Бэлэгний хувьсал
Монголчууд цагаан сараар ямар бэлэг авдаг байв. Одоо ямар бэлэг бэлдэцгээж байна вэ гэдэг асуултанд хариулцгаая. Тухайн цаг үед юу бэлддэг байсан, дараа нь юу болсон, одоо юу болж вэ гэдэг нь өөрөө Монголын эдийн засгийн байдал, хүн ардын амжиргааны түвшин, бүр цаашилбал нийгмийн сэтгэхүй, түүх соёлыг ч давхар харуулах боломжтой.
Чингисийн үеэс улбаатай Цагаан сарын баярт хэдий үеэс нь зочинд өгөх бэлэг нэмэгдсэнийг бүү мэд. Ямартаа ч ирсэн зочны гарыг цайлгах ёс нэгэнт бий болжээ. Хуйхалсан шийрээр гар цайлгадаг байсан ардын хувьсгалын үеийн зочны бэлгийг өнөө цагийн бид яагаад ч ойлгож чадахгүй. Цагийн хүрдийг жаахан хойшлуулбал жинчдээр дамжин орж ирдэг торго дурдан, багачуудын байтугайгийнх нь мөрөөдөл болсон хагалж иддэг мөсөн чихрийг цагаан сарынхаа зочдод бэлэглэдэг байлаа. Атга хэрийн элсэн чихрийн хөлдүү мөс торго дурдангаас ч үнэтэйд тооцогдож байсан үе түүхэнд бий. Дахин жаахан хойшлуулбал ул боов, арай боловсронгуй болсон цаастай чихэр. Дараагаар нь 12 хуудастай дэвтэр гээд үргэлжилнэ. Улс төрийн зорилгоор нэгэн үе цагаан сарыг хориглож малчны баяр нэрээр даруухан тэмдэглэж, цагаан сарыг тэмдэглүүлэхгүй гэж ажлын байран дээр нь ирц бүртгэж, чангалж байх үед бэлэг бэлдэж, өгч авах явдал нэгэн үе тасалдаж. Гэвч Монголчуудын цагаан сарыг яаж ч хорих боломж байгаагүй тул эргээд л өргөн дэлгэр баяр болсон юм. Эдгээр цаг үеийн талаарх дурсамж дотор нэгэн нийтлэг зүйл ажиглагдсан нь хүүхэд багачуудад л бэлэг өгч байсан тухай. Өөрөөр хэлбэл бидний танил жилүүдээс л томчуудад ч бэлэг бэлддэг болсноос биш өмнө нь хүн бүрт хавтгайруулж бэлэг бэлддэггүй байж.
Цааш дахин үргэлжлүүлбэл нийгэм солигдох үеийн бэлэгнүүд өмнөх жилүүдийн бэлэгнээс өнгө зүсээрээ ялгарч эхлэв. Бэлэгний хувьслын хувьд агуулгаас илүү хэлбэр лүү шилжсэн үе ч гэж ойлгож болно. “Хүнд өгөхөд хөөрхөн харагдах юм байна”, “Гоё цаас, боодолтой юм” “Олноор нь авбал бүр хямдрах юм байна” гэх шалгуур цагаан сарын бэлгэнд орж ирэв. Тэр үеэс л цагаан сарын бэлэг жинхэнэ утгаа алдсан гэж болно. Углаж ч амжаагүй байхад урагддаг шилэн трико, будаг гардаг оймс, хөзөр, тамхи, өмнө олддог байснаасаа ч тааруухан үнэртэй ус, бүр цогцос үнэр оруулахгүйн тулд цацдаг шингэнийг андуураад бэлгэнд бэлдэж байсан жишээ ч гарч байв.
Ховор байхдаа үнэ цэнэтэй байсан хадгийг тоохоо больж ахмад настнуудад мөнгө барьж золгодог болсон нь давхар бэлэгний чанар, үнэ хэр байхыг шийддэг болсон ч гэдэг. Ахиухан мөнгө барьж золговол баруун талын шүүгээний бэлэг, мөнгөгүй, бага дэвсгэртээр золговол зүүн талын өнөө хэдээр гар цайлгана гэх тооцооллыг ч зарим нь хийдэг байлаа. “За бид явлаа шүү” гэх морзоор “Бэлгээ авчихааад явъя” гэх санаагаа илэрхийлдэг зочидтой ч болсон. Хэн нэгэнд бэлэглэсэн цамц нь дамжин явсаар эргээд эзэндээ ирдэг тухай, боломж чадалтай нь аархаж, боломжгүй зарим нь байдгаа барж бэлэг бэлддэг тухай хошин шогийн үзүүлбэрүүд олон бий. Тэдгээр үзүүлбэрүүд жаахан хэтрүүлчихсэн л болохоос тухайн үеийн нийгмийн толинд буусан дүрс юм. Амьдралын бодит үнэнээс жишээ авч, болохгүй зүйлийг шүүмжилдэг хошин урлагийн продакшнуудын харах өнцөг нь үнэхээр худлаа биш байв.
Бэлэг гэдэг нь сэтгэлтэй зайлшгүй холбоотой. Ингэж үзвэл хэлбэрт баригдсан сэтгэл, сэтгэхүйтэйгээр Монголчуудын олонх нь бараг хориод жилийг өнгөрөөсөн. Хулхи бараа, чанаргүй бэлэгнүүдийг бөөндсөөр. Гэвч аливаа юманд цаг хугацаа гэж бий. Монголчуудад чанар муутай, хямд бараанаас татгалзах, үндэснийхээ баярыг үндэсний бэлэг сонгочих юмсан гэсэн сэтгэлгээ бий болжээ. Монголд үйлдвэрлэсэн, чанартай, хэрэглээ болдог, боломжийн үнэтэй, хүнд бэлэглэхэд нүүр улайхааргүй зүйлийг үйлдвэрлэсэн бол шууд авахад бэлэн хэрэглэгчид олширсон нь үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнд хэр их хүн ирж байгаагаас тодорхой харагдана. Бэлэг хувьсч байгаа нь сэтгэл, сэтгэхүй өөрчлөгдөж байгаатай л холбоотой. Бэлэг хувьсан өөрчлөгдсөөр. Одоо бол үндэсний бэлэгний эрин иржээ.
URL: