Мянгат малчдын нутаг Эрдэнэмандал хониороо улсад тэргүүллээ

malchin_huu-middleАрхангай аймгийн нутгаар цас багатай, цаг агаар нь дулаан, өнтэй сайхан өвөл болж байна. Хэзээнээсээ ажилсаг, малч удмынхан хэмээн хэлэгдэж ирсэн зон олон энэ жил хамгийн олон хонь тоолуулсан амжилтаар улсад тэргүүлжээ.

Мөн улсын хэмжээнд 53 мянгат малчныг тодруулсны хоёр нь Архангай аймгийнх юм байна. Тиймээс манай сурвалжлах багийнхны нутгийн зах руу ороод уулзсан, ярьсан болгон ийнхүү бахархал омогшлоор дүүрэн угтаж байв.

Энэ нутгийг бүхэлд нь сайн малчин, мянгатуудын өлгий гэж хэлж болох юм. Учир нь сум болгонд сайн малчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгааг иргэд ярьж байна. Нэг мянгатаас эхлээд малынхаа тоо толгойг хоёр, гурав, дөрвөн мянгад хүргэж өсгөсөн, тэр хэрээр сумандаа ажлын байр бий болгож, бусдад буянаа түгээж яваа сайчуул ч олон байдаг ажээ.

Мөн нэг сумын малчин гэхэд л нөгөө суманд хэн малаа хэрхэн өсгөж амжилттай явааг, хэнд ямар арга туршлага байгааг бахархан ярьж буйгаас үзэхэд мэдээлэл ч сайтай байдаг бололтой. Бид Архангай аймгийг зорихдоо хониороо улсад тэргүүлсэн, мөн улсын сайн малчинтай болсон гээд давхар амжилтаар морин жилийг угтаж буй Эрдэнэмандал сум болон Хайрхан сумын Хайрхан багаас төрсөн улсын сайн малчин, хоёр мянгат Загдын Тэрбиш гуайнхаар орох зорилготой явсан юм.

Хужирлаг өвстэй ер бусын нутаг

Эрдэнэмандал сумын Алаг-Уул багаас төрсөн улсын сайн малчин, хоёр мянгат Самбуугийн Мягмарсүрэн гуайнд зочлов. Ах дүү, хамаатан садан, нутгийн зон олон гээд тэднийд гэр дүүрэн хүн цуглажээ. Нийслэлээс түүний ах Төрийн соёрхолт, геологийн ухааны доктор С.ЦэрэнОчир гуай ирсэн байв.

Тэрээр дүүтэйгээ хууч хөөрөнгөө “Манай нутаг өвс нь хужирлаг, нарийн ногоо ихтэй, мал өсөхгүй байхын аргагүй нутаг шүү” хэмээн ярьж сууна. Тэдний аав, ээж малч, ажилсагаараа хүндлэгдсэн буянтай буурлууд байжээ. Найман хүүхдийнх нь хамгийн бага өдгөө улсын сайн малчин болж нутгийхныхаа магнайг тэнийлгээд буй Мягмарсүрэн гэнэ. Тэрээр мал маллаад 35 жил болж байгаа юм байна.

Энэ хугацаанд зүтгэж, бүтээснийг нь төр ийнхүү үнэлсэнд баярлаж, амжилтаа улам ахиулахын төлөө хичээнэ хэмээн ярьж байлаа. Тэднийх хоёр хүүхэдтэй, дөрвөн туслах малчинтай. Том хүү нь тусдаа гарч, аав ээждээ мал маллахад нь тусалж малчин болжээ. Харин бага охин нь наймдугаар ангийн сурагч. Малынхаа ашиг шимээр гэр бүлийнхээ хэрэгцээг хангаад зогсохгүй, туслах малчдаа цалинжуулж, малжуулахад анхаарснаар нэг өрх л гэхэд 100 гаруй толгой малтай болж чадсаныг гэргий Г.Наранцэцэг нь ярив.

Тэд анх гэр бүл болохдоо 100 гаруй толгой малтай байсан бол өнгөрсөн 30 гаруй жилд хоёр мянга гаруй болгож тоо толгойг нь өсгөсөн амжилтаар морин жилтэй золгож байгаа аж. Тус сум эртний хаадын нутаг гэдгээрээ алдартай. Өнөө цагт эрдэмтдийнхээ тоогоор улсдаа тэргүүлдэг. Тэгвэл улсын сайн малчин, мянгат малчдынхаа тоогоор улсад тэргүүлэх цаг иржээ. Сумын хэмжээнд 57 мянгат малчинтай, тэдний тав нь хоёр мянгат болсон амжилттай. Тэгвэл энэ жил шинээр есөн хүн мянгат малчин болж батламж, өргөмжлөлөө гардаж авлаа.

Д.Тэрбишдагва / Шадар сайд/: Манай нутгийнхан малын тоог биш Чанарыг эрхэмлэдэг

Хөөр, баяр дүүрэн амжилтаа тэмдэглэж буй Эрдэнэмандал сумынханд бас нэг баяр давхцсан нь тус нутгаас төрсөн оюунлаг эрхмүүдийн нэг, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва хүрэлцэн ирсэн юм. Тэрээр “Ус нутагт маань баярт үйл явдал тохиож байхад бахархахгүй, омогшихгүй байхын аргагүй. Тиймээс нутгийнхаа ажилсаг ард түмэнд баяр хүргэж амжилт хүсье. Манай сум “Хөдөлмөрч нэгдэл” нэртэй байсан. Зах зээлийн үед нутгийн иргэд үнэхээр сайн хөдөлмөрлөж байна. Манай нутаг үүх, түүхээсээ эхлээд байгаль нь сайхан, хүмүүс нь оюунлаг. Тэгвэл энэ нутгаас Монгол Улсын сайн малчин, аймаг, сумын сайн малчид олноороо төрж байгаа нь бахархууштай.

Монголын 335 сумаас хамгийн олон малтай, тэр дотроо хонио 372261 тоо толгойд хүргэж, хамгийн  олон хоньтой сумаар тодорч байгаа нь үнэхээр гайхамшигтай. Тэр байтугай мал сүргийнх нь бүтэцийг харж байхад малаа таван төрөлд нь өсгөж, маш зөв бүтцээр авч яваа нь анзаарагддаг. Гэтэл зарим газар зөвхөн малын тоогоор уралддаг.

Сүүлийн үед манай сум малын чанарт онцгойлон анхаарч байгаа. Миний бие аймгийнхаа хэд хэдэн суманд малын чанар сайжруулах төсөл хэрэгжүүлсний дотор Эрдэнэмандал хамрагдсан. Гарч буй хөх морин жилийг угтаж, нутгийнхаа хөдөлмөрч ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе. Мөн нэр хүндтэй шагналыг гардуулахаар ирсэндээ баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

З.Тэрбиш /Улсын сайн малчин/: Жилийн нуруу сайн, хүн малд ээлтэй байлаа

Хайрхан сумын Хайрхан багийн улсын сайн малчин З.Тэрбиш гуайнд буухад хүүхдүүд нь энд тэндээс цуглачихсан хөл ихтэй байлаа. Насаараа мал маллаж, үр шимийг нь хүртэж яваа тэрээр энэ жил жилийн нуруу сайн, хүн малд ээлээ өгсөн сайхан өвөл боллоо хэмээн ярьж байна.

Насаараа шахам мал маллаж ирсэн түүний хувьд сумын сайн малчин, шилдэг малчин, аймгийн сайн малчин, мянгат малчин, хоёр мянгат малчин зэрэг амжилтаар энэ хүртэл буухиалж иржээ. Мал өсч, сүрэг тарган тавтай байгаа нь малдаа байна уу, малчиндаа байна уу гэхэд тэрээр нутгаа л магтаж сууна.

Ус нутаг нь нэр шигээ эрдэнэ болсон энэ нутаг байгаль нь сайхан, өвс ургамал нь нүнжигтэй, тийм болохоор мал сүрэг өсч, чанар нь ч сайн байдаг гэнэ. Арын сайхан хангайхан ийнхүү морин жилийг амжилт бүтээлээр угтаж байна. Малч удмын зон олонд мал сүрэг нь тарган тавтай, сар шинэдээ сайхан шинэлэхийг ерөөе.

Ч.Олдох


URL:

Сэтгэгдэл бичих