МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж намын гишүүнчлэлээ сэргээж батлахаа гардаг авахдаа хэлсэн үг
Би МАХН-д 1984 онд элссэн, харин өнөөдөр 2014 онд МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байна. Би МАХН-ын гишүүнийхээ үүргийг л биелүүлж байна. Сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар тохоон томилогдон ажиллахдаа төрийн албаны хуулийн дагуу намын гишүүнчлэлээс татгалзсан байсан юм. Намайг явахад бүтэн байсан нам маань эргээд ирэхэд бутархай болжээ. Бутархай гэдэг үгийг би олон утгаар хэлж байгаа юм. Манай намын хүч, нэгдэл, итгэл, тэнхээ нь бутарчээ. Үүнийг хараад зөв гэж бодож байгаа, дэмжиж байгаа нэг ч намын гишүүн байхгүй. Үүнийг бид засах ёстой, үүнд би хувь нэмрээ оруулах гэж намдаа эргэн ирж байна. Үнэнд ойр, олонд тустай байхын туд сэтгэл нийлсэн журмын нөхөдтэйгөө хамтран ажиллахыг эрмэлзэж байна.
Намын гишүүнчлэлээ сэргээж байгаа энэ үед санаж бодогдсон хэдэн зүйлийг хэлье. Намын гишүүнчлэлээ сэргээх эсэх, сэргээвэл хэдийд вэ гэж бодсон. Харин хамгийн их бодсон зүйл бол чин үнэнийг хэлэхэд, МАХН хэмээх их мөрнөөс эх авсан 2 урсгалын алиныг нь дагах вэ гэдэг хамгийн хүнд шийдэл байлаа. Яагаад гэвэл намайг болоод бусад олон гишүүнийг өнөө хүртэл төөрөгдүүлж, эмзэглүүлж байгаа зүйл бол намын хуваагдал. Бидний зүрх сэтгэлд нэгэн хүчирхэг нам, МАХН байдаг. Гэтэл өнөөдөр хуучин намдаа эргэн орох бус, харин шинэ нөхцөл байдалд оршиж буй 2 намын нэгийг сонгох шаардлагатай болсон юм. Ингээд надад батлах нь хадгалагдаж байдаг МАХН-ынхаа гишүүнчлэлийг сэргээхээр шийдсэн.
Энд яагаад гэсэн асуулт гарах нь дамжиггүй.
Би Монголын иргэн. Би хуульч хүн. Өнөөгийн нийгмийг нэн ихээр эмзэглүүлж байгаа, бидний хамгийн ихээр хүсч байдаг “хууль ёс”, “шударга ёс” манай оронд жинхэнэ утгаараа байна уу, үгүй юу гэдэг бусдын адил хамгийн ихээр санаа зовж явдаг нэгэн. Тэгвэл хууль ёс, шударга байдлын төлөө хамгийн ихээр тэмцэж, зорьж байгаа улс төрийн хүчин бол гарцаа байхгүй МАХН юм.
Хоёрт, алдар түүхтэй намынхаа буйрыг сахиж, хууль ёсны хүрээнд “МАХН” гэсэн нэрээ хамгаалж үлдсэн үзэл баримтлал, үйл хэрэгтээ үнэнч үлдсэн энэ улс төрийн хүчнээс ард түмэн ихийг хүлээж байна. Өчигдөр буглаж, өнөөдөр сэдэрсэн, маргааш хагарах учиртай олон асуудлыг гагцхүү энэ нам шийднэ гэсэн нийгмийн хүлээлт их байна. Энэ их үйл хэрэгт жирийн гишүүн бүрийн тус дэм хэрэгтэй, үүрэг роль чухал гэдгийг гишүүн, дэмжигчид, хүн бүр ойлгох учиртай.
Гуравт, Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн манай монгол ардын мэргэн үг бий. Өнөөдөр манай намд гишүүд, дэмжигчид бидний хүч, дэмжлэг, түрлэг юу юунаас, хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байна. Тэнхлүүн байхад нь тэмээний тус авч байсан намын гишүүд, тэвдэж явахад нь тэвнээр туслах шаардлагатай байна. Одоо би МАХН-д өөрөөс шалтгаалах тус нэмэр байдаг бол түүнийгээ зориулах нь зүйтэй гэж үзсэн хэрэг.
Төгсгөлд нь, МАХН бол мянга мянган гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшилд суурилсан, парламентын нам. Энэ нам бол нийгэм улс төрийн түр зуурын үзэгдэл биш, нэг хоёр хүний нам бүр ч биш. МАХН бол хийх зүйл ихтэй, хүрэх ирээдүй холтой улс төрийн том хүчин.
Одоо би нэгэнт намын гишүүнчлэлээ сэргээж, жинхэнэ гишүүн нь болсон болохоор МАХН-ын дотоод ажил, улс төрийн амьдралд тодорхой хэмжээгээр оролцох нь зүй ёсны асуудал юм.
Монголд улс төрийн нам, хүчнүүдийн үйл ажиллагааны нэгдэл, хамтын ажиллагаа, улс эх орон, ард түмний төлөө эв эеийг хичээж ажиллах зүй ёсны бодит шаардлага бий боллоо. Үүний ач холбогдол амин чухлыг тэмдэглэж би урьд нь өөрийн санаа бодол, байр сууриа товч тодорхой илэрхийлж байсан. Бид талцаж, тэмцэлдсээр өөрсдийгөө, өрөөлийг, мөн ард түмнээ туйлдуулж байна.
Нийтлэг эрх ашгийг умартаж, нэг хэсгийн явцуу эрх ашиг сонирхлыг тэргүүн эгнээнд тавьсны гор яаж гардгийг бид харж, эдэлж байна. Энд хожиж байгаа нэг ч монгол хүн алга. Үүнийг хүн бүр мэдэж байгаа. Гэхдээ нэг нь ч арга хэмжээ авахгүй байна. Нам дотор болж байгаа ашиг сонирхол, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөө улайрал улс төрийн намд төдийгүй улс эх оронд ямар их хор хөнөөлтэйг бид өнөөдөр харж байна. МАХН үүнээс ангид байх ёстой.
Улс төрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэж, хоосон амлаж, фракци бүлэглэлд хуваагдаж, луйвар булхай хийж, хов живээр хөөцөлдөн, мөнгө хөрөнгө, албан тушаалд шунаж өөр хоорондоо тэмцэлдэж, тэдний нийгэмд гүйцэтгэх үүрэг улам бүр бүдгэрч байна. Нөхцөл байдал ийм байхад, МАХН-ын дуу хоолой дуулдах төдий, нүдэнд харагдаж, гарт баригдах ажил бага байгааг зөвтгөх арга алга. Үнэнийг хатуухан хэлэхэд, монголын улс төрийн тавцан дээр МАХН-ыг живүүлчихгүй тогтоон барьж байгаа гол хүчин зүйл нь МАХН гэсэн нэр, Намбарын Энхбаяр даргын нэр хүнд л байна. Үүнд бид бүгд хатуу дүгнэлт хийх ёстой.
Бас нэг тэмдэглэж хэлэх зүйл бол МАХН-ын нэрээр УИХ, Засгийн газар, ер нь ямар ч албан тушаалд очиж ажиллаж байгаа тэр хүмүүс намынхаа бодлого, үйл ажиллагааны гол чиг шугамыг алдахгүй барьж, анх л МАХН ямар шаардлагыг Төрийн эрх баригчдад тавьж шаардаж байсан, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө үгээ хэлж, идэвхийлэн зүтгэх ёстой юм. Тодорхой бие хүнийг биш, МАХН юу хэлж, юу хийж байна гэж ард түмэн харж, үнэлэлт дүгнэлт өгч байгааг мартаж болохгүй.
Төрийн алба төрлийн алба болсон тухай бодитой, баримттай шүүмжлэл олноор гарч байна. Эрх баригчид “олонхийн дарлал”-ыг тогтоож, үүний тулд хууль, хяналтын байгууллагыг өөрийн дуулгавартай зэвсэг болгон ашиглаж, ардчиллын мөн чанар болсон зөвшилцлөлийг үл тоомсорлож, дураар авирлаж, байгаатай зэрэгцэн улс орны эдийн засаг хүндэрч, өр зээлд баригдаж, ирээдүй хойчдоо өрийн дарамттай улс орон, баялгаа цөлмөж, байгаль дэлхийгээ хөнөөсөн газар нутгийг өвлүүлж үлдэх зүг рүү зогсолтгүй урагшилж байна.
Монгол ардчилсан орон юм бол ард түмэн түүнийг мэдрэх, эдлэх хэрэгтэй байна. Жирийн иргэд төрөөс хамгийн түрүүнд хууль ёс, шударга ёсыг л харж байдаг. Гэтэл өнөөдөр монголчууд айдас хүйдэс дунд аж төрж байгаа нь бодит үнэн юм. Ардчиллын бүүвэй болсон хүний эрхээ хууль ёсоор баталгаатай хамгаалагдана гэдэгт жирийн иргэдийн итгэл унтарч байна. Бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, улстөрчид бараг бүгдээрээ төрийн дарамтад байгааг өнөөдөр үнэнээр нь хэлэх ёстой. Энэ бол маш том аюул юм. МАХН энэ аюулыг арилгахын төлөө тууштай ажиллах шаардлагатай байна.
Өнөөдөр Монголын эдийн засаг хөгжиж байгаа юм бол түүний үр шимийг жирийн монгол иргэн хүртэж байх хэрэгтэй байна. Эдийн засгийн эрх тэгш биш байдал дээд цэгтээ хүрч байна. Хэн нь 10 сая төгрөгийн дээл өмсөх заяатай, хэн нь 10 000 төгрөгөөр мах авч идэх хувьгүй төрсөн юм бэ. Энэ бол нийгмийн эмгэнэл, гамшиг, бас төрийн гажуудал.
Өнөөдөр манай улс төрийн намуудын төлөвшил зогсонги байдалд, зарим тохиолдолд ухралтын байдалд оржээ. Энд МАХН ч бодох зүйл бий. Улс төрийн нам төлөвшиж чадахгүй бол монголын төр сул дорой, хүчирхэг биш байдалд орно гэдгийг бид гүнзгий ухаарч түүнд өөрийн тодорхой хувь нэмрийг оруулахын төлөө шаргуу ажиллах хэрэгтэй байна.
Төлөвшилтэй нэгэн зэрэг хамт яригдах нэг чухал асуудал бол МАХН-ын цаашдын шинэчлэл, дотоод эв нэгдлийн тухай асуудал юм. Энэ тухай зайлшгүй ярих ёстой, тийм бодит шаардлага ч байна. Зарим улс төрийн хүчнээс МАХН-ын нэр сүрийг гутаахыг оролдож, дотроос нь хагаралдуулахыг хүсч зохион байгуулалттайгаар хор гүйлгэж байгаа нь нууц биш. Талцал, эв эегүй байдал, намын дүрмийн бус тоглолт зэрэг нь намд зөвхөн хор уршиг л авч ирнэ. Ийм байдал улс төрийн өрсөлдөгчдөд л ашигтай, тэд гагцхүү үүнийг л хүсч буйг намын гишүүн, дэмжигч бүр ямагт санаж явах, сонор сэрэмжтэй байх учиртай.
Монголын нийгэм, монголын ард түмэн МАХН-ыг, биднийг харж байна, итгэж найдан хүлээж байна. Нэгэнт нийгэмд бий болсон бодитой хүлээлтээс хэн ч тойрох учиргүй.
Бид эх орноо худалдаж биш, эдийн засгаа сэргээж хөгжинэ. Бид ард түмнээ туйлдуулж баяжихгүй, эх орноо хөгжүүлж урагшилна. Бид бусдын алдааг давтахгүй байхаас гадна өөрсдөө алдаа гаргахгүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Монголын нийгмийн хүлээлтэд хариулт өгөх ёстой. Энэ их ажлын хөдөлгөгч хүч нь залуучууд, хүндийг үүрэх нь дунд үе, ноён нуруу нь ахмад үе юм. Энэхүү эргэх холбоо бүхий алтан гурвалжинг зангидан оройд нь залрах тавилантай ахмад үе та нартаа 17-р жарны “Ялгуусан” хэмээх модон морин жилдээ эрүүл саруул, энх тунх, эрч хүчтэй байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Бид цаашид ард түмний итгэлийг улам бүр авч, монголын улс төрийн орон зайд баттай байр суурийг эзэлж байхаар намаа бэхжүүлэх болно.
Гишүүнчлэлээ сэргээх тухай миний гаргасан хүсэлтийг хүлээн авсан МАХН-даа гүн талархал илэрхийлж байна.
URL: