Жаран овогт Т.Даваасамбуу Хайрт хүүдээ зориулав
Тэнгэрээс гэрэлтсэн оддын гялбаа
Тэртээгээс буусан аниргүй бороо
Тэмдэгтээс ялгарах Монгол тамга
Тэргэл сарны аниргүй болзоо
Дээрээс хялмах цасан найраг
Дэлхийгээс дуудах ариун бороо
Дэнжийн цэцэгсийн намуун шүүдэр
Дэвэрч даргих сүүн цацал
Биенээс тасарсан амьдралын минь үргэлжлэл
Бүлээн сэтгэлийн цэнгэг горхи
Биелээд ирэх хорвоогийн бүүвэй
Бүтэн сарны чимээгүй үдэш
Салхинд найгах зэгсний орой
Саравчлан хүлээх хүслийн биелэл
Саатан зорчих огторгуйн чимээ
Сэрээд харах нүдний минь баясал
Эсгий үнэгний өөдөсхөн хурай
Энгэрт саамшрах ээжийн мөөм
Элгэнд дэвтэх хүүгийн тавилан
Эрчлээд мушгирах хүйн холбоо
Гялбаад буудалсан хайрын цучил
Гэрэлтээд тойрсон насны минь жаргал
Гэгэлзүүлээд асгаруулсан аньсагны минь нулимс
Гэрэлтэж ассан тулганы минь тойрог
Тэвэрт нялхарах гэгээн аялгуу
Тэнгисээс тунгаасан болор сувд
Талд дүнхийх нүцгэн хайрхан
Тэрүүхэнд нүүдэллэх өнгөт солонго
Борхон зүрхэнд булиглах бодрол
Бүхнийг умартах дурлалын минь бичээс
Бүрэлдээд гүйцэх яруу ухаан
Бүрэнхий алсаас тодрох гэрэл
Алсаас дуниартах нутгийн минь зэрэглээ
Алган дээр нахиалах эхийн цагаан сүү
Арвин буудайны тогтсон нэгэн тавилан
Арын сайхан толгой Мандал овоо
Миний хүү аавдаа ийн буюу.
URL: