ЕЭВЭНГИЙН ДЭЭР УЛ БООВ…

uguuj7

Италийн Венец хотоос гаралтай худалдаачин, дундад зууны алдартай аялагч Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номондоо Монголын их гүрний цагаан сарын баярын тухай дурдсан байдаг. Түүний бичсэнээр, тухайн үед цагаан сараар монгол хүн бүр цагаан зүсмийн морь унан цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, нэг нэгэндээ цагаан хадаг өргөн алгаа дэлгэн золгох нь “Миний сэтгэлийн өнгө цагаан, надад зэвсэг алга” гэсэн утга илэрхийлдэг байжээ.

Урьд өмнө монгол түмэн өнгөтөй өөдрөг, сайн сайхан бүхнийг бэлгэшээн муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгохыг ерөөн мал тарган, цагаан идээ элбэг дэлбэг намрын цагаар “Цагаан идээний баяр” тэмдэглэж байсан гэдэг. Тэгээд Чингис хааны 1206 оны зарлигаас хойш мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч эхлэх хаврын эхэн сард цагаан сарыг тэмдэглэсээр өнөөг хүрчээ.

Тэр цагаас хойш цагаан сарыг амьтнаар төлөөлүүлсэн арван хоёр жил болон цагтай, сар едрийг өнгөөр тодорхойлсон сарнытооллын монгол цагалбарын дагуу хаврын эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг болсон уламжлалтай. XVII зуунд Монголд бурханы шашин эрчимтэй түгэн дэлгэрч, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодорсноос хойш төр түмний энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна.

Энд тэмдэглэхэд, Манжийн дарлалын үед Монголын хаад ноёд ард түмэнгүй бутарч, эвдрэлдэн яваг гэх үүднээс цагаан сарын баярын идээнд хятад еэвэнг заавал тавихыг зарлигдсан гэдэг.  Гэтэл  хятадууд Монголын ноёрхлоос салсан баяраа еэвэн сар гэж нэрлэдэг шүү дээ. Манай ухаант өввөг дээдэс хятад еэвэнг улан дороо дэвсэлж явья гээд ул боов хийн еэвэнг дор нь байрлуулж идээгээ засах болсон аж. Иймээс ч суурь еэвэн гэсэн үг өнөөг хүрчээ.

 

Б.Барс

/Зууны мэдээ/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих