Н.Энхбаярын телевиз Солонгос захиралтай болжээ
Дэлхийн олон оронд хэвлэл мэдээллийн хэрэгслийг гадаадын иргэн удирдахыг хориглосон байдаг гэсэн. Харин манайд эсрэгээрээ эргэж байна. Тухайлбал, С1 телевизэд Английн иргэн Бен Моёл, “Ийгл” телевизэд Америкийн иргэн Том Керри мөн Монгол НD телевизийн Мэдээллийн албаны зөвлөхөөр мөн л гадаад иргэн ажилладаг гэлцдэг.
Харин одоо Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэгдэх ТВ-9 телевиз солонгос захиралтай болжээ. Хэдхэн хоногийн өмнө ажлаа авсан энэ хүнийг Ким Юн Ён гэдэг бөгөөд Солонгосын МВС телевизэд найруулагч, продюсерээр ажиллаж байсан нэгэн юм байна.
БНСУ-д эмчлүүлж буй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр түүнийг дээрх албан тушаалд томилсон гэх яриа ч байсан. Гүйцэтгэх захирлаар томилогдсон Ким Юн Ён тус телевизийн нэвтрүүлгийн бодлогод оролцох эрхтэй аж. Учир нь телевизийн гүйцэтгэх захирал сонины ерөнхий эрхлэгчтэй адил эрх эдэлдэг юм байна.
URL: