С.Хавал 30 барилгын мөнгийг гарын салаагаараа урсгажээ
Баян-Өлгий аймагт 2012 онд “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр” гэдгийг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг шинээр бариулахаар болсон байна. Ингээд 2012 оны хоёрдугаар сард тендер шалгаруулахад “Нийслэл өргөө” компани шалгарчээ. Тэд 30 багийн оффисын барилгыг нэг тэрбум 504 сая 430 мянган төгрөгөөр барих санал өгч ялалт байгуулжээ. Харин тендер шалгаруулах комиссынхан эдгээр барилгыг улсын төсвийн нэг тэрбум 505 сая төгрөгийн төсөвт өртгөөр бариулах болзолтой тендер зарласан байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, “Нийслэл өргөө”-г тендерт шалгаруулснаар 1.5 сая төгрөгийн хэмнэлт гарсан юм байна. Тендерт шалгарсан хойноо “Нийслэл өргөө” компани барилгын ажлыг анхнаасаа л халтуурдаж эхэлжээ. Ингэх болсон шалтгаан нь аймгийн Засаг дарга С.Хавалтай холбоотой байж мэднэ гэдгийг эх сурвалжууд хэллээ. Учир нь, аймгийн Засаг даргын хувиар ажлын гүйцэтгэлтэй танилцаж, шаардлага тавих биш харин ч толгойг нь илж байсан баримтууд АТГ-ынханд олджээ.
“Нийслэл өргөө” барилга угсралтын ажлыг эхлүүлэхдээ аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхныг үл тоожээ. Тэд ажил эхлүүлэх холбогдох зөвшөөрлөө аваагүй байна. Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас барилга барих газруудад хөрсний шинжилгээ хийлгээгүй. Түүнчлэн барилгын зураг төсөлд галын аюулгүй байдлын норм, стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхэд зөвшөөрөл гаргуулаагүй гэдэг нь илэрчээ. Анхнаасаа зөвшөөрөл аваагүй учраас хуулиараа мэргэжлийн хяналтын байцаагч нар “Нийслэл өргөө”-гийн барьж буй барилгын гүйцэтгэлд нь хяналт тавих боломжгүй болжээ. Энэ бүхэнд урамшсан “Нийслэл өргөө”-гийнхөн Засаг дарга С.Хавалын нөмөр нөөлөг дор хэнд ч ажлаа хянуулалгүй барилга барьж байжээ. Үр дүнд нь өнөөдөр 13 сумын 30 багт баригдах ёстой 30 барилга бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй нь. Учрыг албаныхнаас лавлабал, “Нийслэл өргөө” компани 30 барилгын мөнгөөр 19 барилга л барьсан байжээ. Гэсэн ч Засаг дарга С.Хавал албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж барилгын ажлын гүйцэтгэлийг үзэж танилцалгүй гүйцэтгэлийг нь баталгаажуулжээ. Бүр 19 барилга барьсныг нь 26 барилга барьсан мэтээр баталгаажуулсан байх юм. Үүнээс гадна доод шатны ажилтнууддаа нөлөөлж 26 барилгыг хүлээлгэж өгсөн улсын комиссын акт гаргуулжээ. Тэрээр улсын комиссын акт гарсны дараагаас захирамж гаргаж улсын комисс томилсон нь буруудаж, хэрэг нь илэрсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр хүлээлгэж өгсөн гээд байгаа 19 барилгыг чанарын шаардлага хангаагүй учраас ашиглах боломжгүй нь тогтоогджээ. АТГ-ынхан өнгөрсөн зургадугаар сард Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан С.Хавалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ялын зүйлчлэл нь прокурорын хяналтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264.2 буюу албаны эрх мэдлээ хэтрүүлсэн болж өөрчлөгджээ.
АТГ-ынхан энэ хэргийн мөрөөр “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг арваннэгдүгээр сарын 8-нд цагдан хорьж, хилээр нэвтрэх эрхийг нь хаажээ. Б.Ганзориг нь таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж хил давах гэж байгаад баригджээ. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн 261.1-т зааснаар буруутгаж байна. Мөн Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилгын ажлыг гүйцэтгэх тендерт хээл хахууль өгч шалгарсан байж болзошгүй байгаа юм байна. Энэ талаар албаныхнаас тодруулахад, “Уг тендерт “Нийслэл өргөө” болон “Макс өргөө” компаниуд тендерийн материалаа ирүүлж оролцсон. Архивын барилга барих хяналтын төсвийг “Прожект Икс” компанийн төсөвчин 8.7 тэрбум төгрөгөөр зохиож, эксперт нь баталгаажуулсан. Тендерт оролцогч “Нийслэл өргөө” компани нь батлагдсан хяналтын төсвөөс нэг тэрбум төгрөгөөр бага буюу 7.7 тэрбум төгрөгт уг барилгын ажлыг гүйцэтгэх боломжтй гэж тендерийн дүн ирүүлсэн. Тэд тендерийн үнийн дүнгээ багасгах зорилгоор тендерийн баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж, илт бага үнийн санал ирүүлснийг үнэлгээний хорооныхон шалгаруулсан байна. Иймээс тус компанийн захирал Б.Ганзоригийг тендерт хууль бусаар шалгарсан, барилгыг гэрээнд заасан хугацаагаар ашиглалтад оруулаагүй, барилгын гүйцэтгэгчийг шалгаруулахад хуурамч бичиг баримт бүрдүүлэн санхүүжилт авсан хэмээн шалгаж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 174.2, 265.2, 261.1-т заасан гэмт үйлдэлд буруутай хэмээн үзэж холбогдох мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна” гэлээ. Б.Ганзориг нь Яармагт барьж буй архивын барилгынхаа 30 орчим хувийг л гүйцэтгэжээ. Ийм байхад захиалагч байгууллага 95 хувийн санхүүжилтыг нь өгсөн байгаа нь хачирхалтай.
URL: