Троллейбусыг төмөрлөгийн үйлдвэрт тушаая

2ghit4bi22l13mnjh0b6pne1ht

Нийтийн тээвэр, автобусын үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж, иргэдийн дургүйг хүргээд байсан бол цахилгаан тээврийнхэн үнээ 200 төгрөгөөр нэмж, иргэдийн уурыг биш инээдийг хүргэв. Учир нь автобусыг үнэ нэмэхээс өмнө буюу 400 төгрөгөөр зорчдог байхад троллейбус 200 төгрөгөөр зорчдог байсан болоод л иргэд хямдыг бодож үйлчлүүлдэг байжээ. Нэг дахин хямд болоод тэр шүү дээ. Түүнээс биш “өвөлдөө хөргөгч шиг, зундаа жигнүүр шиг” гээд хэзээ л зорчигчид сууж байлаа даа. Харин “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөх”-ийн үлгэрээр үнээ өсгөсөн Цахилгаан тээврийнхэн алдагдал хүлээгээд эхэлсэн тухай хөндлөнгийн эх сурвалж хэлж буй. Аргагүй шүү дээ. Ийм өндөр өртөгтэй “явдаг хөргөгч”-инд хэн суухыг хүсэх билээ. Уулзсан учирсан зорчигч бүхэн “троллейбус яасан гэж үнээ нэмж байгаа юм”. “Хэн одоо үүнд суух юм” гэх үгс л шидэж байна. Үнэн хэрэгтээ шатахуун түлшний үнэтэй холбоотойгоор л нийтийн тээврийнхэн арга буюу 100 төгрөгөөр үнэ нэмж байхад огт шатахуун хэрэглэдэггүй өнөөх “явдаг хөргөгч” үнээ нэмсэнд иргэд гайхаж байна. Гайхахын зэрэгцээ хөх инээд сүүмэлзүүлж сууна. Ядахад 100 төгрөгөөр үнэ нэмж болно доо. Гэтэл бүр 200 төгрөгөөр нэмж байгаа нь арай хийрхэсэн хэрэг болно биз дээ. Автобусны үнээс даруй нэг дахин хямд явдаг болохоор нь зорчигчид троллейбусыг сонгоод байсан. Гэтэл цахилгаан тээврийнхэн манай үйлчилгээ сайн иргэд хошуурч байна гэх тэнэгдүү бодол тээсэндээ ийнхүү үнээ суг өсгөсөн бололтой.

Аливаа зүйл хэм хэмжээндээ байх ёстой. Бусдыг дуурайх дагах нь юунд хүргэдгийг Цахилгаан тээврийнхэн хожуу ч гэсэн ухаарч байгаа болохоор үнээ буулгах байх. Эс тэгвэл хэн тэднээр үйлчлүүлэх вэ. Өөрсдөө дампуураад хаалгаа барих биз. Өнөөдөр автобусны буудал дээр зогсож байгаа захын зорчигчид автобусыг сонгох болжээ. Буудал дээр автобус троллейбус хоёр зэрэгцээд ирэхэд хэдий олон хүнтэй байгаа ч автобусанд чихэлдэж суугаад явж байна. Харин эль хульхан троллейбус хэчнээн суудалтай байлаа ч нэгээс хоёр хүн нэмж суугаад л хоосон хөдөлж байгаагаас харахад илт. Ингэхээр чинь алдагдал хүлээлгүй яахав дээ. Ер нь манайхны нэг сул тал бий. Муу чанар ч гэх юм уу. Аливаа нэг үйлдвэрчлэгч үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалт сайн байхаар нь үнээ өсгөдөг. Үнээ өсгөхийн зэрэгцээ чанаргүй үйлдвэрлэлд шилждэг. Ингэхээр нь өнөөх бүтээгдэхүүний борлуулалт аажмаар унаж эцэстээ уналтад ордог жишээ зөндөө бий. Энэ шунаг зарчмаар явж үүдээ барьсан олон газар байгааг энд нэр цохон дурдаад яахав.

Цахилгаан тээврийн удирдлагууд ч үүнийг сайн мэдэж байгаа. Троллейбус ч энэ жишгээр явж байна. Тэгэхээр удахгүй үүдээ барьж, харин “өвөлдөө хөргөгч шиг, зундаа жигнүүр шиг” хэдэн төмөр саваа Дарханы төмөрлөгийн үйлдвэрт тушаахаас өөр гарц байхгүй. Тэгээд ч “Зул бөхөхийнхөө өмнө бадмалдаг” гэсэн үг бий. Өнөөдөр зах зээл энэ мэт зүйлийг хэтээсээ шахаад эхэлсэн гэдгийг ч тэд ухаарсангүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад үйлчилж байсан троллейбус одоо нэгэнт үгүй болсон. Ёстой л төмрийн хаягдал болсон. Өөр шинэ шинэ технологи нэвтэрч, улмаар зах зээл, хөгжлийн жамаараа шахагдаж үгүй болсон гэдэг. Харин манай улсын эдийн засгийн байдал туйлын дорой байгаа. Нөгөө талаар хөгжилд маш удаан тэмүүлж байгаа улс орон. Энэ утгаараа ойрын 20 жилдээ троллейбусны хэрэгцээ байсан гэхэд болно. Гэтэл Цахилгаан тээврийнхэн цагаасаа өмнө өөрсдөө үүдээ барихаар шийдсэн хэрэг. Э.Бат-Үүл өнөөх метроныхоо үлгэрийг дуусгаж, яг ашиглалтад орсон цагт л үүдээ барих учиртай, энэ айл. Хэрвээ метроны үлгэр дуусахгүй байгаад байвал троллейбус байх л болно. Гэхдээ заавал Үүл баатрын ярьдаг метроны үлгэрээр ч яахав дээ. Өөр нийтийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлж болно ш дээ. Эсвэл автобусныхаа тоог нэмчих л дээ. Ингэхээр троллейбусыг төмөрт тушаахаас өөр арга байхгүй.

Дашрамд дурдахад шилжилтийн үед шатахуун их зарцуулдаг, хатуу явдалтай гэх зэргээр нэг хэсэг техникийг тэр чигт нь хятад руу төмрийн хаягдалд тушааж байсан нь санаанд тодхон байна. Социалист нийгмийн үед ОХУ-д үйлдвэрлэсэн хүн даацийн краз, камаз, белорус зэргийг чиргүүл дээр нь хаягдал төмөр ачаад хил нэвтэрдэг. Ирэхдээ өнөөхөө ачсан ачуулсантай нь хамт тушаачихаад мөнгөө халааслаад орж ирдэг байв. Хашаандаа ашиглаж байгаа тээврийн хэрэгслээ ийнхүү урагшаа зөөчихсөн. Мэдээжийн хэрэг илүү олон тонн ачаа ачдаг, илүү тохилог, илүү найдвартай техник зах зээлд нэвтэрсэн учраас тэр шүү дээ. Ерөөсөө зах зээл, хөгжил өөрөө ийн шахсан хэрэг.

А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих