Ц.Мөнхбаяр нарын хэрэг улс төрийн намуудын анхааралд байна
Улс төрийн намын удирдлагууд өчигдөр Төрийн ордонд зөвшилцөх уулзалт хийлээ. Энэ нь тав дахь удаагийнх юм. Уулзалтыг МАН-ын дарга М.Энхболд санаачилжээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, МУНН-ын дарга Ж.Батболд, Хамаг Монголын намын цэцийн дарга Ц.Шинэбаяр, болон парламентад суудалгүй бусад намын төлөөлөл оролцсон юм. Уулзалтаар Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гэсэн гурван сэдвээр санал бодлоо солилцох зорилготой байв. Гэхдээ үг хэлсэн хүмүүс нийгэмд болж буй бусад асуудлаар байр сууриа нэлээд илэрхийлсэн юм. Уулзалтаас гарсан саналуудыг нэгтгэн дээрх гурван хуулийг өөрчлөх эсэхийг судлах УИХ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм байна.
Дээрх асуудлаар парламентад суудалтай болон суудалгүй 20 гаруй нам нэг байр суурьтай байх нь чухал гэдгийг МАН-ын дарга М.Энхболд онцлов. Тус нам Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийн тухайд наана, цаанатай хандах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, Ерөнхий сайд, үндсэн чиг үүргийн яамны сайд нар парламентаас байж болно, харин саналын хуудсыг гараар тоолж хянах заалтыг Сонгуулийн тухай хуульд тусгах саналтай байна.
Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг дахин өөрчлөхгүйгээр Үндсэн хуулийн цэц энэ заалтуудыг хүчингүйд тооцсон дүгнэлтийг хүлээн авах хэрэгтэйг онцлов. Сайд, гишүүний ажлыг салгахгүй бол парламент ирцгүйгээр хууль баталдаг болж буйг шүүмжиллээ. Мөн тус нам санал тоолох хар машиныг хэрэглэхгүй байх саналтай байна. Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж, парламентад суудалгүй намуудыг татан буулгана гэсэн хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хариу өгөх ёстойг Ж.Занаа шаардав. Мөн Ц.Мөнхбаяр нарт ногдуулсан ялын хэмжээг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Ялын хэмжээг захиалгатай гэж үзэж буйгаа хэлээд цаашид энэ асуудлыг улстөржүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Хамаг Монголын намын цэцийн дарга Ц.Шинэбаяр “Гишүүд давхар дээлээ тайлахаар цаанаас нь ямар дээл гарах гээд байгаа юм бол. “Бороо гоулд”, Оюутолгой, Тавантолгой гэх мэт дээл гарах гээд байгаа юм шиг. Дээлээ тайлах хэрэггүй. Цэцийн дүгнэлтийг л хүлээгээд авчихвал маргаангүй шийдэгдэнэ” гэв.
МУНН-ын дарга Ж.Батболд “Долоон өөрчлөлтийг олон жил ярьсан учир одоо больё. Үндсэн хууль бол халдаж болохооргүй сайхан зүйл биш. Сайн ч хууль биш. Парламент ирцгүй хуралддаг асуудлыг эхлээд ярих хэрэгтэй. Ц.Мөнхбаяр нарыг улс төрийн намууд хамгаалцгаая” гэв.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь ажил хэрэгч уулзалт биш гэж шүүмжлээд Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх эсэх төслийг тус намынхан санаачлан Ажлын хэсгээр хэлэлцүүлж буйг онцлов.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан нэг нам гарахаараа л татварын хэмжээг өөрчилдөг, сая алтны татварыг бууруулсан нь буруу гэв. Мөн тэрээр “Ц.Мөнхбаяр нарт оноосон ялын хэмжээ арай сэрүүдсэн. Надад ч гэсэн 25 жилийн ял төлөвлөж байсан. Байгаль орчны төлөө тэмцэгчдэд ийм ял оноох нь зохимжгүй. Энэ асуудлыг нааштай шийдэх ёстой. АН-ынхан Ерөнхийлөгчдөө хэлж, арай ахадсан арга хэмжээ авсан байна гэдгээ ойлгуул” гэв. Тэрээр Сонгуулийн хуульд саналын хуудсыг гар аргаар тоолох заалт оруулах санал хэлэв. Монголын Консерватив намын дарга Н.Дашдаваа Үндсэн хуулийн асуудлаар ард түмний дунд санал асуулга явуулах, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг хязгаарлах санал хэллээ.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: