Алт тушаалт нэмэгдээд, байгаль орчин сүйдэх вий!!!

gold-mine-middle

Монгол Улс алтаа өөртөө үлдээх хуулиа баталлаа. Монгол Улс өөрийнхөө баялгийг өөртөө үлдээснийхээ төлөө бид хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлнэ. Нэг бодлын эмгэнэлтэй гэмээр ч өнөөгийн нөхцөл байдал нэгэнт эрх баригчдаас энэ хуулийг батлахыг шаардсан болов уу. Уул уурхайн салбарынхан алтаа олборлоод, хэрвээ Монголбанкинд тушаавал роялтиг 2.5 хувь болгон бууруулна. Харин гадагш экспортолбол, роялтигийн хэмжээ өөрчлөгдөхгүй буюу таван хувь хэээр байх юм. Салбарынхныг ийнхүү татварын бодлогоор хөшүүрэгдсэнээр алт тушаалтын хэмжээг нэмэгдүүлж, тэр хэрээр валютын нөөцөө зузаатгах боломжтой. Харин валютын нөөцийг сайжруулах нь аль ч улсын хувьд эдийн засгийн урт хугацааны, тогтвортой өсөлтийнх нь баталгаа болдог. Энэ утгаараа алт тушаалтыг нэмэгдүүлэх хуулийг УИХ-аар баталсан нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

 Гэхдээ үүний нөгөө талд алтны олборлолтыг дагаж бий болох сөрөг үр дагавруудыг төр засаг хэр бодолцсон бол. Алтны шороон ордын үйл ажиллагаа байгаль орчинд аймшигтай сөрөг нөлөө үзүүлдэг нь өнгөрсөн хугацаанд хангалттай харагдсан. Алтны худалдаанд ил, тод байдлыг бүрдүүлэх хуулийг өөр “малгай”-тайгаар баталснаар энэ салбарын үйл ажиллагааг бүхий л шатанд нь дэмжиж буйгаас өөрцгүй. Гэтэл нөгөө талдаа хариуцлагын тогтолцоог хэрхэн бий болгож байна вэ. Алтны компаниудад ямар хяналт тавих вэ. Алтаа тушаасан тохиолдолд хөнгөлөлт эдлэх хөшүүрэг хуулинд байгаа болохоос бус алтаа хариуцлагатайгаар ухаж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулсан  тохиолдолд урамшуулах зүйл заалт байхгүй. Эсрэгээрээ байгаль орчинд сөрөг нөлөөтэй, хариуцлагагүй үйл ажиллагаа явуулбал, ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь мөн л тодорхойгүй байгаа юм. b854734486174377original

Хууль санаачлагчдын хувьд энэ асуудлыг 2011 онд батлагдсан Байгаль орчны тухай багц хуулиар зохицуулах боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Гэхдээ энэ хууль өнөөдөр хангалттай сайн хэрэгжиж чадаж байна уу, үгүй юу. Ялангуяа уул уурхайн салбарт хэрхэн хэрэгжиж байна вэ. Бас бодох л асуудал. Мэдээж байгаль орчны асуудлыг зохицуулсан өөр нэг тусдаа хууль байхад зүйл заалтыг давхардуулж тусгах шаардлагагүй л дээ. Энэ утгаараа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгаль орчны асуудал тусгагдаагүйг зөвтгөж болох юм. Тэгвэл шинээр хэрэгжиж эхэлж буй Ашигт малтмалын тухай хууль нь Байгаль орчны багц хуультайгаа хэр зэрэг уялдаа, холбоотой байна вэ. Бодох л асуудал. Алт тушаалт нь нэмэгдсэн ч байгаль орчин сүйтгэгдээд байвал хэн хариуцлага хүлээх вэ? .

Нэгэнт хууль батлагдсан учраас хэрэгжүүлээд л явах ёстой. Мэдээж байгаль орчны асуудлаа илүү нарийвчилъя гээд батлагдсан хуулийг буцаах боломжгүй. Тэгэхээр одооноос эхлэн алтны салбар идэвхжих “хөшүүрэг” ажиллаж эхэлсэн. Олборлолт, тушаалт урьд өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдэх байх. Харин үүнтэй зэрэгцээд байгаль орчны багц хуулиа ч сайн хэрэгжүүлээд, алтны компаниудаас хариуцлагатай байдлыг шаардах л хэрэгтэй болж байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд лав Байгаль орчны тухай багц хуулийн хүрээнд тийм, ийм компаниудад тэгж, ингэж шаардлага тавилаа гэж сонссонгүй. Өөрөөр хэлбэл, Байгаль орчны тухай багц хууль үнэхээр сайн хэрэгжиж байгаа эсэхэд эргэлзээд байгаа юм. Тэр хэрээр алтны салбарын үйл ажиллагаа байгаль орчин сүйтгэх вий гэх болгоомжлол төрж байна.

Л.Дэлгэр

eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих