Өндөржүүсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө

p18f8olqdatakded9hi1b6o1k0o1.JPG.300x0_q85_crop_upscale

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлэл өглөө.

Нийслэлийн Шуурхай мэдээллийн төв 310005 утсанд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, байгууллагаас 110 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж  100 хувь шийдвэрлэж ажиллажээ. Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 47.2 хувийг орон сууцтай холбоотой ,  39.1 хувийг цахилгааны доголдолтой холбоотой  асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 3,1 хувиар, орон сууцтай холбоотой гомдол 1,8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Багахангай дүүргийн халаалтын уурын зуухны бойлуурын ажиллагаа муудсантай холбогдуулж  01 сарын 18-ны өдөр дүүргийн ЗДТГ-аас 3, ОБХ-ээс 5, Илч орд НӨҮГ-аас 15, нийт 23 албан хаагч дулааны шугамыг халаалтын зууханд шууд холбохоор 11.00-17.00 цаг хүртэл халаалтыг түр зогсоон ажиллаж, уурын зуухыг хэвийн ажиллагаанд оруулсан байна. Мөн 01 сарын 18-ны  02.30 цагт Налайх дүүргийн 2 дугаар хороо 23, 32-р байрны  дулааны шугам цоорч гэмтэл гарсныг дүүргийн ЗДТГ-аас 2, ОБХ-ээс 4, Чандмань налайх НӨҮГ-аас 10, Дулааны станц, Аврах албанаас тус бүр 8, нийт 32  албан хаагч, тусгай зориулалтын 5 техниктэй ажиллаж 08.00 цагт хагарсан шугамыг засварлан хэвийн ажиллагаанд оруулсан гэж Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээллээ.

Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд нийт 283 дуудлага  бүртгэгджээ. Үүнээс зам тээврийн хэргийн  шинжтэй 125, осол, зөрчлийн шинжтэй 157 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 1 бүртгэгджээ. Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтаж  авах зарим арга хэмжээний тухай” А/09 дугаар захирамжийн дагуу өнгөрсөн 14 хоногийн амралтын 4 өдөр автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор ялгаварлан замын хөдөлгөөнд оролцуулах, зарим худалдааны төвүүдийн ойролцоох уулзварын чиглэлийг өөрчлөх, Нарантуул ОУХТ-рүү буухиа автобус явуулах зэрэг нэгдсэн зохицуулалт хийсэн нь тухайн өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг эрс бууруулсан гэж Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан мэдээлэл өглөө.

Харин Нийслэлийн цагдаагийн газар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21435 мэдээ, мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1671 нэгж буюу 7,2 хувиар, 590 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 22 нэгж буюу 3,6 хувиар буурсан үзүүлэлт байна.

Шуурхай зөвлөлгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярын өмнөх өдрүүд болон баярын өдрүүдэд Нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газар, Инженерийн үйлчилгээний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, аваарын бригад гаргахыг үүрэг болголоо


URL:

Сэтгэгдэл бичих