Сирийн энхийн хэлэлцээ түр завсарлав
ЖЕНЕВ. /NHK/. Сирийн Засгийн газар болон сөрөг хүчний хооронд болсон энхийн хэлэлцээнд ахиц дэвшил гарахгүй байгаа учир түр завсарлалаа.
Швейцарийн Женев хотод долоо хоног үргэлжилсэн хэлэлцээ өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дууссан юм. Хоёр талын санал хол зөрүүтэй хэвээр байна.
Ерөнхийлөгч Башар Асадыг огцруулан, засгийн эрхэнд өөрчлөлт оруулах асуудлыг сөрөг хүчин хэлэлцэж эхлэхийг шаардсаар байсан бол Сирийн Засгийн газар шаардлагыг хүлээн аваагүй аж.
Түүнчлэн тулаан болж буй нутгуудад хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлэх асуудалд ч олигтой ахиц гарсангүй.
Хэлэлцээ түр завсарласан тухай НҮБ ба Арабын улсуудын холбооны тусгай төлөөлөгч Лахдар Брахами мэдэгдэв. Дайтагч хоёр талын хэлэлцээ энэ сарын 10-ны өдөр Женев хотод дахин эхлэх аж.
Асадын Засгийн газрыг огцруулахыг шаардсаар байгаа нь тодорхой үр дүнд хүрэхэд саад болж байна гэж Сирийн Гадаад харилцааны сайд Валид Муаллем сөрөг хүчнийг буруушаасан юм.
Нөгөөтэйгүүр Засгийн газар төрийн эрх шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээс татгалзаж, терроризмын эсрэг арга хэмжээг хэлэлцэхийг шаардаж буйг Сирийн үндэсний эвслийн удирдагч Ахмад аль-Жарба шүүмжилжээ.
Хоёр талын санал хуваагдсан хэвээр байх бололтой.
Л.Урангуа montsame
URL: