Морин спорт уяачдын холбоонд шаардлага хүргүүлжээ

140203uyachidshaardХүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа Монголын морин спорт уяачдын холбоонд хандан албан шаардлага хүргүүлсэн байна. Тэрээр шаардлагадаа “Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны санаачилгаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэмжлэгээр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргажээ.

 

“Дүнжингарав” хаврын бүсийн уралдааныг 2014 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн ням гарагт Хүй долоон худгийн Цагаан хөтөлд, Хаврын бүсийн уралдааныг 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ням гарагт Өвөрхангай болон Өмнөговь аймагт зохион байгуулахыг Аймгийн засаг дарга нарт болон ММСУХ-нд даалгажээ.

 

Энэ уралдаанд өндөр хариуцлагатайгаар үүрэг хүлээж байгаа ММСУХ түүний аймаг, суман дахь салбар нэгжүүд, орон нутгийн шийдвэр гаргагч  талуудад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 8.1 дэх зүйлд заасны дагуу “Хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах тоглоом наадамд оролцуулахыг хориглоно” Хүүхдийн эрхийн конвенцийн 6.2-т “оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана…”, тус конвенцийн 24.3-т “оролцогч улсууд хүүхдийн эрүүл мэндийг хохироох уламжлалт дадлыг устгах зорилгоор үр нөлөөтэй бөгөөд зохистой бүх арга хэмжээг авна” гэснийг үндэслэн Хаврын хахир цагт болдог хурдан морины уралдаанд морь унаж уралддаг хүүхэд, багачуудын эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд үүсдэг сургамжит эрсдлийг нэхэн санаж ажиллахыг бүх талуудад  онцолж байна.

 

Тов зарлагдсан хэдий боловч энэ жил Хаврын сар эрт гарч, идэр есийн жавар хариагүй байх үед олон уралдаан болохоор төлөвлөгдсөн байгаатай холбогдуулж:

 

1.  Хавар цагийн хурдан морины уралдаанд 14 хүртэлх насны хүүхдийг унаж оролцуулахгүй байх

2.  Уралдаанд зөвшөөрөл олгогч, уралдааныг санаачлагч, зохион байгуулагч болон уралдааны хүрээнд үүрэг хүлээгч байгууллага, албан тушаалтан, ажилтан бүр хурдан морь унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, амь насны төлөө хариуцлага хүлээж ажиллах

3.  Уралдаан болох тов, зарыг тодорхой хугацааны өмнө олон нийтэд мэдээлж, үр дүн, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан талаарх тайланг олон нийт болон зохих талуудад заавал хүргүүлж ажиллах

4.  Сум болгонд уралдаан зохион байгуулахаас татгалзаж, бүсчилсэн хэлбэрээр 1 аймагт нэг, хоёроос илүүгүй байх

5.  Уралдаанд оролцогч хүүхэд бүрт хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2011/ стандартыг зайлшгүй дагаж мөрдүүлэх” хэмээн дурьджээ. Албан шаардлагынхаа хувийг Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва,   Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам,  Хууль зүйн яам, Хүний эрхийн үндэсний комисс гэсэн дөрвөн газарт давхар хүргүүлсэн байна.

 

Н.Батаа

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих