Ерээд оноос өмнө Монгол Улс гэж байгаагүй

1_03_500x500Ерээд оноос өмнө Монгол Улс гэж хаа ч байгаагүй, бидний өвөг дээдэс, аав ээж, бид ч ерээд оноос өмнө байгаагүй гэнэ. Үүнийг уншиж суугаа та ч байгаагүй, мэдэв үү. Тэгэхээр нэн шинээр байгуулагдаад байгаа Монгол Улсын түүхэн хугацаа ердөө сүүлийн 24 жил. Та 1989,1990 оноос хойш төрсөн бол Монгол Улсын иргэн. Түүнээс өмнө төрсөн бол танд улс орон ч байхгүй, төрсөн нутаг ч байхгүй гэнэ. Эрх баригчид бидний ирээдүй хойчид ийм л түүхтэй улсыг залгамжлуулж өгөхөөр зэхэж байна. Бид Хүннү гүрэн байгуулагдсан 2223 жилийн баяр бүр ч хэрэггүй. Бидний хувьд ертөнц үүсээгүй байсан гэхэд болно. Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ойн баяр ч хэрэггүй, мөн л бидний хувьд чулуун зэвсгийн үе гэхэд болно. Тэгээд Ардын хувьсгал ялсны 94 жил, тусгаар тогтносны, Үндсэн хууль баталсаны ойн баяр гэж тэмдэглэж хөл болох ч хэрэг алга.

 

Зүгээр л эрх баригчдынхаа зохиож өгсөн түүхийг үг дуугүй дагах ёстой юм байна л даа. Сүүлийн үед түүх зохиогчид улстөрийн зорилгоор түүх гуйвуулахдаа Чингисийн нэрийг их л хавчуулах болжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс бүү хэл дэлхийд хүлээн зөвшөөрөх их хааны нэрийг барьж түүх гуйвуулж байна. Тухайлбал, Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөхдөө арай ч Э.Бат-Үүлийн, С.Зоригийн гэж нэрлэж болохгүй байна л даа. Арга буюу Чингисийн талбай гэж нэрлэж байна. Түүнээс биш чимээгүй хараад байвал Улсын баатар Э.Бат-Үүлийн талбай гэж нэрлэчихээд зогсож байж мэдэх нөхөд шүү. Түүнээс биш эрх баригчид түүх судартаа хайртайдаа, түүний алдааг засах гэсэндээ хөшөө буулгаж, нэр усыг нь өөрчлөөд байгаа хэрэг огт биш. Ерөөсөө л төрийн эрхэнд дангаар ноёлж байх гэсэн санааны үүднээс тэр. Түүхийг өөрчилчих шалтгаан нь удам залгуулан төрийн эрхэнд байх гэсэн санаа гэдгийг чинь хэн ч мэдэх шүү дээ. Ерээд оноос өмнө Монгол Улс гэж байгаагүй юм шиг загнадгаа боливол яасан юм бэ.

      1996 оны сонгуулийн дараа Төрийн эрх барьж байсан Ардчилсан холбоо эвсэл өнгөрч одсон түүхийг устгаж, нэн шинэ үеийн түүхийг зохиох ажилд ханцуй шамлан орсон нь багагүй үр дүнгээ өгсөн. Сонгуульт хугацаагаар авч үзвэл 2000 оны сонгуульд ялагдал хүлээж, ганц суудалтай үлдсэнийг бол амжилт гэхгүй байх. Гэхдээ л хүн амын цөөн хэсэгт нэн шинэ үеийн түүхийн хөрс суурийг тавьж өгсөн нь хөдлөшгүй үнэн. Харин түүнээс хойш түүх зохиогчдод төр барих боломж гараагүй. Харин өнгөрөгч 2012 оны сонгуулиар автомат машинтай элбэсний хүчинд түүх зохиогчдод том боломж олджээ гэдэг нь өнөөдөр илт харагдах боллоо. Ардчилагчид сонгуулийн маргааш л хөшөө буулгах, түүх гуйвуулах ажилд ханцуй шамлан орсон. Өнөөдөр бидний тусгаар тогтнол эрх чөлөөг авчирхад томоохон нөлөөлөл үзүүлсэн Д.Сүхбаатарын түүхийг өөрчлөх, түүнийг мартагнуулах ажил эрчимжиж эхэллээ. Түүх түүхээрээ үлдэх учиртай. Үүний ялгааг ойлгуулж байгаа нь сайн хэрэг. Ганц нам ноёлж байсан цагт хэтэрхий нэг талыг барьсан, үзэл суртлын санаа байсныг үгүйсгэх гэсэнгүй. Хамгийн гол нь эрх баригчид түүхийг сонгуульт хугацаа, өөрсдийнхөө пиарт ашиглах зорилгоор гуйвуулж байгаад л харамсч байна. Ард түмний толгой ч эргэж гүйцлээ. Сүүлдээ нэг нам сонгуульд ялахаараа л нэг түүх зохиож өгдөг болох нь л дээ. АН төрийн эрх барихаараа 24 жилийн түүх ярьж, урьд өмнө Монгол Улс гэж байгаагүй юм шиг сууж болохгүй. МАН төрийн эрх барихаараа Ардын хувсгалын түүх ярьж бусдыг нь мартаж болохгүй. Хэрвээ МАХН-д төрийн эрх барих боломж гарвал бас нэг түүх зохиох нь л дээ. Даанч тэдний хоншоор хол дутна. 2016 онд энэ нам суудал авах уу, үгүй юу гэж ярихаас төрийн эрх барих эсэх ч зүүд байх л даа. Ард түмэн гэдэг эрх барьж байгаа намын доог тохуу юм уу хаашаа юм. Ийм зүйл гэж байхгүй.

     Дээр дурдсан нэн шинэ үеийн түүх зохиогчид нь өөрсдөө ч 1950, 60, 70-аад онд төрсөн эх оронгүй, нутаггүй нөхөд харагдана лээ. Одоо яахав дээ, нэн шинэ үеийн Монгол Улсын түүхийг зохиож өгсөн буянаа дагаж, энэ улсын хөрсөнд нойрсч, энэ нутгийн чулуугаар хөшөө босгуулах аз тохиож байгаа хэрэг. Түүх зохиолгож байгаа эрх баригчид ч бүгд нэн шинэ үеийн Монгол Улсад данслагдах эрх байхгүй, “ханан гэр нь холдож хадан гэр нь ойртсон хүмүүс”. Төрийн эрх барьж байснаараа далайлгаж, мөн энэ орны хөрсөнд, энэ нутгийн чулуугаар хөшөө босгуулах хувьтай хүмүүс. Би түүхч биш, гэхдээ бусдын адил түүх илт гуйвж байгааг анзаарах хэмжээний Монгол Улсын иргэн байна. Тэгэхээр эрх баригчдын хөшөө чулуутай ноцолдож өнгөрүүлсэн хоёр жилд харамсч байна. Энэ хугацаанд нийгмийн амьдрал тэр чигээрээ уруудсанд шүү дээ. В.И.Лениний хөшөөг заналхийлэн буулгаж байгаа нь ерөөсөө улстөрийн зорилго. Хэрвээ В.Ленинг мартъя гэвэл хөшөөтэй хөшөөгүй л цаг хугацааны эрхээр мартаж орхино. Саная гэвэл санах л болно. Д.Сүхбаатарыг ч мартъя гэвэл мартаж л орхино. Мартахааргүй түүхэнд үлдсэн бол байж л байх болно. Ийм л зүйл. Түүх гэдэг аливаа улстөрийн хүчний сонгуульд ашигладаг зүйл биш шүү. Хамгийн гол нь эрх баригчдыг түүх зохиож, хөшөө чулуутай ноцолдож байтал улс орны байдал туйлын дорой болж байна. Ленины хөшөөг буулгаж, хөл болж байхаар зам талбайдаа санаа зовж баймаар. Д.Сүхбаатарын түүхийг гуйвуулж, мөнгө зарж байхаар эдийн засгаа яаж өөд татах тухай толгой эргүүлж суумаар байгаа юм даа.

А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих