Ч.Сангарагчаа нарын хэрэг хэрэгсэхгүй болохыг үгүсгэхгүй
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг ТЕГ-аас Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчиж тус газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг тагнаж чагнасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 87.1, 133.1-ээр сэжигтнээр тооцон шалгаж байгаа билээ.
Уг хэрэг өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Прокурорын газарт шилжсэн юм. Төрийн нууцтай холбоотой дээрх хэрэгт нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Ё.Сагсай хяналт тавьж байгаа аж. Түүнчлэн АТГ-ын дарга Ч.Сангарагчааг төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан гэх хэрэгт Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. АТГ-ын дарга, дэд дарга, ахлах комиссар нарт холбогдох хэргийн талаар нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурор Ё.Сагсайгаас цөөн асуултад хариулт авлаа.
-АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарт холбогдох хэргийн хяналтын хугацаа хэзээ дуусах вэ?
-Өнгөрөгч баасан гаригт уг хэргийн материал надад ирсэн. Ажлын өдрөөр тооцож үзвэл гурав хонож байна. Одоогоор хэргийн матераилтай танилцаж амжаагүй байна. Хуулиараа бол 14 хоногийн хугацаанд хэрэгтэй танилцах ёстой байдаг. Бас дахин нягтлах хэрэгтэй гэж үзвэл 14 хоног сунгах эрх надад бий. Тэгээд ч уг хэрэг улсын нууцтай холбоотой учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хяналтын хугацаа дууссан үед хуулийн хүрээнд энэ талаар мэдээлэл өгч болох юм.
-Уг хэрэгт Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нараас гадна хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа гэх юм?
-Би тийм зүйл сонсоогүй юм байна. Харин АТГ-ын Гүйцэтгэх албаны дарга, ахлах комиссар Ө.Алтангадасыг холбогдуулан шалгаж байгаа нь үнэн.
-Тэдний өмгөөлөгчөөр хэн ажиллаж байгааг мэдэх боломжтой юу?
- Тэр талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн ахлах комиссар Ө.Алтангадасыг н.Цэдэндамба өмгөөлөгч өмгөөлж байгаа гэсэн. Харин Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн нарын хувьд хангалттай хуулийн мэдлэгтэй гэж үзвэл өмгөөлөгч авахгүй байж болно шүү дээ. Тухайн хүний эрхийн асуудал.
-Төрийн өндөр албан тушаалтантай холбоотой хэрэг хэрэгсэхгүй болох нь олонтаа. Энэ хэрэг ч бас үүний адил замхрах байх гэх хардлага байна л даа. Жишээ нь Ц.Мянганбаярт холбогдох хэрэг өнгөрөгч сард хяналтын шатандаа хэрэгсэхгүй болсон шүү дээ?
-Одоо хэрэгсэхгүй болох эсэх асуудлыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Хэргийн материалтай танилцаж байж л шийднэ. Хэрэгсэхгүй болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ Ц.Мянганбаярын хэрэг хэрэгсэхгүй болсон гээд Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нартай холбогдох хэрэг хэрэгсэхгүй болно гэж ойлгож болохгүй л дээ.
С.Отгон
URL: