НӨАТ-ын босгыг 50 сая байхад хангалттай гэж үзлээ
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хороодоор хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлж, Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Энэ долоо хоногт УИХ-аар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг авч хэлэлцэнэ. Энэхүү хуулийн төсөл нь 10 бүлэг, 47 зүйл бөгөөд өмнөхөөсөө хоёр талын үүрэг хариуцлага, эрх ашгийг тодорхой болгосноороо давуу талтай. Тухайлбал, хариуцлагын асуудлыг нэлээд өндөржүүлсэн” гэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Харин НӨАТ-ын босгыг 10 саяас 50 сая болгон нэмэгдүүлэх асуудлыг дэмжиж байгаагаа хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн барьсан хуулийн төсөл дээр НӨАТ-ын босгыг 200 сая гэж тооцолсон нь өндөр хэмжээ гэж үзсэн байна.
Энэ долоо хоногт Газрын тухай хуулийн төслийг УИХ авч хэлэлцэнэ. Уг хуулийн төслийг авч хэлэлцэхтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар малчдад бэлчээрийг эзэмшүүлэх нэрээр нэр нөлөөтэй хүмүүс мэдэлдээ авч, малчид хоосон хоцрох вий гэсэн болгоомжлол байгаагаа хэлсэн юм.
Б.Туул
URL: