Монголыг онцолсон “давос”

0cb7715a22757576big

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнгөрсөн оны есдүгээр сард манай улсад зохиогдсон бол одоо Швейцарын Давос хотноо чуулж байна. Өнгөрсөн жилийн уулзалтаар Давосын төлөөллүүд Монгол Улсын хөгжилд ихээхэн анхаарал хандуулсан билээ. Ингэхдээ Монгол Улс өөрсдийгөө дэлхийд сайн таниулж, сурталчилж чадахгүй байна, хууль эрх зүйн орчноо зөв тайлбарлаж чадахгүй байгаагаас хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй мэтээр ойлгогдож байна хэмээн сануулсан юм. Түүнчлэн яаралтай арга хэмжээ авч, дэд бүтцийн зардлаа бууруулахгүй бол Монгол Улсын өрсөлдөх чадварт муугаар нөлөөлж байна гэдгийг ч анхааруулаад буцсан. Хамгийн гол нь 2040 онд Монгол Улсын хүрэх хөгжлийн өртөөг дөтлөхөд энэ уулзалтын зорилго чиглэж байв.

Тэгвэл шинэ оны эхний сарын 22-нд дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарийн Давос хотноо “Дэлхий ертөнцийг шинэчлэн өөрчлөх нь: Нийгэм, улс төр, бизнест үзүүлэх үр дагавар” сэдвийн дор дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн лхагва гаригт эхэлсэн билээ. Энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын талаар онцгойлон авч үзэж буйгаараа ялгаатай билээ. Учир нь Монголын эдийн засгийн хөгжлийн талаарх тусгай хэлэлцүүлэг өрнүүлж буй. Ингэхдээ “Монгол Улсын хөгжлийн стратегийн хувилбарууд” судалгааны тайланг уулзалтын үеэр танилцуулах хөтөлбөртэй.

Дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаж буй эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах шийдэл боловсруулахад оролцогчид оюун ухаанаа уралдуулж байна. Олон улсын валютын сангийн тэргүүн К.Лагарде уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Евро бүсэд эдийн засгийн сэргэлт ажиглагдаж байгаа ч үнийн уналт гол эрсдэл хэвээр байна” хэмээн мэдэгдэв. Түүний үзэж буйгаар эрсдэлийг бууруулах олон арга хэмжээ авч байгаа ч гол зүйлдээ анхаарахгүй байгаа аж. Үүний нэг нь Европын Төвбанкнаас инфляцийг хоёр хувьд барина гэсэн ч өнөөдрийн байдлаар хэрэглээний үнийн индекс нь дөнгөж 0.8 хувьтай байгаа юм. “Дефляц буюу үнийн уналт нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, үнэ цэнийн бууралт нь уналтыг үргэлжлүүлэх болно” гэж К.Лагарде мөн тэмдэглэжээ.

Харин Европын Төвбанкны ерөнхийлөгч Марио Драхи “Шаардлагатай бол манай банк арга хэмжээ авна. Гэвч одоохондоо дефляц нь евро бүсийн асуудал биш юм” хэмээн ярьжээ. Түүний тайлбарласнаар хөгшин тивийн инфляц нам төвшинд байгаа бөгөөд цаашид ч ийм байх төлөвтэй аж. Гэвч Мариогийн онцолсноор инфляц ийн нам дор төвшинд байгаа нь өрөнд баригдсан гол улсууд болох Грек, Испани, Ирланд, Португалийн эдийн засгийн бууралтаас шалтгаалжээ. Эдгээр улсуудад эдийн засгийн өсөлтийн төлөв ажиглагдаж эхэлсэн аж. Ингэснээр евро бүсийн инфляц “бай”-ндаа хүрнэ гэж Европын Төвбанкны ерөнхийлөгч үзэж байна.

Японы хувьд удаан хугацаанд үргэлжилсэн үнийн уналт нь эдийн засгийн өсөлтийг нь олон жилээр чөдөрлөсөөр ирсэн билээ. Гэвч Засгийн газар нь эдийн засгаа сэргээх шинэ хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Тус улсын Төвбанкны тэргүүн Харухико Курода “Ойрын хоёр жилийн хугацаанд манай улсын инфляц төлөвлөснөөр хоёр хувьд хүрэх боломжтой. Одоо нөхцөл байдал тэр чигээрээ өөрчлөгдөөд байна. Миний хувьд эдийн засгийн өсөлт, инфляцийн төвшинд ихээхэн өөдрөг хүлээлттэй байгаа” гэжээ.

Ж.ЦОГЗОЛМАА

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих