Жудаггүй бөхчүүдэд улаан хуудас өгье

931da7f5bbfdc0fbbigМонгол бөхийн ёс журам, жудаг, дэг жаяг гэдэг бөхтэйгээ хамт уламжлагдаж ирсэн үнэт өв гэдгийг ахмад тамирчид ярьдаг.

Дээр үеийн бөхчүүд барилдаж байгаад зэрэг уначихаад “Чи давсан, үгүй чи давсан” гээд зогсч байсан тухай домог мэт яригдах хууч ярианууд байдаг. Тэр болгоныг нэртэй устай нь дурьдана гэвэл олон.

Бөхийн хорхойтнууд, тэр дундаа бөхчүүд өөрсдөө энэ мэт хууч яриа, домог түүхийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм байтал өнөө цагт монгол бөхөд жудаг, дэг ёс гэж алга болжээ.

Ахмад үеэсээ үлгэрлэж, авах гээхийн ухаанаар ханддаг цаг ч өнгөрсөн бололтой. Хатуухан хэлэхэд, бөхчүүд цолонд хүрэх, ямар ч хамаагүй аргаар давах, найраа, наймаа хийх гээд муу бүхнийг л ард түмний чих, тархи руу цацаж байна.

Ерөөсөө муу юм гэдэг олонд түгэхдээ амархан байдаг хойно. Одоо бүр сүүлдээ бөхийн жудгаа ор тас гээж, спортын хүнд байж боломжгүй авир гаргадаг боллоо.

Учраа бөхөө унагачихаад дээрээс нэдрэх нь энүүхэнд. Нэдрүүлсэн нь босч ирээд нэг шанаа өгөх нь тэрүүхэнд. Хоорондоо зодолдож, ард түмний нүдэн дээр бөхийн дэвжээг боксын ринг болгоно.

Унаж сураагүй, ойччихоод янз бүрийн авир гаргаж, гар хөлийг нь хөших нь сонирхолтой. Нэг үгээр хэлбэл, давж сураагүй, унаж ч сураагүй бөхчүүд олширч.

Спорт гэдэг дандаа ялан дийлэхийн нэр биш. Үнэхээр алдартай, чадалтай, мэхтэй бөхчүүд л тив дэлхийн дэвжээнд аагилж, ид хаваа гайхуулах нь бий. Түүнээс биш бүгд тэгж чадахгүй нь мэдээж шүү дээ.

Тиймээс эхлээд унаж сурах хэрэгтэй гэж алдартай бөхчүүд ярих нь бий. Түүнтэй адил давж сурах хэрэгтэй, бас. Ямар ч алдартай, чадалтай аварга байсан өрсөлдөгчөө хүндэлж, унагасан ч гэсэн татаад босгочих, тахимаа өгөх, авах жудагтай байх ёстой.

Харин өнөө цагт бол унагасан бол дээрээс нэдрэх нь их болж дээ. Магадгүй давсан ч, унасан ч учраагаа гэмтээх гэж албаар нэдэрч, хөшиж, өчдөг ч байж болох.

Ядахдаа манай үндэсний бөхөд торгууль гэхээр сүртэй юм байхгүй. Хоёр бөх хоорондоо зодолдвол ганд хоёрхон cap барилдах эрхийг нь хасаад өнгөрнө. Сүүлдээ өнөөх бөхчүүд нь уучлал гуйсан нэртэй эргээд барилдаж байх жишээтэй.

Бөхчүүд наадмаар допинг хэрэглэлээ л гэж байдаг. Тэгсэн мөртлөө сүртэй шийтгээд, барилдах эрхийг нь хасаад байгаа юм байхгүй. Цолыг нь хураахгүй. Сайндаа л ганц хоёр cap барилдах эрхийг нь хасаад өнгөрнө.

Гэтэл манай бөхчүүд наадмаар цол нэмдэг. Цагаан сараар тэр жилийнхээ өнгийг тодорхойлдог. Тийм байхад ганц хоёрхон cap эрх хасаад яах вэ дээ. Естой хөх инээд хүргэнэ гэдэг л болно биз дээ. Ийм тарчигхан торгууль бөхчүүдэд юу ч бодогдуулахгүй байна. Гэтэл бусад спортод дүрмийн бус үйлдэл гаргавал шууд талбайгаас хөөх, эрхийг нь хасах гээд зохих шийтгэл оноож байх жишээтэй.

Хамгийн үлгэр авмаар нь сүмо бөх. Тэнд дэг ёсыг маш сайн сахиж байна. Дэвжээнээс гадуур элдэв зүйл хийсэн ч торгож, банддаг. Манай аваргыг яаж бандаж байлаа даа.

Гэтэл манайд бол огт өөр. Монгол бөхөд тохирсон шийтгэл оноож чадахгүй л байна шүү дээ, яг үнэндээ. Тиймээс бөхчүүдийн ёс жудгийг сануулах, ой тойнд оруулах, дээрээс нь дүрэм журмаа баримтлах зорилгоор хатуухан шийтгэдэг баймаар байна.

Мөн ямар тохиолдолд, яаж шийтгэх, торгох талаар тодорхой заалтыг ч гэсэн бөхийн дүрэмд оруулж өгөх цаг болсон.

Тэгэхдээ ганц, хоёрхон cap барилдах эрх xacaxыг эрс өөрчилж, 1-2 жил наадам, цагаан cap болоод улс, аймгийн цолтой бөхийн барилдаанд барилдах эрхийг нь хасдаг болбол илүү дээр. Ингэж байж л торгосон болно, бөхчүүд ч юм ойлгоно.

Тэгэхгүй бол ёс жудгаа гээсэн бөхчүүд монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр зодолдож, өшиглөлцөж, өчилцөж, цаашилбал нутаг нутгаараа талцаж зодолдож.ч магадгүй болох нь байна шүү.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих