Алтаа авах уу, алдах уу?

a884b32c6ff70440bigУИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав. Хууль батлагдсанаар Монголбанк болоод түүнээс эрх олгосон банкинд алт тушаасан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, өсөн нэмэгдэх роялтийн хэмжээг тэглэж байна. Монголбанк, эрх бүхий арилжааны банкинд тушаагаагуй бол хуучин хэвээр буюу 10 хувийн татвар төлөх юм. Үүнийг “Монголын алтыг Монголдоо үлдээх зорилготой хууль” гэж спикер З.Энхболд онцлов. Харин Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасурэн, Х.Болорчулуун нарын гишүүд өөр байр суурьтай байлаа. Энэ талаар гишүун Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлэв.

 

Д.Эрдэнэбат: МОНГОЛЧУУДАД АШИГТАЙ

-Олон сар дамжин хэлэлцсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Монголын алт Монголдоо үлдэх бололцоог нээж, үйлдвэрлэлийг дэмжих, валютын ханш болон бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барихад чухал ач холбогдолтой хууль болсон. Энд Оюутолгойтой холбоотой асуудал байхгүй. Биет бусаар гэсэн ойлголтыг хуулийг хэлэлцүүлэх явцад хассан. Тиймээс Ашигт малтмалын тухай хууль монголчуудад ашигтай. Эдийн засагт уул уурхайн салбар зонхилж байгаа энэ цаг үед уул уурхайн асуудлыг хуульд зөв зохистой тусгаж өгөх нь чухал юм.

 

Б.Бат-Эрдэнэ: ХАРАМСАЖ БАИНА

-Өмнөх парламентын үед байгалийн баялгаа зөв зохистой, ард түмэндээ ээлтэй байдлаар ашиглах талаар хүчтэй дуугарч явсан гишүүд өнөөдөр Засгийн эрхэнд гарч, сайдаас эхлээд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа боловч Ц. Даваасүрэн гишүүнээс бусдынх нь байр суурь 180 хэм эргэчихсэнд харамсаж байна. Энэ хуулиар алтаа ухаж байгаа компаниудад хэт их хөнгөлөлт эдлүүлэх буюу 2.5 хувийн татвар авахаар зохицуулагдлаа. Монголын ард түмэн нөхөн сэргээгддэггүй баялгаа ашиглуулахдаа 2.5 хувийн татвар л авч үлдэхээр боллоо. Гэтэл иргэд цалингаасаа, ахмадууд тэтгэврээсээ 10 хувийн татвар төдцөг. Аль ч байгууллагаас шагнал урамшуулал авахад мөн л 10 хувийн татвар төлдөг. Гэтэл дахин нөхөн сэргээгддэггүй алтаа олборлуулаад дөнгөж 2.5 хувийн татвар авах гэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих