Хөвсгөлийн Улаан-Уул суманд гурван хүнийг гэрт нь буудан хөнөөсөн ноцтой хэрэг гарчээ
Энэ сарын 23-24 нд шилжих шөнө Хөвсгөл аймагт хүн амины онц ноцтой гэмт хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 12-31 насны гурван хүнийг гэрт нь буудан хөнөөсөн байна. Талийгаач 12 настай хүүгийн ээж аав нь хотоос Хөвсгөл аймагт очихдоо Улаан-Уул суманд хүүгээ түр орхисон байж. Харин нөгөө хоёр талийгаач нь төрсөн ах дүү хоёр байсан аж.
Хэрэг гарсан даруйд ЦЕГ-ын даргын тушаалаар УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Э.Идэрцог, ахлах мөрдөн байцаагч, хошууч Н.Баттөмөр нараар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газар томилогдон очсон байна.
Ажлын хэсэг гэмт этгээдийг хэрэг гарснаас 55 цагийн дараа илрүүлэн саатуулсан бөгөөд хэргийг 1993 онд төрсөн, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй О.Энхбат гэгч үйлдсэн аж. Тэрбээр өс хонзонгийн сэдлээр хэрэг үйлдсэн гэдгээ хүлээсэн гэнэ.
URL: