Он гарсаар 368.5 сая ам.долларын гадаад худалдааны бараа эргэлт хийжээ
Он гарсаар эхний 15 хоногийн байдлаар манай улс 368.5 сая ам.долларын гадаад худалдааны бараа эргэлт хийжээ. Тодруулбал экспорт 139.6 сая ам.доллар, импорт 228.9 сая ам.доллар болсон байна.
Гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеэс 22.0 хувь, экспорт 20.6 хувь, импорт 22.9 хувиар өссөн байна. Харин гадаад худалдааны тэнцэл эхний 15 хоногийн байдлаар 89.3 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсчээ. Нийт экспортод нүүрс 28.7 хувь, зэсийн баяжмал 28.3 хувь, боловсруулаагүй газрын тос 18.1 хувь, төмрийн хүдэр 10.5 хувь, цайрын хүдэр, баяжмал 1.6 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.3 хувь, самнасан ноолуур 0.6 хувь, үлдсэн 10.9 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлж байна. Харин автобензиний импортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.5 мянган тонн, дизель түлшнийх 5.0 мянган тонноор буурсан бол гурилын импорт 0.4 мянган тонн, суудлын автомашиных 716 ширхэг, цахилгаан эрчим хүч 35.7 сая квт.цагаар өсчээ. Тэгвэл БНХАУ-тай хийсэн импортын худалдаа 2014 оны эхний 15 хоногийн байдлаар 54.6 сая ам.доллар буюу нийт импортын 23.9 хувь, ОХУ-ынх 39.9 сая ам.доллар буюу нийт импортод 17.4 хувийг эзэлсэн байна.
Б.Заяа
URL: