ХЯТАДАД БОЛСОН ЯВДАЛ
Манайхан XIX-XX зууны зааг үеийн үйл явдлыг олон талаас нь бичсэн боловч Хятадын “өнцгөөс” бичсэн нь нэн ховор. Алдар түүхч Л.Жамсран л бага зэрэг хөндсөн санагдана. Асуудлыг Хятад “өнцгөөс” харах нь шинжлэх ухааны үүднээс заавал хийх ёстойгоос гадна их сонирхолтой байдаг юм. Ингээд нэгэн бяцхан оролдлого хийгээд үзэж болох л доо…
Шинэчилж эхэлсэн ч…
1860-аад оноос гадаад гүрнүүдэд илт дээрэлхүүлж, үлэмж хоцрогдсоноо мэдсэн Чин гүрэн “Синьжэн” буюу “шинэ засгийн бодлого” гэгчийг XX зууны эхэнд явуулж эхэлсэн юм.
Энэ нь ард түмний, нэн тэргүүн хятадын ард түмний бослогыг дарах, Чин гүрнийг “далайн чанадын бүдүүлгүүдийн” түрэмгийллээс хамгаалах чиглэмжтэй байсан нь мэдээж хэрэг. Уг нь нэлээд эрт 1898 оны 6 дугаар сарын 11-нд Манжийн хаан Айсингёра Цайянь (Гуансуй) хаан “Шинэ засгийн бодлого тогтоох тухай” зарлиг гаргаад 1901 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Тэрээр нийгмийн бүх салбарыг хамарсан нийтдээ 60 гаруй зарлиг гаргасан ба түүний нэг гол үр дүн нь Бээжингийн Их Сургуулийг байгуулсан явдал байв. Гэтэл бэлэвсэн хатан Цыси ордны эргэлт хийж, шинэчлэлийг зогсоов. Ингээд шинэчлэл ердөө л 103 өдөр үргэлжлэв. Гэвч нэгэнт эхэлсэн цаг үеийн түрэлтийг зогсоож чадсангүй.
1905 оноос хааны уламжлалт шалгалтын системийг халж, богино хугацаанд 60.000 “шинэ маягийн” сургууль байгуулж амжсан байна. Хятадад аж үйлдвэрийн томоохон голомтууд үүсч, арми шинэчлэгдэн, эдийн засгийн шинэ нөхцөл бий болж, нийгмийн хувьсал явагдан нийгмийн дэвшилтэт бүлэг шэньши болон сэхээтэн нарын нийгэм-улс төрийн сэтгэлгээ шинэчлэгдэж эхлэв.
Зөвхөн Хятадад төдийгүй, Монголд уламжлалт нийгэм эвдрэн нурах үйл явц, хандлага эхэлсэн юм. Энэ бол Дорно Дахины бараг бүх оронд бий болсон түгээмэл хандлага байсан юм. Гэтэл Монголын “ардчилсан”, нэн шинэ түүхчид: уламжлалт, феодалын нийгэмдээ хэвээрээ байгаад байсан бол сайхан байсан гэсэн шинэ номлол XXI зуунд гарган ирж байгаа нь дэндүү хөгийн.
Тэд ядахдаа шинжлэх ухааны танин мэдэхүйн нэгж, ерөнхий, түгээмлийн категори, нийгмийн дэвшлийн тухай онол сургаалиудын “А”-г гадарлах хэрэгтэй ш дээ.
Асуудалдаа эргэн оръё. Орчин үеийн дээд сургууль байгаагүйгээс хятад залуучууд хилийн чанад руу, нэн ялангуяа Япон руу бөөн бөөнөөрөө явж суралцав. Тэд европын хувьсгалт үзэл санаа түүний дотор анархизм, социализм, социал дарвинизм зэрэг “юу дуртайгаа” суралцаж, эргэн ирж байлаа. Күнзийн боловсролд баримжаалсан хуучин нийгэм задарч, нийгэм шинэ хуучин үзэл санааны зөрчилд оров. Энэ зөрчил олон арван жил үргэлжилсэн юм. Энд онцлон дурдах хэдэн зүйл буй:
1.”Шинэ засгийн бодлого”-ыг манайхан хятадын бодлого гэж ойлгодог нь буруу.
2. Энэ бол манжууд Үндсэн Хуульт хаант засагт шилжиж, хуучин төрөө аврах оролдлого хийсэн манжийн төрийн бодлого байсан.
3. “Шинэ засгийн бодлого” ганц Монголд биш, нийт хятад даяар хэрэгжсэн.
4. Монгол болон Хятадад өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн харилцан уялдаатай явагдсан.
5. Гэхдээ Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хятадаас тусгаарлах үзэл санааг давхар агуулж байсан. Чухам энд л монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үндсэн амжилт хийгээд зөрчил оршино.
Монголчууд манжийн шинэ засгийн бодлогыг тухайн үед эрс эсэргүүцсэн. Гэхдээ хятадын ард түмэн ч манжийн эсрэг бүх нийтээрээ тэмцэж байсан. “Шинэ засгийн бодлогыг” хятадын хувьсгалын удирдагч Сун ятсен: “олон түмний дотор гарч байгаа хөдөлгөөнийг тайвшруулах зорилготой хоосон цаас” гэж нэрлэсэн байдаг.
1894-1895 онуудад Япон-Чингийн дайн болж, Чин гүрэн Солонгосыг алдаж, стратегийн ялагдал хүлээв. Чингийн алдарт найман тугийн арми удаа дараагийн дайнд үнэхээр хоцрогдсон гэдгээ илт харуулав.
Олон дайнд ялагдсан Чин гүрэн зэвсэгт хүчнээ шинэчлэх гэж Бэйяны (Умардын) цэргийн нэгтгэл байгуулж түүний захирагчаар Юань шикайг томилсон нь хятадын түүхэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэхүү армид милитарист офицерүүдийн бүлгийн үр хөврөл бий болсон юм. Эдгээр цэргийг немцийн сургагчид сургаж байлаа.
Бүр 1860-аад оноос эхэлсэн хар тамхины дараалсан дайнд Чин гүрэн “хамаг юмаа” алдав. 1900-1905 онуудад Оросууд Манжуурыг эзлэв. Бараг хятадын газар нутгийн төлөө болсон Орос-Японы дайн Чин гүрний нэр төрийг бүрмөсөн гутаав. 1894 болон 1900 оноос харийнхан манжуудын “ариун газрыг” гурав дахь удаагаа гишгэн дэвслэв. Чин гүрэн Портсмутын энхийн гэрээний бүх нөхцлийг зөвшөөрч, Токиод Өмнөд Манжуурыг эзэгнэх онцгой эрх, хөнгөлөлт олгов. Дараа нь Япон Солонгосыг булаан авахад Чин улс юу ч хэлсэнгүй. 1910 онд Япон Солонгосыг шууд эзэлсэн нь хятадын нийгэмд шок болсон ба хятадууд үүнийг эмгэнэл гэж үзэв.
Бүгдээрээ манжийн эсрэг
Ийнхүү Хятадын дэвшилтэт болон үндэстний бүх хүчний эсэргүүцэл манжуудын эсрэг чиглэжээ. 1902 онд татвараас болж төв болон орон нутгийн зөрчил гарч, орон нутаг төвөөс бараг үл хамаарах болов. Хятад заншлаар аман дээрээ төр улсдаа “үнэнч” гэх нь мэдээжийн хэрэг. 1906-1907 онд бэлэвсэн хатан хаан Цыси орон нутгийн захирагчдын эрхийг хязгаарлах захиргааны шинэчлэл явуулсан боловч 30 мянган дунд болон доод түшмэл үүнийг “чимээгүй” эсэргүүцэв.
Цыси хатан нас барсны дараа Чингийн төр (Цайтянь, Икуан нар) 1916 онд парламенттай болно гэж амлаад, 1909 онд орон нутгийн зөвлөлдөх хороодыг байгуулж эхлэв. 420 сая хүнтэй хятадын 2 сая нь “сонгуульд” оролцсон байна. Ямар ч гэсэн “сонгууль” хийжээ. 1910 онд Бээжинд “урьдач” парламент маягийн юм байгуулжээ. Манай монголын ноёд ч тэр “сонгуульд” нь очиж оролцсон юм билээ.
Үүний нөгөө талд Хятад болон Японд Сун ятсенээр удирдуулсан Синжунхой (Хятадыг сэргээн мандуулах Холбоо), Хуан Син болон Сун зяжэн нарын удирдсан “Хятадын яруу алдрыг сэргээн мандуулах Холбоо”, мөн “Хятадыг сэргээх Холбоо” зэрэг хүчирхэг байгуулагууд товойн гарав. Нэрээс нь харахад хүртэл тэр үед хятадад үндэсний үзэл асар хүчтэй сэргэж байжээ.
Дээр дурдсан гурван бүтцийг 1905 онд Токио хотноо нэгтгэж Нэгдсэн Холбоо (Холбооны Лига) буюу монголчуудын бүдэг бараг мэдэх Тунмэнхойг байгуулжээ. Эдний эсрэг үзэл суртлын хүч Хятадад бас байжээ. Энэ нь дүрвэгч шинэчлэгчид хийгээд хятадын үндсэн хуулийнхан гэсэн их том хэсэг байсан юм.
Ер нь бол хятадууд нууц нийгэмлэг байгуулж тэмцдэг дорно дахины дадал зуршилтай байжээ. Манай монголчууд дандаа дугуйлан байгуулаад “үзэж тараад” байдаг нь дорно дахины энэ онцлогтой холбоотой байх.
Ингээд хятадад нууц нийгэмлэг, дугуйлан, бүлгэм, ер нь бол баруун зүүн, шинэ хуучны бүх хэлбэрийг хольсон эсэргүүцлийн хөдөлгөөний есөн жорын хольц үүсчээ.
1906-1908 онуудад Тунмэнхой дөрвөн удаа Манж Чин гүрний эсрэг бослого гаргажээ. Тэрийг нь Манжийн төр бутартал дарсан байна. Ингээд эв нэгдлээ бэхжүүлэх ёстой атал Түнмэнхойн дотор хагарал гарч, хоёр хуваагдан 1908 онд ахин гурван бослого гаргажээ. Ахиад бутартал “наалгуулжээ”. Ахиад л Түнмэнхой хэд хэд хуваагдав.
Үүнийг би яагаад яриад байна гэхээр аливаа ард түмэн ялалтад хүрэхийн тулд зовж зүдэрч, үйлээ үзэж, цусаа урсгаж, нусаа хацартаа нааж байж олон жил цуцалтгүй тэмцэж байж амжилтад хүрдгийг харуулах гэсэн юм.
“Хувьсгалчид” манжийн армийн дотор ухуулан таниулах ажил хийх ёстой гэдгийг арай гэж “ойлгожээ”. Ингээд дараалсан хувьсгалууд гаргаж эхлэв. Эхлээд Сычуаны, дараа нь Учаны, тэгээд Шизяжуаны үймээн гэх мэт. Үүний үр дүнд Манж Чин гүрэн үнэхээр суларсан юм.
Хятадын ард түмний эсэргүүцлийг дарах гэж хичээх тутам армийг хүчтэй болгосон шинэ зүй тогтол үйлчлэх болов. Тэр үед хүчирхэг Бэйяны цэргийн бүлгийн командлагч, бидний сайн мэдэх генерал Юань шикай түүхэнд товойн гарч ирэв. Одоо тэр л хамаг асуудлыг шийддэг хүн болов.
Хятадын бараг бүх нутаг бослого хөдөлгөөний талбар болов. Түүний манлайд Монгол байсан нь мэдээжийн хэрэг. Монгол Улс тусгаар тогтнолоо олсон нь гайхамшигт явдал боловч “эртэй сайндаа” түүнийгээ олсон гэвэл огт буруу дүгнэлт болно.
1911 оны 11 дүгээр сард Бээжинд хааны Ордонд сандраан болж Манжуур руу зугтах орголт эхэлжээ. Зарим сурвалжид 250 мянган манж хүн (!!!) Манжуур руу зугтсан гэж тэмдэглэсэн байдаг.
Энэ эгзэгтэй үед буюу 1911 оны 11 дүгээр сарын 2-нд Чингийн ордон Юань шикайд Ерөнхий сайдын суудлыг санал болгосон юм. Юань шикайг Лондон, Вашингтон хоёр шууд дэмжсэн юм. Ер нь дэлхийн том гүрнүүд бараг бүгдээрээ Чин гүрнийг бушуухан унагаж, түүндээ Юань шикайг ашиглахыг хичээж байсан юм.
Юань шикай эхлээд армиа “шинэчилж”, манж цэргийн дарга нарыг хөөж оронд нь Дуань цижуй, Фэн гожан, Сюй шичан нарын хятад генералуудаа дэвшүүлэн томилов. Эдгээр хүмүүс хожим Хятадын төрийн том албанд очсон билээ. Ингэж баттай болгож авсныхаа дараа 1911 оны 11 дүгээр сарын 16-нд Юань шикай Засгийн Газраа бүрдүүлж, Бүгд Найрамдах засаг тунхагласан Өмнөдөд хамтран ажиллах санал тавив.
Ингэж Юань шикай манж нарыг хувьсгалчдаар айлгаж, харин хувьсгалчдыг манж нартай хийх хэлэлцээрээр сүрдүүлсэн нь түүнийг хамгийн “мундаг” болгосон юм.
Улс гүрэн нурахад…
1911 оны сүүлчээр олон мужид бослого гарав. 11 дүгээр сарын 22-нд Сычуань, Наньянд бослого гарав. Ингээд 11 дүгээр сарын 27-нд Сычуань муж “энх тайвнаар” тусгаар тогтнолоо зарлав. Учир нь Чингийн амбан сайд болон Зөвлөлдөх Хороо гэдэг байгууллага Сычуаныг Бээжингээс тусгаарлах талаар өмнө нь ярилцаж тохирсон юм. Гэтэл үүний дараахан зарласан Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс Хятадын бүх хүчин нэгэн дуугаар татгалзсаныг сайтар нягтлан судлах ёстой гэж санана. Үүнтэй нэгэн зэрэг шахам Түвд тусгаар тогтнолоо зарлав.
Энэ үед Өмнөдөд Сун ятсений бүгд найрамдах засаг, Умардад Манжийн хаан бүхий хаант засаг зэрэгцэн орших болжээ. Юань шикай өмнө зүгт Уханийн чиглэлд богино хугацааны давшилт хийж өмнөдийн “үймээн”, “самууныг” дарав. Цэргийн энэ давшилтыг Бэйяны арми хийж мөнөөх Дуань цижуй командалсан бөгөөд энэ генерал хожим Ерөнхий сайд болж Монгол руу дайрах шийдвэрийг бас л гаргасан билээ.
Гэхдээ 1911 оны 11 дүгээр сарын 27-нд довтолгоогоо гэнэт зогсоов. Яагаад гэвэл Өмнөдийг бүрмөсөн устгачихаж болохгүй байсан юм. Одоо тэр хувьсгалчдаар манжуудыг айлгаж засгийн эрхийг булааж эхлэв. Тэрээр түр Ерөнхийлөгч болох болзол тулгахаас гадна Ерөнхийлөгч болох талаар гаднын улсуудын саналыг тандаж байлаа.
Юань шикай Чингийн ордны эрх мэдлийг Пу-И-гийн авга эгч бэлэвсэн хатан Лунъюй-д шилжүүлэв. Эзэн хааны болон манжийн язгууртнуудыг Бэйяны армид ихээхэн хөрөнгө хандивладаг болгов. Хойт мужуудын цэргийн болон захиргааны албан тушаалд зөвхөн өөрийн талын хүмүүсийг томилов. Энэ бүхний дүнд Чин гүрний дээдэс аливаа нөлөөллөө алдсан ба Юань шикай дурын үедээ Чин гүрнийг унагаж болох болов.
Ингэсний дараа 1911 оны 12 дугаар сарын 18-нд Юань шикай Өмнөдтэй хэлэлцээ хийж эхлэв. Энэ үеэр Умард үлэмж давуу талтай нь илт мэдэгдсэн юм. Яагаад гэвэл Өмнөдөд 14 “засгийн газар”, хэдэн арван улс төрийн байгууллага ажиллаж байжээ. Арай дэндүү хэтэрхий “ардчилсан” байсан аж.
Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Нанкины конференци дийлэнхи олонхийн саналаар Юань шикайг Хятадын түр Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Энэ л түүнд хэрэгтэй байв.
Яг энэ өдөр Монголчууд хаант Оросын идэвхитэй дэмжлэгтэйгээр тусгаар тогтнолоо зарласан ба мөн тэдний дэмжлэгээр түүнийгээ хамгаалж чадсан юм. Дотоод, гадаад олон хүчин зүйл нийлж байж “хувьсгалын тохироо” бүрддэг гэдгийг монголын сүүлийн үеийн түүхчид “мартаад” их удаж байна. Энд би хаант Оросын засгийн газар “сайхан санааны” үүднээс тусалсан гэж огт хэлээгүйгээ онцлон тэмдэглэж байна.
Гэхдээ л монголчууд Хаант Оросоос мөнгө, цэрэг, зэвсэг, улс төр, дипломатын тусламж авч тусгаар тогтнолоо олсон нь хөдөлшгүй түүхэн баримт юм. Эдүгээ хаант Орос Монголын тусгаар тогтнолын эсрэг байсан мэт гүтгэх нь дэндүү утгагүй. Учир зүггүй үхэр шиг дайраад байвал “шинэ үзэл суртал” хийж болно гэж бодвол их эндүүрэл болно.
Энэ үед Юань шикай Өмнөдтэй хийх хэлэлцээрийг таслаж, Үндсэн Хуульт хаант засагт үнэнч байхаа илэрхийлэв. Ингээд бүр хожим 1912 оны 1 дүгээр сарын 30-нд Юань шикайн заавраар бэлэвсэн хатан Лунъюй Пу Их-гийн нэрийн өмнөөс засгийн эрх мэдлийг ард түмэнд дамжуулж байгаа болон үндсэн хуульт бүгд найрамдах засгийн хэлбэрийг дэмжиж байгаагаа мэдэгдэв.
1912 оны 2 дугаар сарын 5-нд Түр Сенат Чин гүрнийг халах нөхцлийн тухай хуулийн төслийг батлав. 1912 оны 2 дугаар сарын 12-нд Манжийн сүүлчийн эзэн хаан Пу И хаан ширээнээсээ огцров. Үүнээс хоёр өдрийн дараа Нанкины бага хурал болж Сун ятсенийг огцруулж, маргааш нь Юань шикайг Бүгд Найрамдах Хятад Улсын түр Ерөнхийлөгчөөр сонгов. Ингэж 266 жил тогтсон Манж Чин гүрэн нуран унав.
Янз янзийн үнэлгээ
Монголын тусгаар тогтнолын асуудлыг: нэг, Манж гүрэн задран унасан Синхайн хувьсгалын суурь дэвсгэр дээр, хоёр, Хаант засаг унаж, Зөвлөлт засаг тогтсон Октябрийн Хувьсгалын суурь дэвсгэр хоёр дээр л судлан үзэж болно. Өөр арга зам байхгүй.
Гэтэл Монголын түүхчид Синхайн хувьсгалыг мэдэхгүй буюу Хятадын “юм” гэж үздэг, Октябрийн хувьсгалыг коммунист буюу Оросын “юм” гэж үзэн яддаг өвчтэй болсон байна. Ингэхлээр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн хийгээд тусгаар тогтнолыг судлан үзэх боломжийг монголын нэн шинэ түүхчид “алга” болгож байна.
Зөвхөн нийгмийн дэвшил хийж байж тусгаар тогтнолоо олдог гэдгийг толгой нь хамуурсан монголын түүхчид огт мэдэхгүй байна. Хэрэв мэдэхгүй байгаа бол Та нарт мэдүүлээд өгөх хүн Монголд зөндөө байгаа…
Иймээс ганц нэг хүнийг эс тооцвол өнөөгийн монголын нэн шинэ түүхчдийн гараас монголчуудад хэрэг болох бүтээл гарахгүй гэж баталгаатай хэлж болно.
Үүнийг үл зөвшөөрсөн дурын түүхч нэр усаа ил тод хэлээд надтай заргалдаж, заалдаж болно. Харин далдаас, нууцаар тэмцэх гэвэл утгагүй, яагаад гэвэл надтай “нууцаар байлдах” боломж хэнд ч байхгүй…
1921 онд Ардын Хувьсгал хийж, 1924 онд анхны Үндсэн Хууль баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, тусгаар тогтнол баталгаажин, Монгол Улс уламжлалт нийгмийг халж, нийгмийн дэвшлийн замаар замнасан юм.
Тэгсэн чинь юу вэ, 1990 онд хэдэн хүн тусгаар тогтнол олгосон ч гэх шиг, хуцваа л байхгүй юу…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2014 оны 2 дугаар сарын 1.
URL: