Эр эм хоёр орон дотроо хэрэлдвэл салахын дохио
Хэрүүлийг хэн өдөөдөг вэ?
Хэрүүлд хэн дуртай хүн гэж байдаггүй. Ер нь ч тэгээд хэрүүл өдөж, гэр бүлийн харьцаагаа таагүй болгох гэж хэн дурлах билээ дээ.
Хэрүүлийг хэн эхэлж тавьдаг вэ? Сэтгэл зүйчид гол төлөв эмэгтэйчүүдийг үүнд буруутгажээ. Хүүхнүүд эр нөхрөө гэртээ ороод ирэнгүүт урдаас нь нямбай биш, салан задгай, залхуу, бүдүүлэг гэх зэргээр үглэж яншдаг. Энэ буруу юм. Харин үүнийхээ оронд хэлэх гэсэн үгээ харааж зүхэлгүйгээр хэлэх хэрэгтэй.
Хэрүүлээс яаж зайлсхийх вэ?
Хамгийн гол нь эр нөхрөө тайван сууж байх үед нь л хэлэх гэсэн үгээ ямар нэг уур уцааргүй, бас ширэв татаж ярвайлгүй, намжир хаяж маяглалгүйгээр аятайхан хэлж ойлгуулах хэрэгтэй. Эрчүүд их нэрэлхүү улс. Хэдийгээр өөрсдөө зарим нэг талаараа эхнэрийнхээ хаана нь ч хүрэхгүй гэдгээ мэддэг ч эмэгтэй хүнд захирагдах, дорд үзэгдэх тун дургүй байдаг.
Эр хүнийг гэрийн эзэн, өрхийн тэргүүн гэдэг. Тэд “амгалан тайван” байх үнэхээр дуртай. Шуудхан хэлэхэд эмэгтэй хүний үглээ яншаа, муухай ааш занд дуртай эр хүн гэж хаана ч байхгүй. Оройтож ирэх, найз нөхөдтэйгээ архи балгах бүрд нь хардах сэрдээд санаагүй юмыг санагдуулах хэрэггүй. Харин ч бүр эелдэг зөөлөн хандах хэрэгтэй. Эрчүүд хүүхнүүдийн наалинхай аашинд л хувирдаг шүү дээ. Зөөлөн нь хатуугаа мэрдэг гэдэг шиг сайхан аалиар эр хүнийг засаж залуурдана гэдгийг мартаж болохгүй.
Шөнө орондоо хэрэлдэх нь муу муухай юмны дохио!
Эр эм хоёр шөнө орондоо орсон хойноо хэрэлдэх нь муу муухай юмны зөн совин гэдгийг хэзээ ч бүү мартаарай. Хэрэлдэх шалтаг гарсан ч амаа хамхиад дуугүй байхыг хичээ. Өдөр нь тухтайхан ярилцаж болно шүү дээ.
Эрэгтэй эмэгтэй хоёрын салахад хүрдэг хэрүүлийн нэг гол гогцоо нь секс юм. Эр нь хүсээгүй бол эмэгтэй нь шаардах хэрэггүй. Эмэгтэй нь хүсэхгүй байхад эр заавал мугуйдлан зүтгэх ч хэрэггүй.
Секс хийхийг нэг нэгэндээ шаардах нь хамгийн мугуйд шаардлага бөгөөд гэр бүлийн хэрүүлийн гол зангилаа болдог гэдгийг бүү мартаарай.
Секс бол эр эм хоёрын бие биенээ ойлгох, улам хайрлах нандин “увидас” төдийгүй сэтгэлийн түлхүүр юм. Сексийг хамгийн сэтгэл ханамжтай үедээ, хоёул нэгэн зэрэг хүсэж, бас тачаадаж, хэн хэнийгээ хүндэлсэн найрсаг байдалд, наалинхай ааш, эелдэг харьцаагаар нэмж хачирлан байж үйлдэх ёстойг санаж яваарай.
Хэрэлдэхээс өөр аргагүй болчихвол яах вэ?
Юуны өмнө хэрэлдэх явцдаа хэн нэгнийхээ сэтгэлийг нь сэвтүүлж насан туршид нь мартахааргүй үг бүү хэлээрэй. Хэрүүл хийж, муудалцах үедээ доорх зүйлийг санаж байхад гэмгүй. Үүнд,
-Хэрэлдэж байхдаа нэг нэгийгээ доромжлох хэрэггүй.
-Гаргаж байсан алдаа дутагдал зэрэг элдэв зүйлийг нь бүү сөхөж ярь!
-Өнгөрсөн баларсан, мартагдсан зүйлийг нь сануулах нь бүр ч буруу.
-Хэрэлдэж байхдаа хэрүүл маргаан анх гарах болсон тэр сэдвээсээ бүү хазай.
-Хэрэлдэх явцдаа танай манай, танайх манайх гэх мэтээр өөр бусад хүмүүсийг хольж хутган сайн муу яваагаар нь дуудалцан талцах хэрэггүй.
-Бие биенээ давж дийлэх гэж гэж аав ээж, ах дүү, төрөл садан, удам угсаагаа дуудалцах нь утгагүй зүйл гэдгийг санаарай.
-Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг үг байдгийг санаж хэрэлдэж байхдаа өөр хэн нэгний хэлсэн үг, ярьсан зүйлийг жишээ болгон ярих хэрэггүй.
-Хэрүүлээ намжаах гэж гаднаас хэн нэгнийг дуудаж ирүүлэх хэрэггүй. Буй болсон нөхцөл байдлаа зөвхөн өөрсдөө л зохицуулаарай.
Хэрэлдсэнийхээ дараа дуугаа хурааж удаан хугацаагаар бүү яв
Нэгэнт хэрэлдчихсэн бол хэрэгтэй хэрэггүй үгээр төгсгөлийг нь бүү хий. Бие биенийхээ хор шарыг малтсан үгээр хэрүүлээ дуусгавал хоёр биенээ үзэн ядах байдалд ч хүрч магадгүй.
Маргалдаж муудалцсаныхаа дараа аль болохоор хурдан тайвширч, хуучин хэвэндээ орохыг тэмүүлэх хэрэгтэй. Хэрэлдсэнээ мартах гэж хичээх хэрэгтэй. Хэн хэнийгээ тайвшруулахын тулд уян зөөлөн үг хэлж, бие биенээ өхөөрдөж дууддаг нэрээр нь дуудаарай. Хэрэлдэж дуусаад буруу харж хэвтэх юмуу, хоорондоо юм ярихгүй буруу зөрүү харж суух нь дахин хэрүүл маргаан дэгдэхэд бэлэн байгаатай яг ижил гэсэн үг. Хоорондоо маргаж муудалцсаныхаа дараа хэр, хоногоор ч юмуу дуугарахгүй явах нь хамгийн муу зан юм.
Хэрүүл маргаангүй амьдрал гэж байдаггүй ч нэг нэгэндээ туньж дуугарахгүй, олон хоног сараар явах нь та хоёрыг салахад хүргэх муу талтайг анхаар.
Хэдий чинээ олон хоног дуугаа хурааж явна төдий чинээ хурдан сална гэсэн үг. Үгүй ядахдаа маргааш нь л гэхэд урьдын хэрүүлээ мартчихсан байвал та хоёрын амьдрал хэвийн үргэлжлэх болно. Хамгийн гол нэг гэр бүлийн эр эм хоёр бие биенээ хүндэлж, хайрлаж чадвал амьдрал чинь тогтуун сайхан, гэр бүл чинь аз жаргалаар дүүрэн байх болно.
Хэрэлдэж байхдаа бие биенийхээ сул талыг буу дуудаарай
Ямар ч эр хүн бардам зантай байдаг. Тийм болохоор хүүхнүүд маань тэднийг шүүмжлэх юмуу, хатуу ширүүн үгээр хэчнээн дайрлаа ч буулгаж авч чадахгүй. Хүүхнүүд бүх бурууг ганцхан эр нөхөртөө л хүлээлгэх гэж тулгадаг. Ингэлээ гээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Харин зөөлөн намуухан дуугаар бурууг нь ойлгуулж хэлбэл цаадуул чинь хий нь гарсан дугуй шиг шалчис гээд л явчихна. Эмэгтэйчүүд ганцаараа байхдаа их уйддаг. Харин үүнийгээ эр нөхөртөө бүү хэлээрэй. Уйтгарт автамтгай эмэгтэй хүнд эрчүүд маш дургүй байдаг.
Хэт хайрлах нь хаягдахын дохио шүү!
Хүнийг хэт хайрлаж бөөцийлөх нь өөрөөсөө амархан уйдахад хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Амттанг их идэхээр бялуурдаг яг л түүнтэй адил. Тиймээс хайр ихэдвэл хайрт чинь танаас хөндийрөх болно шүү. Эрчүүдээс хаана, хэнтэй, юу хийсэн гэж бүү шалгаа. Энэ бол тэдний хамгийн дургүй юм. “Би чамд хайртай” гэж байнга битгий хэл. Ийм үг тэднийг уяраах нь байтугай харин ч бүр ядаргаатай тээртэй санагддаг. Хэт нялуурал тэднийг залхаадаг.
“Худлаа яриад л” гэж бүү хэлж бай. “Тэртэй тэргүй надад итгэдэггүй юм чинь” гээд улайм цайм худлаа ярьдаг болчихно.
Хэрэлдэхдээ бүү уйл!
Хэрүүлийн үгээ нулимстайгаа хослуулах нь өрөвдөх бус харин ч бүр үзэн ядах сэтгэлийг эрчүүдэд төрүүлдэг. Усан нүдлэх нь гоо сайханд чинь эсрэгээр нөлөөлдөг гэдгийг санаж яв.
Эргэн тойронд чинь байгаа эрчүүд бүгдээрээ сайхан, бас бүгдээрээ танд анхаарал халамж тавьдаг байлаа ч хүний хамгийн анхны ханийг гүйцэх эрхэм нандин, үнэнч сайн хүн хаана ч байдаггүй юм шүү.
URL: