Баян-Өлгий аймагт H1N1 вирусийн халдвар илэрлээ
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат 4 иргэнд энэ сарын 24-ний өдөр халдварт өвчний сэжиг бүхий шинж тэмдэг илэрсэн нь томуугийн A хүрээний H1N1 вирус гэж тогтоогдлоо.
Дээрх өвчтөнүүдээс дээж авч Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 01 дүгээр сарын 27-ны өдрийн хариугаар А /34 настай, эмэгтэй/, А /31 настай, эмэгтэй/, Г /5 сартай, эм/, И /4 сартай, эм/ нарын 4 иргэн H1N1 вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон тул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Үүнтэй холбогдуулж, тус аймгийн Онцгой комиссын өчигдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд 7 хоногийн хугацаатай хязгаарлалт хийсэн.
БНХАУ-д гарч байгаа шувууны томуугаар 10 хүн шинээр өвчилж, нийт онош батлагдсан өвчлөлийн тохиолдол 219, үүнээс нас барсан 55 болоод байгаа юм. БНХАУ-ын зарим мужид шувууны томуугийн А вирусын халдварын хүний өвчлөл бүртгэгдэж, нэмэгдэх хандлагатай байгаа тул энэ нутагт явах аялалаа түр хойшлуулах, гадаадад явж байгаа иргэд амьд шувууны захаар орохгүй байх, шувуу, шувууны бүтээгдэхүүнтэй хавьтахаас сэрэмжилж, хоол хүнсээ зөв сонгох, бүрэн боловсруулж хэрэглэх, гараа сайн угааж, ариун цэврийн дэглэм сахихыг зөвлөж байна.
Н.Туяа
URL: