоо шинэ сэргэн мандалтын эхэн эхэлсэн санагдах зөн совин энэ тэр биш зүй ёсны явдал санагдана.
ШАВАР ИРГЭНШЛИЙН ДОТОРХ ШАР ТАЛЫН ШИНЭ ЦЭЦЭГС БУЮУ МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН “МОРИНЫ УЯА” БҮЛЭГ, ТЭДНИЙ ТУХАЙ НЭГДҮГЭЭР ТЭМДЭГЛЭЛЭЭ ҮҮГЭЭР ТӨГСГӨВ.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2014-01-22


URL:

Нэр: Miguelsledo Огноо: 9 March 2020

Many thanks. Helpful stuff.

Сэтгэгдэл бичих