О.Хангай: Агуу хүний удмыг залгаж яваадаа баяртай байдаг

1421-1tД.ЖАВХЛАН

Ялгуусан хэмээх модон морин жилийн сар шинийн барилдаанд долоо давж үзүүрлэсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Автобус нэг” компани, “Аврагч” спорт хороо, “Ховд бөх”-ийн дэвжээний бөх аймгийн арслан О.Хангайтай ярилцлаа.

 

-Юуны өмнө танд Модон морь жилийн сар шинийн барилдаанд үзүүрлэсэнд баяр хүргэе?

-Могой жилийн төгсгөл, модон морь жилийн бага наадамд одтой барилдаж үзүүрлэлээ. Сэтгэл туйлын өндөр байна.

-Та нэгийн даваанаас эхлэн хатуухан учраануудтай таарч барилдлаа. Өнгөрсөн барилдааныг эргэн дурсвал?

-Тийм ээ. Учраа бүр хэцүү байлаа. Нэгийн давааны оноолт гэхэд аймгийн арслан Ганболд, хоёрын даваанд хурц арслан Ш.Мөнгөнбаатар нар байлаа шүү дээ. Тэд улсын цол горилож яваа сайн бөхчүүд. Харин удаах даваанд элдэвтэй начин Т.Баасанхүү намайг амласан. Амлуулсан болоод тэр үү зоригтой шийдэмгий барилдая л гэж гарсан. Дөрвийн оноолт ч бас хатуу. Улсын арслан Д.Азжаргал бид хоёрын барилдаан удааширч барьц сонгоход хүрсэн. Улмаар тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар намайг амласан. Дээгүүр даваанд хүрч барилдсан болохоор олон юм бодолгүй мөн л шийдсэн мэхээ хийсэн дээ.

-Тавын даваанд улсын аварга С.Мөнхбат өөрийг чинь 15 бөхөөс амласан байх аа?

-Амаргүй барилдаан. Аварга цолтой хүнийг анх удаа хаяж байгаа нь энэ. Доогуур даваанд том цолтнуудтай хүч шавхан барилдсан болохоор ерөнхийдөө бие хүндэрчихсэн. Аваргатай удаан барилдвал давах магадлал тун бага. Тиймээс урагшаа давшиж барилдахаас өөр замгүй. Тохох мэх санамсаргүй байдлаас амжилттай болж би аваргын дээр тусч үлдсэн хэрэг. Зургаагийн даваанд түрүүлэх магадлалтай гэгдэж буй хүчтэй заан Ч.Санжаадамбыг мөн тохох мэхээр дийлсэн.

-Бөхийн спортод хэдэн наснаасаа хичээллэсэн бэ?

-Би бөхийн спорт руу хожуу орсон хүн. 2007 онд Ховд аймгийн Буянт сумын арван жилийг төгссөн. Тэр жилээ Хөдөө аж ахуйн их сургуулийн Газар зохион байгуулалт, инженерийн ангид элсэлт өгч тэнцэж билээ. Хичээл номноос өөр зүйлд сатааралгүй явсаар гурван жил суралцсан. 2010 онд сумынхаа наадамд барилдах завшаан тохиож би шөвгийн дөрөвт хүрч барилдав. Үүндээ урамшиж аавынхаа төрсөн дүү Алтанбаганад хэлж үзлээ. Тэгтэл ах маань намайг дагуулан Бөхийн өргөө рүү авч явлаа. Надад бөхийн өмсгөл авч өгөх юм гэнэ. Тэгээд өмсгөлөө ч авлаа. Ах надаас “чи бөх болох сонирхолтой юу” гэж асууна. Би ч яахав тийм хэмээн хэлсэн. Эндээс л миний бөх болох гараа тавигдсан гэхэд болно. Тухайн жил сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүй барилдсан хэрнээ үзүүрлэж сумын начин болсон. Бэлтгэл хийвэл цолоо ахиулж болох юм байна гэдэг бодол тэр үед төрлөө. 2010 оны өвөл нутгийн бөхчүүдийн бэлтгэл хийдэг “Ховд бөхийн дэвжээ”-г сураглаж явсаар Ц.Мягмарсүрэн заантай уулзсан. Бөх болох хүсэлтэйгээ багшдаа хэлж шавь орж билээ.

-Та сумын заан цолтой заалны барилдаанд олон барилдсан байх аа?

-Багшдаа шавь орсон жилээ сумынхаа наадамд барилдаж цолоо ахиулсан. Тэгээд дараа жил нь Ховд аймгийн наадамд аймгийн арслан Батсайхантай түрүү, үзүүрт үлдэж аймгийн заан болсон доо. Харин өнгөрсөн жил наадмынхаа түрүүг авч арслан цолоор энгэрээ мялаалаа.

-Өөрөө бага насандаа барилддаггүй байсан хэрэг үү?

-Үеийн хэдэн банди нартай ноцолдохоос цаашгүй. Харин волейболын спортод бол нугасгүй. Аймгаа төлөөлж өсвөрийн улсын аваргад хүртэл тоглосон. Гавьсан амжилтгүй. Бас даам тоглох дуртай.

-Таныг бөхийн том удам гэх юм билээ?

-Аав маань Говь-Алтай аймгийн Жаргалант сумынх. Энэ нутгаас улсын цолтой олон бөх төрсөн. Харин ээж Ховд аймгийн Буянт сумынх. Ээжийн талд улсын арслан Ванчинхүү гэж алдарт бөх байсан юм билээ. Энэ агуу хүний удмыг залгаж яваадаа баяртай байдаг.

-Сар шинийн барилдааны үзүүр, түрүүний өмнө Батзориг заан танд юу гэж зөвлөв?

-Өмнөх барилдааны адил шийдэмгий урагшаа явж барилдахыг зөвлөсөн. Би хэлсний дагуу давшиж барилдсан боловч туршлагатай, хүчтэй гарьдаас хий олж хараагүй.

-Та оны дараа болсон сар шинийн сорилго барилдаанд түрүүлсэн билүү?

-Шинэ оны эхний барилдаан болох “Талх чихэр”-ийн барилдаанд өнгөтэй байж 2014 оны анхны түрүүг хүртсэн. Харин сар шинийн өмнөхөн болдог аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд барилдаагүй. Бэртэлийн улмаас гэх үү дээ.

-Оны өмнөхөн бас түрүүлсэн санагдана?

-Тийм ээ. “ТВ-9” телевизийн 10 жилийн ойн барилдаан юмдаг. Тэр барилдаанд “улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг авч байлаа. Мөн энэ Цагаан сарын барилдаанд “улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг авлаа. Бас “цахиур хагалах бөх”-ийн шагналыг авсан. Түмэн олныхоо энэ их итгэлийг хүндлэл, жудагаар хариулнаа. Намайг өдий зэрэгтэй явахад үргэлж туслаж, дэмждэг улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг, Ж.Амартүвшин ах нар болон “Автобус нэг” компанийн  хамт олондоо баярлаж явдгаа хэлмээр байна.

-Та бөхчүүд дундаа өндөрт нь ордог?

-Би бага байхын өсгөлүүн хүүхэд байсан. Одоогоор өндөр 186 см, жин 100 орчим.

-Хүндлэж явдаг бөх гэвэл та хэнийг хэлэх вэ?

-Зургаан залуу зааны барилдааныг шимтэн үздэг байлаа.

-Таны нэрний талаар сонирхож болох уу?

-Намайг төрж байхад аав маань “Газар шороо” романыг уншиж байж л дээ. Тэр номын зохиолд Хангай Базар гэж энгүй бяртай хүний талаар өгүүлдэг. Тэгээд тэр баатрыг бэлгэшээн надад энэ нэрийг хайрласан хэрэг.

-Ингэхэд та хэдэн настай вэ?

-1990 оны аравдугаар сарын 2-нд төрсөн. Миний 25-ны жил орж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсэе?

-Баярлалаа. Танай ажлын хамт олонд болон нийт монголчууддаа ирж буй морь жилийн мэндийг хүргэе.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих