Сонингоор ялаа, сайд хоёрыг цохиж “алдаг” биш үү?
“Суудал авахгүй намаар яахын, хүүхэд гаргахгүй эм…” гэсэн гарчигтай нийтлэлд зохиолч Б.Шүүдэрцэцэг эсрэг байр сууриа илэрхийлж өөрийн фэйсбүүк хуудаснаа “Феминист үзэл санааныхаа өнцгөөс үнэхээр дуугүй өнгөрч тэвчсэнгүй” хэмээн доорх бичвэрийг оруулжээ.
Б.Шүүдэрцэцэг: “Суудал авахгүй намаар яахын, хүүхэд гаргахгүй эм…” гэсэн гарчигтай нийтлэл baabar.mn-д гарчээ. Хүний эрх, хүйсийн тэгш эрхийн талаархи мэдлэг сэтгүүлч, нийтлэлчдэд ийм дорой байхаар хүн ам нь хэзээ гэгээрэх юм бол?Херменевтик гэж хэлний философийн ухаан. Үг хэрхэн хэлж, бичигдэхээсээ утга салаалдаг.
“Хүүхэд гаргахгүй эм…”- “эм” гэсэн үг энд доромж, дорд ад үзэгдэж, жигшсэн утгатай бичигдэж байна. Эмэгтэй хүн- “Заавал хүүхэд төрүүлж байж хүнд тооцогдох утга илэрхийлэгдэж байна”. Цаашилбал эмэгтэй хүн – Хүүхэд төрүүлж байж, эмэгтэй, эх болж байж нийгэмд болон нийтлэл бичигчид хүндлэгдэх ёстой юм байна. Эмэгтэй хүн тэгээд хэн юм бэ? Өөрөө хүүхэд төрүүлэхийг хүсдэггүй бол яах вэ?Өвчтэй бол яах юм?Сахил хүртсэн гэлэнмаа хүн яах юм? Ерөөс хувь тавилан нь тэгж таарсан бол яах вэ? Нөхөргүй эмэгтэй тэгээд яах юм бол? Хүний нөхрийн хүүхдийг төрүүлэх үү?Хүүхэд төрүүлээгүй бүх эмэгтэй “ХҮҮХЭД ГАРГАХГҮЙ ЭМ…” хэмээн адлагдах нь. Энэ бол гудамжны хэрүүл, аль нэг бие хүний уурандаа амнаасаа унагасан үг биш.
Энэ бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж, нэвтрүүлж байгаа албан ёсны нийтлэл. Сэтгүүлчийн ёс зүйд ХҮНИЙ ЭРХИЙГ ЭРХЭМЛЭН ДЭЭДЛЭХ нь наад захын хэм хэмжээ байдаг. Мөн хэвлэл мэдээлэлд СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ гэж нэгэн том үүрэг буй. Энэ нийтлэлийг цухасхан уншаад өнгөрөх олон хүний далд болоод ил ухамсарт “ХҮҮХЭД ГАРГАХГҮЙ ЭМ…” гэсэн үг асар гүнзгий нөлөө үзүүлнэ. Цаашлаад “Доороосоо нойтон сормууст юм унагаагүй ёрын…” хэмээн үргэлжилдэг. Хүйсийн тэгш бус байдал, эмэгтэй хүнийг ялгаварлах үзлийг нь хөхүүлэн дэмжих, санал сэдэл өгөх, хэн нэгнийг хүүхэдгүй эмэгтэйтэй муудалцах үед толгойд нь юун түрүүн харван орж ирнэ.
Цаашаа залуус, хүүхдэд дамжина. Хэвлэл мэдээлэл бол ийм л далайцтай, хүртээмжтэй, бас аюултай зэвсэгбайдаг. зэвсгийг ухамсартай, зөв хэрэглэдэг этгээдийн гарт байлгах ёстой. Гэтэл манай хэвлэл мэдээллийн хэл гудамжнаас ч дор болж, хэрэглэгч сэтгүүлчдийн ухамсар хүний эрх, хүйсийн тэгш байдал, ёс зүй, Үндсэн хуулийн наад захын мэдлэггүйгээсээ олон нийтийг гэгээрүүлэх биш, улам харанхуй болгох үзэл санаа түгээж, сэтгэхүйг нь хоцрогдол мунхаглалаар халдварлуулж байна. Тэгээд ч үгээр хүнийг алж болдог, сэргээж, бадрааж болдог. Сэтгүүлч ээ ХҮН БҮХЭН ТЭГШ ЭРХТЭЙ. ҮҮНИЙГ МОНГРОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАР ТУНХАГЛАСАН. БАС ХҮН БҮХЭН ХАЙРЛУУЛАХ ГЭЖ ЭНЭ ДЭЛХИЙД ИРСЭН. ХҮҮХЭДД ГАРГААГҮЙ ЭМЭГТЭЙ Ч АДИЛ. Сонингоор ялаа, сайд хоёрыг цохиж “алдаг” биш үү?
URL: