Идлэг шонхор 413-аар, шилийн сар 146-аар, начин шонхор 56-аар тус бүр хорогджээ
Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв нь 2010 оноос БОНХЯ болон Английн зэрлэг амьтны зөвлөх компани Абу-Дабигийн Байгаль орчны агентлагтай хамтран махчин шувуудыг хамгаалах төсөл хэрэгжүүлж байна. Шувуудын үхэл хорогдлын гол шалтгаан нь эрчим хүч түгээх шугамнаас болдог ажээ. Иймд махчин шувууд тогонд цохиулахаас хамгаалах хамгийн үр ашигтай аргыг тодорхойлох зорилгоор уг төсөл хэрэгжиж байгаа юм. Төслийн багийнхан зүүн бүсийн эрчим хүчний сүлжээ компанийн Сүхбаатар аймаг дахь салбартай хамтарч шувууд тогонд цохиулахаас хамгаалах хэрэгслүүдийг эрчим хүчний шугамд суурилуулан турших ажлыг эхлүүлжээ.
Туршилтыг Уулбаян-Мөнххаан сумыг холбосон 54 км урт, 15 кв-ийн түгээх шугам бүхий судалгааны талбайд явуулсан байна. Өнгөрсөн оны зөвхөн 7 сарын хугацаанд хийсэн ажиглалтаар 413 идлэг шонхор, 146 шилийн сар, 56 начин шонхор болон ойн сар, үлэг харцага, цармын бүргэд, хээрийн бүргэд зэрэг махчин шувууд туршилтын шугамд өртөж хорогдсон байна. Туршилтын хугацаанд орон нутгийн судлаачид ямар хамгаалалттай тулгуурт шувууд үхэж байгааг бүртгэж байгаа аж.
Түүнчлэн идлэг шонхор үүрлэх орчин харьцангуй хязгаарлагдмал газруудад буюу төвийн болон зүүн бүсийн 20 сумын нутагт 5000 шувууны үүр хийж байрлуулсан байна. Хиймэл үүр байрлуулсан эхний жилд буюу 2011 онд 200 хос үүрлэсэн бөгөөд жил бүр хиймэл үүрэнд үүрлэх хосын тоо нэмэгдсээр 2013 онд 574 хос болон өсчээ. Шувууны нэг үүрнээс ихэнхдээ 3-4 ангаахай бойжиж нисдэг. 2013 онд идлэг шонхорын 2000 гаруй ангаахай хиймэл үүрэнд бойжиж ниссэн байна.
Т.Бат
URL: