Цагаан сар ба дэлбэрэлт

Хамгийн сайн дэмжлэг бол хориг хаалт юм гэдэг ээ. Өнөөгийн бидний хөөрөлхөх дуртай алдарт хөх толбо, Чингисийн удам хэмээх дүв­чиг­нэл, наадмаасаа хэтийд­сэн наргиан, Цагаан сарын доргио энэ бүгдийн гол хөө­рөг­дөгч нь чухамхүү хаалт, хоригийн үр билээ.

Социалист дэглэмийн жилүү­дэд үндэсний гэх бүхий л бахархлыг үгүйсгэж, өвөг дээсийнх нь баатарлаг түү­хийг хориглож ирсэн. Монгол­чууд 1921 оны ардын хувьсга­лаас өмнө хоньтойгоо цуг бэлчиж байсан. Чингис хаан бол өөдгүй новш төдийгүй, монголчуудыг мөхөөсөн хүн гэж сурталчилж, үүндээ итгэ­хийг албадах төдийгүй тулгаж байлаа. Гэтэл төрт ёсны 2000 жил, эзэнт гүрний 800 жилийн түүхтэй, тэр нь хүний түүхийн шастирт арилшгүй мөрөө үлдээсэн тийм аугаа үндэст­ний үр ач нар өвөг дээдэс, туулсан замналаараа бахар­хах­гүй яаж оршин тогтнох юм бэ?

Өдөр бүр нь омог бахар­хал нь цээжинд нь буцалж, уур утааг нь хамраараа гар­гах­гүй хэмээн дарсаар далан жилийг үджээ. Дотор нь ус буцалж байгаа савыг бин битүүлэх ямар байдаг билээ. Монгол хүний үндэсний бахар­хал яг л даралтын тогоонд буцалж байгаа ус шиг болж байсан хэрэг. Ингээд одоогоос хорин жилийн өмнө энэ таг нээгдсэн юм. Жирийн саванд буцалж байсан усны тагийг авахад ердөө л уур савсана биз. Харин даралт­тай тогооны тагийг авахад дэлбэрэлт үүснэ. Манайхан сайн мэднэ дээ, хорхог бууда­хаараа яадаг билээ. Тэрнээс ч нэт юм болсон. Ингээд олон жилийн даралт доор битүү  буцалсан үндэсний бахархал хэвийн биш байдлаар дэлбэ­рэн гарчээ.

Хэрээс хэтэрсэн энэ дэл­бэ­рэлт монгол хүний түүхийг супер болгож юун бичнээс үүсэх тэнгэрээс тасарсан элемэнт болгож хувирав. Атом цөмийн нууц, цөмийн өрнөх гинжин урвал өдөөх аргыг монголчууд мэдэж байсан төдийгүй, их хаан маань квантмеханикийн үндсийг ан хийх зуураа ярьж байсан байж мэдэхээр болов. Нэгэнт тэнгэрээс гаралтай учраас монгол хүний бие махбод, эрүүл мэнд бусад үндэстнийхээс хамаагүй сайн гэдэгт хүртэл үнэмших болов. Санах хүн байгаа л байх, “Монгол хүнд ДОХ тусдаггүй юм гэнэ. Айраг, тарваганы мах хоёртой л холбоотой юм байх” гэсэн яриа явдаг байсныг.

Наадам, найр ч тэр. Наадмыг хэдийгээр хориглож байгаагүй ч гэсэн хаалт хорионд байсан үндэсний хувцас, зан заншлаа сэргээх том талбар болов. Боломжтой болгон морьчин болоод засаг төрд зүтгэснээсээ илүү морь сойсноороо алдаршиж, гуч дөчин градусын халуунд савхи, үйтэн хуаран дээл өмсөөд бүтэж үхэн алдан хайлж яваа нь мөнөөх л дарам­танд хураагдсан үндэс­­ний бахархлын нэгэн дэлбэрэлт байлаа.

Хориг хаалттай байсан уламжлалт Цагаан сар мөн л нэгэн дэлбэрэлт болов. Ихэс дээдэс ууц тавьж, эгэл нэг нь хавсай боовоо өрөн шинэл­дэг байжээ, эрт үед. Дэлбэ­рэл­тийн үеэр айл болгон ууц тавьж, ул боов өрөн Богдын­хоо зиндаанд золгох болов. Бэлэг сэлт ч “Есөн цагаан” гэдгийн хэмжээнд дөхөж, нэрэл­хүү мөртөө тамир суу­гаа­гүй жирийн олон нэрвэг­дэж эхэлжээ. Гэхдээ Цагаан сараа хэр хэмжээнийхээ дээд цэг дээр тэмдэглэсэндээ бүгдээрээ бөөн кайф байлаа.

Зарим хэсэг нь энэхүү хэр хэмжээнээсээ хэтэрсэн үзэгд­лийг шоолж, элэглэсэн, хөр­сөн дээрээ эргэж буухыг ятга­сан нь нэг бус. Бас ер нь шүүмжилж, муулж байвал л сүрхий хүн болдог гэж итгэдэг нөгөө нь “очиж очиж оймс бэлэглээд байхдаа яадаг юм бэ”, “Даан ч дээ,  Эрээний юм бие биедээ өглөө, ингэж ч амьд явах гэж” гэхчлэнгээр шогшрон хангинасан нь бишгүй.

Уламжлалт цаг тоолол, Цагаан сарын талаарх мар­гаан ч харьцангуй намжиж эхлэв. Монголчуудыг Нангиа­дын тоололтой болгох, эсвэл уламжлалт тооллыг нь устгаж хаях санаа бол хэнд ч байгаа­гүй байх аа. Харин улам, улам үндэсний, улам эртний бол­гох л гэсэн санаа байсан болов уу? Хүннүгийн үеийн, Чингисийн үеийн тоолол гэхч­лэнгийн үгс их л сонсог­дож байсандаг. Учир мэдэх боловсролтой хэсэг нь энэ үзэгдэлд хамрагддаггүй байс­наас биш  “Неандарьталийн үеийн цагаан сар, Шинэ чулуун зэвсгийн шинийн нэгэн” гэхчлэнгийн нээлтүүд цуврах л байсан хэрэг.

Цаг хугацааг хэмжиж заншсан бидний нэгж ба нар сар, одны хөдөлгөөний дав­тамж хоёр зөрөөд байдаг. Энгүүнээр хэлэхэд фиит, метр хоёрыг, эсвэл литр галлон хоёрыг юм уу тохируу­лах гээд нэмж хасаад явж байгаатай адил зүйл. Сарны нэг хоног буюу тэнхлэгээ бүтэн эргэх хугацаа нь манай гаригийн хронометрээр 29,5 хоног. Тэр мэтийг тааруулах гээд нэмж хасдаг. Нэмж хасахдаа дураараа хийдэггүй тогтоосон программыг ашигладаг учраас зориуд маргаан багатай өдрүүд дээр нэмэх, хасах гэхчлэнгээр хэл амнаас зайлуулах боломж бас гардаггүй юм билээ.

Бидний албан ёсны цаг тооллын шинэ жил нэгдүгээр сарын 1-нд эхэлдэг. Манай­хан ёолк хэмээх энэ баяраа ямар ч хэл амгүй,  хэрүүл шуугиангүй тэмдэглээд болоод ирсэн. Хоёрдугаар сар нь хэд хоногтой байгаад хэзээ ч  ач холбогдол үзүүлж маргаж явсангүй. Зүгээр тэмдэглээд байгаагийн учир нь ямар ч хориг, хаалтанд ороогүй, өөрийн зөнгөөр явж ирсэнд байгаа. Хэрвээ нийтийн он тооллын шинэ жилийг тэмдэглэхийг хориг­лож байсан болж гэм өнөө­дөр ёолк хийх гэж алж хаяж байгаа. Айл болгон өвлийн өвгөн захиалах, заавал  ч үгүй амьд гацуур авчирч гэртээ зоох, хүний тоогоор шам­паанск буудуулах, за тэгээд дээр нь өчнөөн юм шинээр нэмчихсэн тууж яваа.

Дарамт, хоригийн хаалт онгойсноос хойш хориод он өнгөрсний дараахь өндөр­лө­гөөс эргэн харахад дэлбэрэл­тийн уур харьцангуй намжиж эхэлж байна. Нэгэнт хураагд­сан даралт шингэрэхийн хэрээр хэвийн байдал эргэн ирлээ. Цагаан сар,  наадам жирийн сайхан баяр хөөр, бэлгэдэл болон хөрсөн дээрээ бууж эхэлж байх шиг байна.

Баяр гэдэг бол хүмүүс массаараа хийдэг ховс,  ний­тийг хамарсан баяр хөөрийн бясалгал. Шинийн нэгний өглөө бүх хүн баярлаж явахыг хараад дотор цэлмэдэг, наад­мын тоосон дунд ороод явчи­хад сэтгэл хөөрдөг, уралдаж яваа морь харахад самсаа шархирдаг. Шинийн нэгний өглөө уурласан хүн таардаг­гүй, дандаа хөөрч догдолсон, ирээдүйдээ итгэсэн ах дүүстэй учирна. Сайхан даа.

Шинийн нэгний өглөө “Сайн гэж заагдсан” чиглэлд мөрөө гаргаад, гарч буй жилийн туршид ажил үйлс бүтэлтэй сайхан явна даа гэж бодох гоё шүү дээ. Бие бие­дээ оймс бэлэглэхэд муухай юм юу билээ. Ямар ч байсан хүн болгоныг нэг нэг оймс хувиасаа гаргаж улсад тушаа­хыг үүрэг болгосон биш. Бэлгэнд авсан оймс багтаж шингэхгүй илүүдээд байвал ядууст, эсвэл зуданд нэрвэгдсэн аймагт, хөдөөний­хэн голно гэвэл үгүйдээ Суда­ны дүрвэгчдэд илгээж болно ш дээ.


URL:

Сэтгэгдэл бичих