Аюушийн Мөнхбат: Залуусаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрт хамрагдажбүртгүүлээрэй

1899138_630785490291829_539056825_n

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбатын “Өдрийн сонин”-ы шинэ оны анхны дугаарт гарсан ярилцлагыг хүргэж байна.

-Монголын Залуучуудын Холбооны зүгээс залуустаа хандсан ямар ажлууд хийж байгаа вэ?

-Монголын залуучуудын холбоон дээр залуучууд өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудлуудаа шийдэхийн тулд эвлэлдэн нэгддэгбайгууллага. Түүнээс ардчилсан, социалдемократ ч гэдэг юм уу улс төрийн намын үзэлтэй залуусын цугладаг газар биш. Янз бүрийн үзэл бодолтой, шашин шүтлэгтэй залуус манайд байдаг. Бид “Бүгдээрээ манайх” гэж хэлдэг. Тиймээс Залуучуудын холбоо өргөн хүрээнд ажилладаг юм. Өнгөрөгч оныг манай залуучуудын байгууллага “Оролцъё” гэсэн уриан дор өнгөрүүлсэн. Энэ жил тэгвэл “Нэгдье” гэсэн уриан дор бүхий л ажлаа зохион байгуулахаар болсон. 2013 онд бид бүхий л түвшний залуучуудын байгууллагынхантайгаа уулзсан. Үүний дүнд үйл ажиллагаа нь ч сэргэсэн. Түүнчлэн олон төсөл хөтөлбөрүүдийг залуусынхаа дунд түвшин, сонирхолд нь нэгтгэж үйл ажиллагаагаа явуулсан нь том сэргэлт болсон. Сэрсэн олон залуучуудыг асуудлуудаа шийдэхийн төлөө нэгдэж чаддаг байлгах арга хэмжээнүүдийг 2014 оны турш авч хэрэгжүүлэх юм.

-МЗХ-ноос Залуучуудын Хөдөлмөрийн биржийг нээсэн гэсэн. Энэ ямар учиртай бирж вэ?

-2013 онд Хөдөлмөрийн яамтай хамтран хийж эхэлсэн чухал ажлын нэг нь залуучуудыг ажил орлоготой болгох байлаа. Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай, орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн дэд хөтөлбөр болгон “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг эхлүүлсэн. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэг чухал төв нь Залуучуудын Хөдөлмөрийн бирж байгаа юм.

-Төрийн болон хувийн хэвшлийн олон хөдөлмөрийн бирж байхад давхар нээх шаардлага байсан юм уу?

-Бид залуу хүнийг насан туршид нь ажилтай байлгах үүднээс үүнийг ажиллуулж байна. Мөн залуу хүн залуу хүнийхээ зовлонг сайн ойлгодог. Залуусынхаа дунд нь орж ажилладаг, тэдний оролцоог бүрдүүлдэг хамгийн том байгууллага нь Монголын залуучуудын холбоо. Тэд өөрсдөө ямар нэг төрийн байгууллага, ажилд ороход бүрдүүлэх материалын хураамж дээр нь амьдралаа залгуулж явж буй хувийн биржийн гэхээсээ илүү найздаа, үеийнхэндээ туслах зорилготой. Залуу хүний гол зорилго нь ажил хөдөлмөр эрхлэх байдаг. Энэ хүсэл тэмүүлэлд нь үйлчилдэг, зорилгоосоо хазайвал түшдэг, зорилгодоо хүрвэл урамшуулдаг ийм л Залуучуудын хөдөлмөрийн биржийг бий болгохыг зорьсон. Ажилд ороод нэг нь баярлаж байхад нөгөө нь ажлаас гараад гундуухан явахад тосоод авчихдаг байгууллага өнөөдөр монголд алга.Тухайн хүнийг “Чи ажилтай л бол орлоготой. Орлоготой л бол орон сууцтай болно шүү” гэдэг тодорхой алхмуудыг залуучуудад санал болгож байна. Тухайн ажилдаа амжилт гаргаж дэвших гэх мэт тэрхүү замыг нь гэрэл гэгээтэй зурахыг бид хүсч байгаа юм.

Манай холбоо Хөдөлмөрийн яамтай хамтран гурван төсөл хэрэгжүүлж эхэлсэн. “Сумын залуус” төсөлд 1300 гаруй залуус хамрагдаж 300 гаруй суманд дөрөв дөрвөөрөө очиж ажилласан. Залуусаа “Дөрвөн бэрх” баг гэж нэрлэсэн. Тэд хоёр сарын турш сумын төвд ажиллахдаа нэг сард нь Засгийн газраас 200 мянган төгрөгийн урамшуулалтай ажилласан бол нэг сар нь өөрсдийн хүслээр ажилласан. Өнөө жил уг төслийг илүү өргөн хүрээтэй явуулж 10 мянган залуусыг оролцуулахаар болсныг Ерөнхий сайд мэдэгдэж амласан. Эдгээр залуус сумдад очвол жинхэнэ утгаар нь сэрээх болно. Манай залуучуудын эрүүл мэндийн хорооныхон сумдуудаар эмч нарын баг гаргаж эрүүл мэндийн үзлэг хийх бол соёл урлагийн хорооныхон урлагийн бригад гарган мөн л сумдаар явж тоглоно.

-Орон нутгийн залуусыг ажлын байраар хангах тал дээр ямар ажил хийсэн бэ. Өнөө жил ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?

-Хөдөлмөрийн бирж дээр хийгдсэн томоохон ажил нь “Ажлын гараа” төсөл байлаа. Хувьсгалт залуучуудын эвлэлээс улбаатай зүйл байгаа юм. Хуучин залуучуудын гавшгай бригадыг илгээн атар газар эзэмших, Дархан, Эрдэнэтийг босгох гээд олон ажлыг “Гавшгай бригад” нуруундаа үүрч гарсан байдаг. Тиймээс эдгээр бригадуудыг орон нутагт сэргээн Бүтээн байгуулалтын бригад болгожгар бие оролцуулна. Одоогоор 50 орчим мянган ажиллах хүч шаардлагатай байгаа. Сум сумаас гавшгай бригадыг гаргах юм. Аймаг сумдад ажилгүй байгаа залуусыг бүртгэн аймаг, сумдад байгаа МСҮТ-ээр хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, хэрхэн хамт олон болж ажиллах вэ гэдгийг заана. Тухайн бүтээн байгуулалт өрнөж буй аймгуудад ямар ажиллах хүч шаардлагатай байгаа тэр хүмүүсийг бэлтгэж өгнө. Хоёрдугаар сарын 15 хүртэл ажилгүй байгаа залуусыг бүртгэх юм. Засгийн газартай бүтээн байгуулалтын гэрээ хийсэн компаниудаас бригадуудынхаа захиалгыг авна. Ноднин 28 бригад илгээхэд нэг ч хүн ажлаасаа шантарч ирээгүй. Тиймээс компаниуд дахин хүн авна шүү гэдгээ илэрхийлсэн.

-Залуучуудын цагийн ажил хэр олдоцтой байгаа бол. Үүнд хэр анхаарч байгаа бол?

-Цагийн ажил залуучуудад маш хэрэгтэй. Нийслэлд ялангуяа үйлчилгээний газруудад ажиллах боломжтой. Бид залуусыг ажилд зуучилж байна. Баталгааг нь бид гаргадаг юм. Цагийн ажил нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учир хэн хэндээ хэрэгтэй байдаг. Энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтран “Үндэсний сайн дурынхны тогтолцоог бүрдүүлэх” ажлыг эхлүүлсэн. Үүнийгээ “Ардын элч” хөтөлбөр гэж нэрлэсэн. Монголоос бусад орнуудад сайн дурынхан байдаг. Тиймээс үндэсний сайн дурынхан Монгол Улсыг хөгжүүлэхэд, олон сайхан туршлагуудыг зөв түгээх, дутагдаж буй боловсон хүчнийг зөв чиглэлд чиглүүлэх хамгийн сайн тогтолцоо болох ёстой.

Мөн өнөө жилээс Залуу малчдын хороог байгуулж байна. Малчин гэдэг мянган мэргэжлийн эзэн. Гэтэл 1000 мэргэжлээ эзэмшүүлэх ажлыг тэргүүн туршлага дээрээ тулгуурлан хийх гэхэд арга барил нь хоцрогдож байна. Зуднаас болж малгүй болсон залуусаа малжуулах төсөлд хамруулахаар бэлтгэл ажлаа хийж байгаа. Мянгат малчидаасаа малжуулах эхний хандивыг хүсэх юм. Бид Германы элчин сайдын яамныхантай уулзаад хандив гуйх гээд явж байтал нэг залуу маань “Бид өөрсдийнхөө залуусыг малжуулах гэж байж яахаараа гаднаас гуйна гэж. Манайд мянгат малчид их байна. Энэ хүмүүсээсээ яагаад хандив гуйж болохгүй гэж” гэсэн санааг гаргасан. Үүнийг Хэнтий аймгийн Залуучуудын холбоо дэмжээд тэнд бодит ажил болох гараагаа эхэлж байгаа. Малч залгамж үеийг бэлдэх үүднээс 21 аймгийн 21 суманд нэг нэг жишиг өвөлжөөг барьсан. Энэ өвөлжөөгөө цаашид барьж үүндээ тулгуурлан малжуулах төслөө явуулах юм.

-Өнөөгийн залууст тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

-Үндсэндээ тулгамдсан таван томоохон асуудал байна. Хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь ажил эрхлэлт болоод байгаа юм. Залуу хүмүүс ажилтай байвал архи уудаггүй, урам зоригтой болдог. Тиймээс үүнийг шийдэхийн төлөө явна. Залуусын орон сууцны асуудал ихээр тулгамдах болсон. Үүнд тулгуурлан Залуучуудын орон сууцны корпорацийг байгуулна. Энэ асуудалд залуучуудын байгууллага л гар бие оролцохгүй бол үр дүнд хүрэхгүй байх олон асуудал байна. Тэглээ гээд бид барилга бариад гүйгээд байх биш наана нь зохицуулах олон ажил хүлээсээр байна л даа. Амины орон сууцыг найман хувийн хүүтэй болгох хэрэгтэй. Түүнчлэн орон сууцны хэмжээн дээр хязгаарлалт тавьж байгааг болиулах ёстой. Залуу гэр бүлүүдэд дөрвөн хүүхэдтэй айл байхад дэргэдээ аав, ээжтэйгээ байгаа гэр бүлүүд олон бий. Тухайн орон сууц бизнес нь болдог байх хэрэгтэй гэсэн залуус их болжээ. Хажуугийнхаа нэг өрөөнд оюутан суулгаад урсгал зардлаа нөхөх ч гэдэг юм уу олон янзын санаанууд гарч байсан. Эдийн засгийн боломж нь байгаа тэднийгтүүнийг нь хорих буруу. Мөн тухайн залууг ажиллуулж буй албан байгууллага нь байрных нь барьцааг хангаж өгдөг заалтыг журманд оруулах хэрэгтэй.

Манай залуусын өмнө тулгамдаж буй өөр нэг асуудал нь яах аргагүй боловсролын асуудал болоод байна. Боловсролыг дотор нь академик, хувь хүний боловсрол гэж хоёр ангилмаар байгаа юм. Академик боловсролыг яахав олгоод байна. Гэтэл үүний цаана залуусыг хүн болгон бэлдэх боловсрол байхгүй байгаа тул үүнд бид анхаарна. Мөн залуусын өмнө эрүүл мэндийн асуудал ихээр тулгамдаж байгаа. Тийм ч болохоор алдсан хойноо эрүүл мэнддээ анхаардаг. Залуучуудын эрүүл мэндийн хороотойгоо хамтарч нухацтай ажиллана. Монгол залуу хүн Азидаа хамгийн өндөр, чийрэг байх үнэлэмж гаргана. Түүнд хүрэхийн төлөө залуус мааньспиртыг бус спортыг сонгох хэрэгтэй.

-Монголын оюутны холбоо, Монголын залуучуудын холбоо гээд хоёр байгууллага нэгдэж үйл ажиллагаагаа явуулж болохгүй юу. Ядаж л хүч тарамдахгүй юм даа?

-Биднийг хоёр тусдаа байгууллага гэж харах шаардлагагүй. Бид түүхэндээ нэг л байгууллага байсан. Одоо ч хамтарч ажилласаар байгаа. Нэг залуу хүн дээр яагаад 10 байгууллага очиж төрөл бүрийн ажил санал болгож болохгүй гэж. Бүгдийг нь нийлүүлээд МЗХ-ны туган дор нэгтгэнэ гэдэг явцуу ойлголт л доо. Ижил төрлийн байгууллагуудтайгаа хамтрах зүйлдээ хамтарч, шүүмжлэх зүйлээ шүүмжилж байдаг юм. Үүний үр дүнг залуу хүн л хүртдэг.

-Улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын холбоотой хамтарч ажилладаг уу. Тухайн намын залуус нь өөрсдийн эрх ашгийг тэргүүд тавих гэх мэтээр тулган шаарддаг уу?

-Бид хамтрах зүйлдээ хамтардаг. Улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллагынхан манай холбоон дээр ирэхээрээ улс төржилт нь дарагдчихдаг. Учир нь энд дарга нар биш өөрсдийнх нь үеийн залуус сууж байдаг тул хэн нэгний өмнө тал засах гэсэн ойлголт байдаггүй. Улс төржих, хаяагаа манах гэсэн зүйл дээр нь тэр дор нь няцаалт өгчихдөг юм. Аймаг, сум бүрт байгаа улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллага манайд нэгдчихсэн. Одоо төвдөө нэгдээд залуучуудынхаа төлөө хамтарч ажиллах ёстой.

-Өнөөдөр нийслэлийн залуучуудын хувьд мэдээлэл авч буй хэлбэр, олон нийтийн харилцаанд орж буй хэлбэр нь орон нутгийнхнаас хавьгүй илүү байдаг. Орон нутгийн залуусаа хэрхэн дэмжих гэж байна вэ?

-“Сумын залуус” хөтөлбөр, бригад гаргаж ажиллуулах гэж байгаа нь орон нутгийн залуусыг гаргаж ирэх нэг бодлого байгаа юм. Нэг сэрчихсэн хүн сонголтоо хийчихдэг. Гэтэл түүний ард сэрж чадахгүй байгаа хэсэг нөхдүүд үлдээд байна. Одоо тэднийг сэрээх ажил хийгдэж байгаа. Орон нутагт амьдарч буй залуус хотын залуучуудаасаа ч давуу талтай.Улаанбаатарын гэр хорооллоор явахад хотод амьдрал байгаа гээд найдаад ирчихсэн залуус байдаг. Гэтэл юу хийх учраа олохгүй, ажилтай болж чадаагүй хүмүүс байна. Хонь дөхүүлүүлж идчихээд байж байгаа тэр олон залуус нийслэлд ирээд бараг л живж байгаа байхгүй юу. Харин тэдгээр залуусыг манай “Залуучуудын Хөдөлмөрийн ТөвБирж” чиглүүлэх тал дээр нь анхаарч байгаа юм. Бүтээн байгуулалтын бригадад залуучуудыг бүртгэж байна. Бас бригадын захиалгыг аж ахуйн нэгжүүдээсээ хүлээн авч байна.

Э.ЭНХБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих