Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр анхны мэдээлэл

16c356231c1c07big

Шинээр байгуулагдсан Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр өнөөдөр сэтгүүлчдэд анхны мэдээллээ хийлээ. Тэрээр хэвлэлийн бага хурлын эхэнд Тахарын алба, ТЕГ-ын тухай ерөнхийд танилцуулж, үүнийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулсан юм.

Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх юм. Мөн улс дамнасан ялтныг гадаад улсад шилжүүлэх, шилжүүлэн авах үйл ажиллагааг ч тэд хариуцаж ажиллахаар болсон билээ.

Энэхүү албыг хүмүүс янз бүрээр хүлээж авч байгаа. Тухайлбал Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж “Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийг чинь миний үед хийж байсан юм шүү дээ.  Түүгээр бол шинэ алба байгуулахгүйгээр одоогийн цагдаагийн хүрээндээ л хамгаалалтыг нь хийгээд явах бололцоо байсан. Нөгөөтэйгүүр, Тахарын албыг 500 хүнтэй байгууллаа гэхэд Улаанбаатар хот, бүх аймагтаа хуваахаар нэг газарт хэдэн тахар байх юм. Хүн хүч нь хүрэлцэхгүй цагдаагаас л гуйна. Цагдаа нь манайд хамаагүй, асуудлаа шийд гэвэл тэгээд л хад мөргөнө шүү дээ”  хэмээн шүүмжилж байсан.

Энэ талаархи Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаярын байр суурийг сонсоход “Ц.Нямдорж гишүүн чухам ямар тооцоо судалгаанд үндэслэж ингэж хэлснийг мэдэхгүй. Гэхдээ нэгэнт алба байгуулах тушаал шийдвэр нь гарчихсан. Одоо Шүүхий Ерөнхий зөвлөл, ЦЕГ, ШШГЕГ-уудаас хүмүүсээ аваад алба байгуулах ажил үргэлжилээд явна. Манай Ерөнхийлөгч ухаалаг төр рүү шилжинэ гэж сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашигласан, цомхон төрийн тухай ярьж байна. Үүнтэй л адил Тахарын ерөнхий газар цаашид нүсэр бүтэцээс татгалзсан цомхон хэрнээ хүчтэй алба байх болно” гэв.

А.Анар

URL:

Сэтгэгдэл бичих