Хамгийн их бэлгийн дарамттай сургуулиар Анагаах ухааны их сургууль шалгарчээ

Эх үрсийн баяр сайхан болж өнгөрлөө. Азаар архи худалдаалдаггүй өдөр таараад ч тэрүү, архинд хөлчүүрсэн аав, ээж, залуус хотын гудамжинд ховор таарч байв. Гэхдээ сэтгэл зовоосон мэдээ хаа мундах билээ. Эмс охидын хойноос нүд унагах нь холгүй гүйлдэх шар сэмжит хөгшид, шалиг эрчүүдийн тухай яриа чих дэлсэж байх юм. Шар сэмжилнэ гэдгийг манайхан сайн мэдэх байх. Эр эмийн явдалд үхэн хатан дурлагч хөгшин эрийг ийнхүү хочилдог. Тэгвэл өнөөдөр ажлын байран дээрх бэлгийн хүчирхийллийн дийлэнх хэсгийг тэрхүү шар сэмжит хөгшид эзэлдэг гэнэ. Ялангуяа их дээд сургуулийн эрэгтэй багш нарын зарим нь шар сэмжилж яваа ажээ. Царайлаг оюутан охидыг зүгээр байлгадаггүй юм байна. Шалгалтын дүнгээр барьцаалан эрхшээлдээ оруулж аваад хүслээ хангах гэж улайрдаг өвгөн багш нарын талаар элдэв хэл ам олны дунд төдийлөн түгээмэл бус байгаа нь тэдний нууцлалт нэлээд чамбай хийгддэг бололтой. Гэхдээ оюутан охидын хүрээнд битүүхэн амнаас ам дамжин хэлэлцэгдсээр байгаа ажээ. Шар сэмжилсэн багш нарынхаа тухай хөгжилтэй онигоо маягийн юм тэд ярьж суудаг байна. Онигооны баатар болдог  багш нарынхаа талаар сургуулийн захиргаандаа мэдэгдэхээс зарим нь үхтлээ айдаг биз. Гэхдээ хааяа албан ёсоор гомдол тавьдаг боловч аанай л юу ч болоогүй мэт өнгөрдөг нь тун хачирхалтай. Үүнтэй холбогдуулаад иргэдийн “Альянк” төвөөс нэгэн судалгаа хийсэн байна. Нийт их дээд сургуулиудад бэлгийн дарамт аль зэрэг байгааг судалж үзжээ. Судалгаанд 10 гаруй их дээд сургууль хамрагдсанаас Анагаах ухааны их сургууль хамгийн их бэлгийн дарамттай сургуулиар шалгарсан байх юм. Дараа нь Монгол улсын их сургууль оржээ. Гуравт нь Боловсролын их сургууль багтав. Анагаах ухааны их сургуулийн шар сэмжилсэн өвгөн багш нар ихэвчлэн докторын зэрэгтэй байна. Тэдний хувьд мэргэжлийн онцлогтой нь холбоотой ч байж мэдэх юм. Гэхдээ л тун таагүй сонсогдож байна. Аав, ээжийн сайхан охидыг тэд сайн эмч болгохын оронд юу руу хөтлөн уруу татаж яваа хэрэг юм бол доо.

Сэтгүүлч Б.Отгонбаяр


URL:

Сэтгэгдэл бичих