“NSA” “Angry Birds” тоглоомоор дамжуулж тагнуул хийдэг байна
Та өөрийн утас болон таблет дээрээ “Angry Birds” тоглож байхад тоглоомоор дамжуулан таны хувийн мэдээллийг АНУ-ын “Үндэсний Аюулгүй Байдлын Алба” буюу “NSA (National Security Agency)” тагнаж байдаг.
“New York Times”,”The Guardian” болон “Pro Publica” Эдвард Снөүдены задруулсан баримтуудыг дэлгэж “NSA” болон Их Британы засгийн газрын алба ухаалаг утасны програмуудаар дамжуулж хэрэглэгчийн байрлал, нас, хүйс болон бусад хувийн мэдээллийг олж авдаг байсан гэдгийг мэдэгджээ.
Баримтаас үзэхэд олон нийтэд танигдсан “Facebook”,”Flickr”,”LinkedIn” болон “Twitter”-ын програмуудаар дамжуулж хэрэглэгч болон найз нөхдийнх нь мэдээллийг олж авдаг гэсэн бөгөөд мөн тэдний анхаарлыг хэрэглэгчийн байрлалыг мэдэхэд туслах “Google Maps” програм маш их татдаг байна.
Мөн “Angry Birds” мэтийн програмуудаар дамжуулж хэрэглэгчийн мэдээллийг олох чадвартай юм. Учир нь ийм төрлийн програмууд зар сурталчилгааны олон байгууллагуудтай хамтран ажилладаг учраас тэдэнд хэрэглэгчийн талаарх олон хувийн мэдээлэл байдаг байна.
Ийм байдлаар хэр олон хүний мэдээллийг олж авсан болон бусад шинэ програмуудаар дамжуулж хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авдаг эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Үүний хариуд “NSA” бид АНУ-ын иргэд болон гэм зэмгүй гадаадын иргэдийг тагнадаггүй гэсэн байна. Харин Британий агентлаг бид Британий хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн хариу хэлжээ. Түүнээс гадна “Angry Birds” тоглоомын “Rovio” бид тагнуулын байгууллагуудтай хамтарч ажилладаггүй мөн ийм үйл ажиллагаа болж байгааг ч мэдээгүй гэжээ.
URL: