131 тарваганы арьс хил давуулахыг завджээ
Сүүлийн үед хилийн боомтоор хууль бус ангийн мах, арьс мөн үнэт эдлэл зэргийг хууль бусаар гаргахыг завдах тохиолдол гарсаар байна. Хэргүүдийг газар дээр нь илрүүлж арга хэмжээ авч байгаа ч хууль сахиулагчид, ажилчид энэхүү хэрэгт гар бие оролцох болжээ.
Тэгвэл Замын-Үүд дэх шалган нэвтрүүлэх боомтоор энэ сарын 24- нд улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан эд зүйлсийг хил давуулахыг завдсан хэд хэдэн тохиолдлыг хилчид илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Улаанбаатар-Эрээн чиглэлийн ОУ-ын суудлын галт тэрэгний үйлчлэгчийн өрөөнд тарваганы 131, үнэгний 11, хярсны дөрвөн арьс нууж, хил давуулахыг завдсан үйлдлийг хилчид илрүүлжээ. Энэ хэргийг тус галт тэрэгний үйлчлэгч М.Агиймаа, Д.Эрдэнэчимэг нар үйлдсэн аж.
Мөн Замын-Үүдийн авто замын шалган нэвтр үүлэх боомтоор Эрээнээс орж ирсэн “Норд Бенз” маркийн 42- 58 УНА улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний бараа ачиж, түүнийгээ татвараас нууж оруулж ирэх гэсэн жолоочийг хилчид саатуулжээ.
Тэрбээр хүнд даацын автомашиндаа гахайн 200 хайрцаг мах, ахуйн хэрэглээний хий 24 хайрцаг, хуванцар бэлдэц 20 шуудай, 63 шуудай гялгар уут, зургаан боодол хулдаас, барилгын 300 шуудай бэлдэц, чипсний уут 24 хайрцаг, ачааны автомашины 70 ширхэг дугуй, 88 шуудай хатаасан жимс, хаягдал даавуу зэргийг нуусан нь шалгалтаар тогтоогдсон гэнэ. Энэ мэтчилэн хууль бусаар үнэт эд зүйлс болон ангийн мах, арьс зэргийг гаргахыг завдсан хэргүүд гарчээ.
URL: