Нүүрснээс нефть гаргаж, дотоодын хэрэгцээгээ хангана гээд байсан, ХААНА БАЙНА
Монгол улс байсхийгээд л бензин түлшний хомсдолд орно. Хомсдолд орохоороо л “газрын тосны үйлдвэртэй байсан бол юу гэж ингэхэв” хэмээн дээр дооргүй шогширно.
Орос руу тэр тусмаа манайхыг хааяа чангалах дуртай “Роснефть” компанийн удирдлага руу манай ерөнхийлөгчөөс эхлээд агентлагийн дарга, мэргэжилтнүүд утсаа улайстал ярьж царай алдана. Нэлээд гуйлгаж овоо шантаажилсныхаа дараа бензин тосоо нийлүүлээд эхэлнэ.
Шатахууны бараа харангуутаа шогширч байсан дарга нар үйлдвэр байгуулах талаараа дурсахаа ч болино. Газрын тосны үйлдвэртэй болоё гэхээр дуугаа хураачихдаг юм гээд яригдаад байсан, тийм л болж таарлаа.
Уг нь газрын тосны үйлдвэр байгуулахад Монголчуудад туршлага байгаа гэж жирийн иргэн ч хэлээд байгаа. Одоогоос 60 жилийн өмнө Зүүнбаянд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, 20 жил тасралтгүй ажиллаж байсан. Техник, технологи хангалттай хөгжсөн энэ үед болохгүй зүйл гэж баймгүй.
Мөн нүүрснээс нефть гаргах талаар манай эрдэмтэд судалж судалгаа шинжилгээний ажил аль хэдийнээ бэлэн болсон гэдэг. Зардал өндөр гарахгүй гэдгийг ч тэд баталж байгаа. Нефтээс гадна дагалдах олон бүтээгдэхүүн нүүрснээс гаргаж болно гэж эрдэмтэн мэргэд хэлсээр удаж байна. Нүүрсний нөөц ихтэй манай оронд энэ хувилбар яв цав тохирч байна. Гэтэл нүүрсээ,газрын тосоо түүхийгээр нь гадагш гаргачихаад хэд дахин өндөр үнэтэй түлш шатахуун худалдан авч суух сонирхол байгаад байгаа л юм даа.
Өөрсдөө нүүрсээ боловсруулж, түлш үйлдвэрлээд экспортлох юм бол үнэ цэнэ, ашиг орлого нь тэр хэмжээгээрээ өснө гэдэг хэнд тодорхой.
Газрын тосны нөөц дэлхий даяар багасаж үнэ нь тэнгэрт хадах цаг ирээд байхад нүүрс хэмээх энэ их баялгаа ашиглаад нефттэй болох боломж манайд дүүрэн байна. Монголын эрдэмтэд инженерүүд хангалттай судалгаа хийгээд нүүрснээс нефть гаргаж болно гээд байхад анхаарна, анхаарна гэчихээд анхаарч үзсэн нь хаана байна, энэ төр засаг.
“2012 он гэхэд нүүрснээс нефть гаргадаг болчихсон байна, тэр үед дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангачихна” гэж дөрвөн жилийн өмнө айлдаад байсан, одоо сураг ч үгүй байж байна. 2012 он нь хаяанд ирсэн байхад жилийн дотор л хийчихдэг болоогүй юм бол энэ яриа үлгэрийн замаар оров бололтой дог. Сонгууль дөхөж байхад тэгж хэлсэн санагдана. Одоо 2012 оны сонгууль дөхөхөөр нэг тэгж хэлчихснээ санаад “2016 он гэхэд нүүрснээс нефть гаргана, дотоодын хэрэгцээгээ хангана” гээд л хэлэх байх даа. Уул уурхайн чуулга уулзалтууд хэзээ, хаана болох вэ?
П.БОЛОРОО
URL: