Д.Батбаяр батлан даалтад гарахыг хүслээ

“Зоос” банкны удирдлагатай холбоотой хэргийг Улсын мөрдөн байцаах газраас өнгөрсөн жилээс эхлэн өнөөг хүртэл шалгаж байна. Хэрэгт холбогдуулан тус банкны захирал асан Ш.Чуданжийг Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар  “Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчиж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр хэрэгт татан шалгаж байсан юм. Түүнийг өнгөрсөн  сарын 15-ны өдрөөс Ганц худаг дахь урьдчилан саатуулах төвд  14 хоног цагдан хорьсон билээ. Энэхүү мэдээллийг зарим эх сурвалж үгүйсгэсэн ч  хэрэгт хяналт тавьж буй прокурорын тайлбараар “Ш.Чуданжийг  цагдан хорьсон нь үнэн. Гэхдээ эрүүл мэндийн байдлын улмаас түр хугацаагаар сулласан” гэсэн тайлбарыг өгсөн. Түүнийг суллагдсанаас хоёр хоногийн дараа Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаярыг хорьсон юм. Түүнийг банкны хууль тогтоомж зөрчиж хадгаламж эзэмшигчдийн мөнгийг шамшигдуулсан, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт сэжигтнээр татсан байна. “Зоос” банкны нийт хувьцааны 51 хувийг Д.Батбаяр эзэмшдэг аж. Тухайлбал, өөрийн нэр дээр 22.9 хувь, “Ой мод” ХХК /өөрийнх нь эзэмшлийн/ 17.3 хувийг, “Нэгдэлчин” зочид буудлын 2.3 хувь төрсөн хүү Б.Хатантүлхүүр  4.2 хувь, Б.Хатантуул нь 3.3 хувь эзэмшиж байжээ. Тэрбээр “Зоос” банкийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд байгуулагдсан цагаас төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан хувь нийлүүлэгчдийн нэг аж. Харин түүний араас Сангийн яамны төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн  Ганц худагт хоригдсон билээ. Эх сурвалжийн мэдээллээр түүнийг “Зоос” банкийг алдагдалтай санхүүгийн чадваргүй болоход оролцсон гэж үзэж байгаа аж. Түүнийг хорьсон талаархи мэдээллийг Сангийн яамнынхан ихээхэн нууцалж байгаа юм. Одоогоор түүнийг батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч нь тавьсан ч нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор хүлээж аваагүй бололтой. Зарим эх сурвалжийн мэдээллээр “Зоос“ банкны хэрэгт өөр хэд хэдэн хүнийг сэжигтнээр татан шалгаж байгаа гэнэ.  Одоогоор төрийн мэдэлд буй “Зоос” банк өмнө нь  41.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж 7894 зээлдэгчид хамаарах 168.7 тэрбум төгрөгийн зээлтэй, 84 мянга 777 харилцагчийн 29.7 тэрбум төгрөг, 25733 хадгаламж эзэмшигчдийн 54 тэрбум төгрөгийн хадгаламж, 54.2 тэрбум төгрөгийн төслийн зээлийн эх үүсвэр, Монголбанкнаас авсан 34 тэрбум төгрөгийг зээлийг барьцаагүй олгож, эргэн төлөгдөх магадлал муутай авлага  үүсгэжээ. Мөн “Зоос” банкыг алдагдалтай ажиллахад хүргэсэн найдваргүй зээлдэгчдийн нэг “Монгол газар “компанийн захирал Ц.Мянганбаяр тус банкнаас найман аж ахуйн нэгжийн хуурамч баримт бүрдүүлэн 41.2 тэрбум төгрөгийг авсан гэх хэрэгт энэ оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс шалгуулсан ч хэргийг хянах явцад хууль хяналтынханаас хэрэгсэхгүй болгож иргэний журмаар зээл барагдуулах шийдвэр гарсан юм.  “Зоос” банкны санхүүгийн алдагдалтай  холбоотой хэрэгт өнгөрсөн жил  Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнээс хойш хэн нэгнийг цагдан хориогүй бөгөөд энэ сараас эрчтэй хяналт тавьж мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж эхэлсэн нь олон нийтийг гайхшруулж байна. Зарим эх сурвалжийн  тайлбараар “Монгол газар”-ын захирлын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Ш.Чуданж, Д.Батбаяр, Х.Пүрэвсүрэн гуравт банк дампуурсан  хэргийг хүлээлгэх гэсэн оролдлого юм гэх таамаг ч бий. Хэдийгээр энэ банкийг төр мэдэлдээ авч “Төрийн банк” байгуулан найдваргүй зээлийг эргэн төлүүлэх байдлаар хадгаламж эзэмшигчдийнх нь хохирлыг барагдуулахаар ажиллаж байгаа ч бас таагүй мэдээлэл хэзээний чих дэлсээд байна. Төрийн банк хохирогчдийн хохирлыг барагдуулах нь байтугай өөрөө хүндхэн байдалд орсон тухай мэдээлэл байгаа ч холбогдох албаныхан энэ талаар мэдээлэл өгөхгүй байна.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих