Оросууд шатахуун нийлүүлэхгүй байгаа нь тодорхой шалтгаантай

УИХ-ын гишүүн  П.Алтангэрэлтэй ярилцлаа.
-Сонгуулийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Намууд холимог хувилбар дээр санал нэгдсэн атал та ганцаараа “жижиг 76-гаараа явах нь дээр” гэсэн нь сонир­хол татаж байна. Яагаад?
-Энэ хуулийн хувьд намын бодлого гэж байх ёстой. Хувь хүний хувьд бол би жижиг 76 тойрогтой байх нь хам­гийн сайн хувилбар гэж үздэг. Монгол орон өргөн уудам газар нутаг, тархай бутархай хүн амтай. Харин УИХ-ын гишүүн бол ард түмнийг төртэй холбох гүүр болохоор энэ систем тохи­ромж­той. Сонгогчид тодорхой хүнийг сонгож төрд илгээгээд тухайн хүнтэйгээ хариуцлага ярих болж бай­гаа. Пропорциональ системээр санал хураах юм бол сонгогч намтай л тулах болно. Жижиг мажоритари системээр сонгууль явуулах юм бол тухайн гишүүн ядаж жилд хоёр удаа уулын мухарт очиж сонгогчидтойгоо уулзалт хийнэ. Энэ талаасаа иргэдтэйгээ ойрхон ажиллах нь сайн талтай. Пропорциональ болон холимог тогтол­цоог сайн гэж хэн баталсан юм. Харин тааруухан байгаа хувилбараа цоорхойг нь нөхөж улам сайн болгоод цааш явах хэрэгтэй. Одоо хэн ч мэдэхгүй, хэн ч ойлгохгүй хувилбарыг манайхан ярьж байна. Ямар утга санааны үүднээс энэ хувилбарууд яригдаад байгааг би мэдэхгүй. Харин мэддэг хувилбараа улам сайн болгох хэрэгтэй гэж бодож байна.
-Таны хэлж байгаагийн нөгөө талд тойрогтоо ажиллана гэх нэрийд­лээр амлалт өгөх байдлаар иргэдийн саналыг худалдан авах явдал арилах­гүй юм биш үү?
-Төрийн бодлогод ард түмэн садаа болно гэж юу байх вэ. Ард түмний бодлого бол төрийн бодлого. Ард түм­нээсээ тасарсан төр иргэнд хэрэгтэй бодлого гаргахгүй. Ард түмнээ сонсч байж тэдэнд хэрэгтэй бодлого гаргах хэрэгтэй. Ард түмэнтэйгээ жилд ядаж хоёр удаа очиж уулзаж, аж байдлыг нь мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй энд ирж том том юм яриад, том бодлого гаргаж байна гэх зүйл байхгүй.
-Амлалтын тухайд?
-Хуулиар элдэв зүйл амлахыг хориг­лох, амласан өгсөн нь тогтоогдвол хатуу хариуцлага хүлээлгэх, УИХ-ын гишүүд намын хөтөлбөрийн дагуу бод­лого явуулах, хувийн мөрийн хөтөлбөр дэвшүүлэхгүй байх зэргийг зохицуулж өгөх ёстой.
-Холимог тогтолцоо нэгэнт ява­хаар болсон. Гэхдээ 50:26, 38:38 гээд хэд хэдэн янзын хувилбар яригдаж байна. Эдгээр тооны хувьд та ямар байр суурьтай байгаа бол?
-Энэ талаар одоо ч яригдаж байна. Эдгээр тоонуудад үнэндээ ялгаа байх­гүй. Дахиад л монголчуудыг туршил­танд оруулах гээд байгаа юм.
-АТГ-ын даргын томилгоог яагаад УИХ хийхгүй байна, таны бод­­лоор асуудлыг шийдэх цаг нь болсон уу?
-Би анхнаасаа АТГ-ыг байгуу­лагдахад нь л эсэргүүцэж байсан. Энэ бол хамгийн хэрэггүй байгууллага. Одоо харин хурдхан татан буулгах хэрэгтэй. Яг өнөөдрийн нөхцөлд бол шүүх эцсийн шийдвэрээ гаргачихсан. Шүүх гэм буруутайг нь тогтоочихсон байхад өөр хэнээр тогтоолгох гээд хүлээгээд байгаа юм. Ингэхээр оронд нь ажиллах хүнийг л томилоод ажлыг нь үргэлжлүүлэх ёстой.
-Шатахууны хомсдол Засгийн газрыг хүнд байдалд оруулж байна. УИХ энэ талаар ямар нэг бод­лого гаргах болоогүй юу, яагаад өнөөг хүртэл ганц улсаас хараат байгаад байна гэдэг дээр?
-Миний бодлоор түлшний хомсдол зөвхөн ОХУ-д түлш хомсдсонтой холбоо­той зүйл биш. Манай улсын хэрэгцээ гэдэг тэр том гүрний өчүүхэн хэсэг. Ёстой цэг төдий зүйл. Энэ нь манайхыг байнга шантаажилж байх том гүрний л бодлого. Үүнээс ангижрах хамгийн том боломж бол өөрсдөө нефтиэ боловсруулах. Нефтийн түүхий эд байгаа юм чинь боловсруулах үйлдвэрээ байгуулж бие дааж хөгжих хэрэгтэй. Хоёр том гүрний нөлөөнөөс ангид байхын тулд гуравдагч гүрний техник технологийг оруулж ирэх хэрэгтэй. Гуравдагч гүрний сонирхож байгаа зүйлийг өгөөд ч хамаагүй үйлдвэрүүдээ байгуулаад нефть, хүнс хоёроор хоёр хөршөөсөө хараат бус болох ёстой. Нефть боловсруулах үйлд­вэр байгуулна гэж олон жил ярьсан ч юу ч хийж чадаагүй л байна. Өнөөдрийн манайд үүсээд байгаа хүндрэл дээр дөрөөлөөд ямар нэг зүйл хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавибал бид яах вэ. ОХУ долоо хоног нийлүүлэлтээ зогсооход бид хямралд орж байна.
-1998 онд Ерөнхийлөгч П.Очирбат дээлийнхээ энгэрийг газ­рын тосоор мялааж байсан? Тэр үеэс л боловсруулах үйлдвэрийн тухай ярьж эхэлсэн биш үү?
-Би Ерөнхий сайдтай хамт Там­сагийн газрын тосны орд газартай танилцаад ирсэн. Би тэдэнд хатуухан үг хэлсэн. “Та нар энд түр амьдрах гэж байгаа юм шиг битгий асуудалд хандаад бай. Бүтээн байгуулалт, зам гэрэлтүүлгийн ажлаа шийд. Нөхөн сэргээлтээ хийлгэ” гэх шаардлага тавь­сан. Нефть боловсруулах үйлд­вэр байгуулахад нөөц хамгийн чухал. Тодорхой хэмжээний нөөцтэй байж нефть боловсруулах үйлдвэр байгуулдаг. Гэтэл зөвхөн Тамсагийн “Петро Чайна Дайчин Тамсаг” компа­нийн үйл ажиллагаа явуулж байгаа 19 дүгээр талбайн нөөц л гэхэд 119 сая тонн байгааг, Эрдэс баялгийн зөв­лөл баталсан байна. Цаана нь хятадууд “57 сая тоннын нөөцийг баталж өгөхгүй байна. Түүнийг баталж өгвөл замаа тавьж гэрлээ тавимаар байна” гэсэн шантааж хийж байгаа. Манай тал “Нөөцийг нь батлана гэдэг Монголын төрийн бодлого, иймд та нарт ямар хамаатай юм” гэдэг талаас  нь хариу өгч байна. Тэд хийх юмаа л хийх ёстой. Монголын төр тэднээр ажлаа заалгахгүй. Батлах зүйлээ бат­лана, батлахгүйгээ батлахгүй. Нөөц дутуу баталсан нь зам тавихгүй байх, байгалиа нөхөн сэргээхгүй байх шалт­гаан биш. Зөвхөн энэ 19 дүгээр талбайн нөөцөөр сардаа 300 тонн нефт боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулж болно.
-Гэхдээ үйлдвэрийг түүхий эд, нөө­цөө түшиглэж байгуулах уу, нааш тээ­вэрлэх үү гээд асуудал байдаг биз дээ?
-Үйлдвэрийг хаана байгуулах вэ гэдгийг зөв сонгох хэрэгтэй. Сонголт бол Чойбалсан хот. Нэгдүгээрт, түүхий эд нь тэндээс гардаг. Хоёрдугаарт, өөрөөс олборлож буй түүхий эдийг өөрийн үйлдвэрт боловсруулахаас гад­на гаднаас түүхий нефть экспортлож боловсруулах боломжийг төмөр замын сүлжээгээр хийх боломжтой. Энэ ажлыг түргэвчлэлгүй, гар хөл боомилсон дүрэм журам, зөвшөөрөлтэйгээ зуурал­даад байх хэрэггүй л баймаар байна.
-ОХУ-аас шатахуун нийлүүлэхгүй байгаагийн цаана ямар ашиг сонир­­хол байна гэж та боддог вэ, манай байгалийн баялгад оролцох орол­цоо­той холбоотой гэдэг үнэн үү?
-Энэ талаар мэдээлэл байна. Гэвч одоохондоо ярих цаг нь болоо­гүй. Жирийн нэг иргэн ярьж байгаа биш, Монголын төрийн бодлогыг тодорхойлолцож яваа хүн гэдэг утгаа­раа, Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж байгаа үе ч давхацлаа. Энэ утгаараа хоёр орны хувь заяатай холбоотой олон чухал асуудал яригдах байх. Ийм үед ойлгомжгүй зүйл яриад байх нь хоёр орны харилцаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Таамаглал яриад байж болохгүй.
-Засгийн газраас хэрэгжүү­лэх ёстой “Шинэ бүтээн байгуулалт” хөтөл­бөрийн хэрэгжилттэй УИХ танилц­сан, ямар үнэлгээ өгч байна?
-Хөтөлбөр хэрэгжинэ гэдэгт итгэл­тэй байна. Төмөр замын ажил эхлээд явж байна. Замын ажлын тендер явуулж цаг хугацаа алдалгүй шууд гэрээ байгуулаад үндэсний компаниудаар хийлгэх шийдвэр гаргачихлаа. Ер нь ажил руугаа орж байна.  Үүнийг зарим хүмүүс янз бүрээр л тайлбарлаж байна. Гэвч би дотор нь байгаа хүний хувьд ойлгож байгаа. Ямар ч төрд хүнд суртал байдаг. Гэхдээ аль болох бага байлгах нь л чухал. УИХ-ын баталсан Засгийн газрын “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр ч ямар ч байсан үр дүнд хүрнэ. Яагаад гэвэл Монгол мөнгөтэй болох боломж байна. Мөнгөтэй бол юуг л бол юуг хийнэ.
-УИХ-аар хэлэлцэж байгаа бүсийн нэмэгдлийн тухай хуулийн талаар та юу гэж бодож байна. Танай намын бүлэг “Төрийн албан хаагчдад дэмжлэг үзүүлнэ гэж иргэ­дээ алагчлалаа, бусдад нь ч гэсэн дэмжлэг хэрэгтэй” гэсэн боловч дэмж­лэг аваагүй?
-Зөв хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрэх болно. Хязгаар нутаг, тухайлбал Дорнод аймагт амьдарч буй хүн Улаанбаатар хотод амьдарч буй хүнтэй адил нөхцөлд амьдрах боломжийг энэ хуулиар хангах гээд байгаа юм. Монгол төрийн бодлого бол хэн ч байсан оршин буй газраа сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлэх явдал. Үүнийг нь бүрдүүлж чадаагүй болохоор төв рүү ирж бөөгнөрөөд байгаа юм. Бүсийн нэмэгдлийг зөв зохион байгуулж чадвал Улаанбаатар хотоос зах руугаа, аймаг, сум руугаа чиглэсэн урсгал бий болно. Тэнд ажиллаж амьдарвал надад хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэх юм, арай илүү цалин авах юм, хямд орон сууцтай болох юм гэдэг нөхцлийг нь бүсийн нэмэгдлээр дамжуулж өгөх юм. Ингэснээр Улаанбаатар хотын утаа, түгжрэл гээд асуудлууд аяндаа саарна.
-Хуулийн төсөлд гэхдээ бодлого хангалттай хэмжээнд суугаагүй юм шиг санагдсан?
-Тийм ээ. Өнөөдрийн хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн төсөл дээр ажиллах ёстой. Хэлэлцүүлгийн явцад л сайжирна. Хэлэлцүүлэхгүй буцаачихвал асуудал байдгаараа л үлдэнэ.
-Саяхан танай байнгын хорооноос гарсан ажлын хэсгийнхэн Туул голын дагуу шалгалтаар явсан ч Био комбинатын орчимд барьж буй гольфийн талбайн газарт нэвтэрч чадалгүй буцсан гэсэн. Яагаад?
-Туул голын орчимд хайрга олборлолт, цэвэр усны шугам тавих, бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагуудын үйл ажиллагааг шалгаж нийслэл дундуур урсч буй ганц голоо хэрхэн хамгаалах вэ гэдэг арга хэмжээ авна. Ийм шалтгаанаар ажлын хэсгийн гишүүд газар дээр нь ажиллаж байна. УИХ-ын ажлын хэсгийн явуулахгүй байна гэдэг том асуудал.Энэ нь Монгол Улсын хуульд захирагдаж ажилладаг газар мөн үү гэдэгт эргэлзэж байна. Монгол улсын төрөөс байгуулагдсан ажлын хэсгийнхний эрхэд халдаж байгаа бол тэд болих хэрэгтэй. Тэдэнд биднийг оруулахгүй байх эрх нь байгаа гэж байгаа бол бидэнд тэднийг оруулахгүй байх эрх нь бас бий. Энэ асуудлыг нухацтай авч үзэх болно.

Б.Алтансүх
vip76.mn


URL:

Сэтгэгдэл бичих