“Самурай” бондоос 24.3 тэрбум төгрөг орж ирсэн
Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатаас “Самурай” бондтой холбоотой зарим асуултад хариулт авлаа.
-Өнгөрөгч оноос яригдаж эхэлсэн “Самурай” бондын эхний ээлжийн мөнгө манай дансанд орж ирсэн гэх юм. Үнэн юм уу?
-Бондын эхний санхүүжилт өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ний өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны дансанд орж ирсэн. Нийт 30 тэрбум иенийг авахаар болсон. Эхний ээлжийн 24.3 тэрбум иен манай дансанд орсон байгаа. Бусад санхүүгийн эх үүсвэрүүдийг бодвол бага зардалтай бүтсэн. Бондын мөнгийг ХААН, Худалдаа хөгжлийн банкуудад байршуулсан. Хүүгийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Эрсдлийн зардал гэх зүйл яригдах юм. Энэ тухай тодруулаач?
-Японы олон улсын хамтын ажиллагааны банк баталгааны шимтгэл гэж 5.7 тэрбум иенийг суутгасан. Энэ нь 10 жилд гарах эрсдлийн нийт зардал гэсэн үг. Тэгэхээр Монгол Улс цаашдаа зөвхөн 1.52 хувийн хүү төлнө гэсэн үг. Манай зуучлалыг Япондоо тэргүүлдэг үнэт цаасны хөрөнгө оруулалтын хоёр компани 0.1 хувиар зуучлалын хөлсөө тооцсон. Энэ нь олон улсад бонд гаргадаг зарчим юм.
-“Самурай” бондыг гаргах шийдвэртэй зэрэгцээд шүүмжлэлүүд ч өрнөж эхэлсэн. Тухайлбал, өмнөх “Чингис” бондын өрөө дараагүй байж, дахиад өр тавьж байна гэх мэт. “Самурай” бонд өр мөн үү?
-Ер нь бол бонд гэдэг зээлийг үнэт цаасжуулсан хэлбэр. Тэр утгаараа бид зээл авч байгаа. Гэхдээ бид энэ зээлийг УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу төсвийн алдагдал нөхөх, нийгмийн халамж тараахад зарцуулахгүй.
Өөрөөр хэлбэл, бид энэ мөнгийг “идэж уухгүй”. Зөвхөн эдийн засгийн үр ашигтай томоохон хэмжээний хөгжлийн төслүүдэд зарцуулна. Тэр утгаараа хямд эх үүсвэртэй зээлийг аваад, Монголдоо нэмүү өртөг үйлдвэрлэдэг салбаруудад оруулаад, түүнийхээ эдийн засгийн үр ашгийг ирээдүйд хүртнэ. Бондын өрөө төлөөд явахад асуудалгүй. Манай улс шиг улс тэгж л ажиллах ёстой. Тэгэхгүй бол цэвэр дотоодынхоо хөрөнгийн нөөцөөр хөгжинө гэдэг боломжгүй. Зуун жилийн дараа хөгжих юм уу. Тийм болохоор бид аль болох хурдан хөгжих, бүтээн байгуулалтын ажлыг дорвитойгоор, санхүүжүүлэх чиглэлд ажиллана.
Одоо “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллараар хийх ажлын хуваарилалт яригдчихсан. Тэр хэмжээний ажил манайд хийгдэнэ гэсэн үг. Гэтэл энэ маань хангалтгүй байна шүү дээ. Бид энэ мөнгөөр энэ ондоо багтаагаад зургаан аймгийг нийслэлтэй автозамаар холбох гэж байна. Гэтэл манайх 21 аймагтай. Үүнээс дахиад 5-6 аймаг нийслэлтэй автозамаар холбогдоогүй. Ийм нөхцөлд дотоодын худалдаа хөгжих ямар ч бололцоогүй юм.
-“Чингис” бондын мөнгийг шууд үр ашгаа өгдөггүй дэд бүтцийн төслүүдэд зарцуулсан гэж шүүмжилж байгаа. Энэ бонд ч бас тийм замаар орох вий гэх болгоомжлол байна?
-Дэд бүтцийн төсөл рүү бид хөрөнгө оруулалт хийхгүй бол дараагийн шатны өөрийн гэсэн ашигтай, арилжааны төслүүд гарч ирэх нөхцөлгүй болчихож байгаа юм. Зөвхөн Улаанбаатарт, эсвэл зөвхөн Өмнөговьд л том төсөл байж болдог, тэндээ хүн амьдарч, орчин үеийн эдийн засагтай байж болдог гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Бид орон даяар шаардлагатай дэд бүтцийг нь тавьж өгөх ёстой.
Тэр дэд бүтэц дээр тулгуурлаж дараагийн шатны төслүүдийг санхүүжүүлэх шаардлагатай болж байгаа юм. Жишээлбэл, бид Тавантолгойгоос Гашуунсухайт руу төмөр зам тавиад нүүрсний тээвэрлэлтийн одоогийн өртгийг хоёр дахин бууруулах боломжтой. Тийм төмөр замыг тавьж байна.
Тэр төмөр замыг тавихгүй бол тэнд байгаа нүүрсний уурхай ашигтай ажиллах нөхцөлгүй байгаа юм. Гэх мэтчилэн улсын хийх ёстой ажил юу вэ гэхээр хувийн хэвшил өөрсдөө ирээд, төсөл хэрэгжүүлээд, ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тэр гол нөхцөл нь дэд бүтэц болж байгаа юм. Улс хувийн хэвшилтэй булаацалдаад шууд өөрийнхөө бэлэн мөнгөний урсгалаар өөрийнхөө зардлыг хаах төслүүдэд орох нь утгагүй.
Улс харин тийм олон төсөл бий болж, нэмүү өртөг үүсгэх, түүнийг хувийн хэвшил зах зээлийнхээ шаардлагаар бий болгоод, аваад явах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ерөөсөө л цэвэр дэд бүтэц. Тийм ч учраас “Чингис” бондын зарцуулалт дэд бүтэц рүү маш их хийгдэж байгаа.
М.Мөнхтунгалаг
URL: