МАН-ыг дарахын тулд АН тусгай луйвар хийсэн нь үнэн

ace3b96834f6a158original/Улстөрийн намуудын дарга, ЕНБДарга нарын уулзалтын тойм/

Могой жилийн сүүл мушгиж, морь жилийн босгон дээр улстөрийн ууган хүчин МАН-аас улстөрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ээлжилт уулзалтыг зохион байгуулав. Тус намынхан өнгөрөгч аравдугаар сард зохион байгуулсан XXVII Их хурлаас Үндэсний зөвшилцлийг бий болгосон. Уг ажлынхаа хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улстөрийн намуудын дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын дунд уулзалт зохион байгуулж, улс оронд тулгамдаж буй асуудлаар зөвшилцдөг болсон билээ.
Харин энэ удаагийн уулзалтад хориод намын удирдлагууд ирсэн бөгөөд  Үндсэн хуулийн өөрчлөлт, улстөрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гэсэн үндсэн гурван асуудлаар зөвшилцсөн юм. Уулзалтыг МАН-ын генсек Ж.Мөнхбат удирдаж, дарга М.Энхболд нээж үг хэллээ. Ялангуяа өнгөрөгч сонгуулиар илэрсэн санал хураах хар машины луйврыг үгүй болгох тухайд нэлээд тогтож ярилцсан бөгөөд жижиг намуудыг устгах гэсэн АН-ын бүлгийн даргад хаягласан улстөрийн намуудын дарга нарын уцаар ихээхэн байв. Нөгөө талаар уулзалтад хүрэлцэн ирсэн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “намуудын ярьж байгаатай санал нийлэхгүй байгаа”-гаа хэлсэн нь ёстой л “гал дээр тос” гэгч  болж, эрх баригчдын булхай луйврыг бүгдийг нь дуудуулав. Ёстой л ам руугаа алгадуулсан АН-ын генсек өөрийгөө болон намаа өмөөрөх ямар ч боломжгүй болсон юм.

Түүнчлэн “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярт 22 жилийн ял оноосон нь улстөрийн захиалга, эрх барьж буй намын зүгээс хийж буй ажил гэдгийг олонхи намын удирдлагууд онцолж байлаа. Мөн парламентад суудалгүй улстөрийн намуудыг татан буулгах асуудлыг хөндсөн Ардчилсан нам болон бүлгийн дарга Эрдэнэбатыг ардчиллыг устгах гэсэн үйлдлийнхээ төлөө улстөрийн намуудаас уучлалт гуйхыг шаардаж байсан юм. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх, “давхар дээл”-ийг тайлахыг дэмжиж, сонгуулийн болон улстөрийн намын тухай хуулийг сайжруулах, улстөрийн жижиг намуудыг устгах, өмчлөлийг хураан авах тал дээр эсэргүүцэл илэрхийлж тунхаг бичигт гарын үсэг зурцгаалаа. Уулзалтад ирсэн намын удирдлагууд МАН-аас зохион байгуулж байгаа энэхүү уулзалтыг зөв зүйтэй, цагаа олсон хэмээн онцлохын зэрэгцээ үндэсний зөшилцөлд улстөржих байр сууринаас бус хандаж, ажил хэрэг болгох нь чухал байгааг ч дурдаад авсан. Ингээд намуудын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын хэлсэн үгийн тоймлон хүргэе.

Ногоон намын дарга О.Бум-Ялагч: Д.Эрдэнэбат улстөрийн намуудаас уучлалт гуйх ёстой
-Ураны асуудал Монголд аюулын харанга дэлдэж байгаа, хог хаягдлыг Монголд булшлах эсэх тал дээр анхааралтай ажиллаж байгаа. Үүнийг нийт улстөрийн намууд ч анхаарч байх ёстой. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үүссэн нөхцөл байдал, Францын Арева компанитай цөмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээг ашигтай байдлаар хийсэн Батлан хамгаалахын сайд Гадаад хэргийн сайд Л.Болд, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр нарыг огцруулах хэрэгтэй. Ийм гэмт хэрэг өдүүлсэн хүн сайд байж болохгүй. Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж явсан “Гал үндэстэн холоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярт 22 жилийн ял оноосон нь улстөрийн захиалга, тодруулбал, эрх барьж буй АН-ын захиалга. Үүнд улстөрийн намууд уриалга гарган тэмцэнэ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат улстөрийн зорилгоор жижиг намуудыг устгах, өмчлөлийг хураах тухай асуудал дэвшүүлсэн нь ардчиллын баг зүүсэн фашист нам болохоо харуулж байна. Тэгэхээр Д.Эрдэнэбат улстөрийн намуудаас уучлалт гуйх ёстой.

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх: АН ардчилсан биш фашист нам
-Монголын ардчиллыг АН  устгаж байна. АН-ын бүлгийн дарга парламентад суудалгүй намуудыг устгах тухай ярьж байгаа нь энэ нам ардчиллын амыг барьж байгаа нэг томоохон үзүүлэлт юм. Улс орноо өрөнд оруулж, өчнөөн хүний аминд хүрсэн хүмүүс ямар ч ялгүй наранд явж байна. Гэтэл эрх чөлөө, газар шорооныхоо төлөө тэмцэж явсан хүнд 22 жилийн ял өгсөнтэй хэзээ ч санал нийлэхгүй. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын хувиар үүний төлөө тууштай тэмцэнэ. Энэ бол эрх баригч намын захиалга гэж бодож байна. Ерөөсөө АН ардчилсан биш фашист нам.

Либерал намын дарга Б.Мөнхцэлмэг: Ц.Мөнхбаярт өндөр ял оноосон нь ч ардчилсан бус захиалгат зүйл
-Эрх баригч нам жижиг том нам гэж ялгах хэрэггүй. Энэ бол ардчилсан үзэл санаа, ардчилсан нийгэмд харш зүйл гэдгийг тэд өөрсдөө мэдэж байгаа. Нөгөө талаар Ц.Мөнхбаярт өндөр ял оноосон нь ч ардчилсан бус захиалгат зүйл. Уулзалтыг улстөржихгүйгээр хийе.

Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаа: Тэр хар машины талаар ярих хэрэгтэй

-Юуны өмнө сонгуулийн луйвар хийж байгааг зогсоохын төлөө улстөрийн намууд нэгдэх хэрэгтэй. Тэр хар машины талаар ярих хэрэгтэй. Дэлхийд хоцрогдсон, хэрэглэхээ байсан машинаар санал хураах нэртэй луйвар хийдэгээ болих хэрэгтэй. Тэгэхийн тулд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатайн зэрэгцээ улстөрийн намуудын хуулийг ч өөрчлөх нь зүйн хэрэг. Түүнчлэн “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаярыг шүүсэн зүйлчлэл нь буруу. Энэ тал дээр улстөрийн намууд нэгдэх шаардлагатай байна.
Хамуг Монгол Хөдөлмөрийн Намын дарга Ц.Шинэбаяр:Эрх баригчид бусад намын үгийг сонсох хэрэгтэй
-Эрх баригч нам Үндсэн хуулийн цэцийн саналыг хүлээж авах хэрэгтэй. Энэ бүгдийг хүлээж аваад, УИХ-аар хэлэлцэх юм бол дордуулсан долоон өөрчлөлт нь аяндаа хэвэндээ орно. Эрх барьж байгаа л бол бусдынхаа үгийг сонсдоггүй гэсэн хууль байхгүй биз дээ. Ерөөсөө эрх баригчид бусад намын үгийг сонсох хэрэгтэй.

Уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд: Танай намын дарга улс орныхоо төлөө санаа зовдог уу
-Өнөөдрийн уулзалт чухал, цаг үеэ олсон зүйл болж байна. Цаашид хэвлэл мэдээллийг оруулалгүй хаалттай хийх хэрэгтэй. Жижиг намуудыг устгах тухайд дээр доргүй ихэд эгдүүцэж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Ц.Оюундарь даргаа, танай намын дарга яагаад ирдэггүй юм бэ. Танай намын дарга улс орныхоо төлөө санаа зовдог уу. Зовдог бол шантрашгүй ч гэлүү шагнал авах гээд гүйж байхаар энд ирж бусад улстөрийн хүчнүүдийн үгийг сонсоход яадаг юм. Та нар эрх бариагүй байхдаа өөр зүйл ярьдаг байсан. Харин өнөөдөр эрх барихаараа өөр зүйл ярьдаг байж болохгүй. Ц.Мөнхбаярт өндөр ял өгсөн нь эрх барьж байгаа намын буруу. Намын болон сонгуулийн хуулинд косметик биш капитал касвар хийх хэрэгтэй.


АН-ын генсек Ц.Оюундарь: Намуудын ярьж байгаа зарим зүйлтэй санал нийлэхгүй байна

-Уулзалтыг зохион байгуулалттай болгох хэрэгтэй. Надад өчигдөр л урилга ирсэн. Юу хэлэлцэх гэж байгааг нь сэдээгүй, үүнийгээ тод болгох хэрэгтэй. Ерөнхий сайд цаг наргүй ажилладаг учраас урьдчилан сануулж цаг авч бай. Намуудын дарга нар ажил хэрэгч биш юм ярьж байна.

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан: АН одоо ажлаа хий, луйвраа зогсоо
-Д.Эрдэнэбат гэж нэг хогийн шүгэл юу гээд байгаа юм. МАХН-ын Удирдах зөвлөлд байсан юм билээ. Хувьсгалт намын тагнуул л юм билээ ш дээ. АН тэр нөхөртэй хариуцлага тооцож хөөж явуул. АН яах гэж ийм тагнуул орогнуулаад байгаа юм. Багануурын бүх тендерийг авдаг гэсэн. Өөрөө Багануурт баар ажиллуулдаг нэг нөхөр л байна лээ ш дээ. Нэг муу баарны эзэн. Та нар ингэлээ гээд яах юм. Ганц худагт аваачаад буудчихгүй л бол яах юм. Орой болгон телевизээр гарна. Нэг халзан толгойтой нөхөр даналзаад тэр юу вэ. Тэрнээс хэн айгаад байгаа юм. Миний байгуулалцсан АН-ын нэрийг хөөдөөд байна. Би энэ намыг байгуулагдаж байхад бас зүрх сэтгэлээ өгөөд явж байсан. Ц.Оюундарь одоо үүнийг хөөж явуул. Оюундарь уг нь гайгүй хүүхэн юм шиг байгаа юм. Би хараад л байгаа.
Бид намын нарийн бичиг нэртэй захын нэг хүүхнээр  юу ярих ярихгүйгээ заалгахгүй. 20-иод намын дарга ирчихээд байхад танай намын дарга яагаад ирж болдоггүй юм. Ардчилсан нийгэм юм бол бид шүүмжлэх ч болно, ярих ч болно. Аавдаа авгай авахыг битгий заа. 2012 оны сонгуульд АН, МАН-ыг дарахын тулд тусгай луйвар хийсэн нь үнэн. Луйвар хийхгүй бол МАН-ыг дийлэхгүй байсан шүү дээ. АН одоо амлалтаа биелүүлж ажлаа хий. Дараа дараагийн уулзалтад ир гэж тэр намын даргадаа хэл. Тэр данхар халзан толгойтой Д.Эрдэнэбат гэдэг нөхөр МАН-д байсан шүү дээ. Дүүргээсээ ганц ч удаа гарч чадаагүй байж олон юм ярих хэрэггүй, улстөрийн намуудаас уучлал гуй гэж хэл, бүлгийн даргадаа. Ц.Мөнхбаярт өндөр ял өгсөн нь туйлын буруу. Танай намаас сонгогдсон Ерөнхийлөгч энэ тал дээр нааштай хандана гэдэгт итгэж байна. Тиймээс АН санаачилга гарга. Цаана чинь төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн өчнөөн новшнууд гэмгүй явж байна, тэднийг шоронд хийхгүй юу.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: АН эрх барьж байна гэж худлаа томрох хэрэггүй
-Бид үндэсний зөвшилцлийн хүрээнд бусад улстөрийн намын удирдлагуудад урилга хүргэхдээ хэлэлцэх асуудлаа ЕНБДарга нарынх нь майл хаягаар хоёр хоногийн өмнө явуулсан. Өмнөх уулзалтуудад АН-ын даргыг уриад ирдэггүй, Ерөнхий нарийн бичгийн даргыг ч уриад ирдэггүй. Ингээд танай нам өмнөх уулзалтуудад ирээгүй учраас асуудлаа хэний хаягаар явуулах нь тодорхойгүй болсон хэрэг. АН эрх барьж байна гэж томрохоо болих хэрэгтэй. Наад засгийн чинь эрхийг барьж үзсэн намууд байна. Харилцан бие биеээ хүндэтгэж ажил хэрэгч хандья. Гэнэт орж ирчихээд тэнгэрийн юм яриад байдагаа болих хэрэгтэй, энэ уулзалтын протоколыг майлээр хүргүүлнэ. Харин хаягаа өгөөрэй гэв.

Ингээд МАХН, ИЗНН, Эх орончдын нэгдсэн нам, Консерватив зэрэг намуудын удирдлагууд саналаа хэлсэн бөгөөд улстөрийн намуудын үйл ажиллагааг төрөөс санхүүжүүлдэг болох, сонгуулийн тогтолцоог пропорцаниаль давамгайлсан болгох, жижиг том гэж намуудыг ялгадагаа болих, Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар бүх ард түсний санал асуулга явуулах, сонгуулийн болон намын тухай хуулинд косметик биш капитал засвар хийх, намын өмчлөлийг аж ахуй нэгж, ТББ-д шилжүүлж болох зэрэг олон ажил хэрэгч санал гарлаа.

Эдгээр саналыг зохион байгуулагчийн хувьд МАН нэгтгэж УИХ-ын ажлын хэсэгт болон намуудад хүргүүлэх, дараагийн уулзалтыг гуравдугаар сарын сүүлээр нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн асуудлаар хийхээр болж, тунхаг бичигт гарын үсэг зэрснаар өндөрлөсөн юм.


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих